Хаврын тэргүүн сарын сүүлчээр эхэлсэн цочир хүйтрэл энэ сарыг 10-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн. Уржигдар л гэхэд Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий, Ховд аймагт салхи 14-18, зарим үед 24 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурчээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол суманд цас орсон байна. Энэ үеэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас хойш 20 км зайд “Зэрлэг” гэдэг газарт өвөлжиж байгаа иргэн Д-ийн малыг хариулдаг 48 настай, эрэгтэй Б нь 400 гаруй бог малаа хариулж яваад сураггүй алга болсон байна. Мэдээллийн дагуу тус сумаас эрлийн хэсэг гарч, гэрээсээ баруун зүгт 5-6 км зайд төөрсөн байсныг олсон байна. Мөн тус аймгийн Баруун-Урт сумын Энх-Амар, Шаргын уулын зүүн талд өвөлжиж байгаа иргэн Б, Х, А нар малдаа яваад төөрсөн байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эсэн мэнд олжээ. Бас энэ өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутаг Хөтөл гэдэг газарт Улаанбаатар хотоос Бор-Өндөр тосгоны чиглэлд явж байсан 17 хүн, хоёр хүүхэд тээвэрлэж явсан автобус цасанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн цаснаас гаргасан байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 3.010.235 толгой мал хорогдсоны 287.606 бод, 2.722.629 бог байгаа нь өмнөх хоногоос 86.242 толгой малаар нэмэгдсэн байна. Цасан болон шороон шуурга шуурсан зарим аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай утсаар холбогдож байдал ямар байгааг тодрууллаа.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ш.Лхагвасүрэн:
-Нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн. Энэ сар дуустал хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мал төллөлтийн үеэр хэцүүдэх нь. Ялангуяа аймгийн төвд байгаа малтай иргэдийн мал хамар хатгах өвсгүй болж байна. Учир нь тэд хадлан бага бэлтгэж тухай бүрд нь өвс, тэжээлээ худалдаж авдаг. Гэтэл аймгийн хэмжээнд өвсний нөөц хомсдсон.
Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантөмөр:
-Хоёр өдөр дараалж цасаар шуурсан. Өдөр ирэх тусам цагийн байдал хүндэрч байна. Өвөл ядарч сульдсан мал хаврын хавсарганд улам дордох шинжтэй байна. Нөөцөд байсан өвсөө сумдууддаа хуваарилаад дууссан.
Өнөөдрөөс 6-нийг хүртэл зарим газраар цас орох аж. Ихэнх нутгаар салхи 18-20 м/секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах гэнэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 37-42, өдөртөө 23-28, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 33-38, өдөртөө 19-24, Алтайн нурууны өвөр бэлийн нутгуудаар шөнөдөө 12-17, өдөртөө 0-5, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн байх юм байна.
С.Батзаяа

Уншигчдын сэтгэгдэл