МОНГОЛ УЛСАД ГАВЬЯАТ ЦОЛТОЙ ГАНЦХАН СУВИЛАГЧ БАЙДАГ ГЭВЭЛ ИТГЭХ ҮҮ?

2011-07-07 11:37:26

“Өнөөдөр” сонины редакцын уулзалтад энэ удаа Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Я.Амаржаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга С.Эрдэнэтуяа, тус газрын сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа, П.Н.Шастины клиникийн төв эмнэлгийн Сувилгааны албаны дарга Ш.Цэрмаа, ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн Сургалтын албаны дарга С.Оюунчимэг, “Сувилахуйн амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Сүрэнхай, Улсын клиникийн төв эмнэлгийн эм судлаач, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхтуяа нар оролцож, сувилагчийн нийгмийн асуудлыг хөндөж ярилцлаа.

 

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг хамгийн гол хүмүүс бол эмч нараас илүү сувилагчид байдаг. Монгол Улсад өнөөдөр хэдэн сувилагч байна вэ. Жилдээ хэдэн хүн энэ чиглэлээр бэлтгэгдэж байна?

 

 С.Эрдэнэтуяа: 2010 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 39.000 гаруй ажилтан байна. Үүний 9100 нь сувилагч. Энэ нь эрүүл мэндийн салбарт 23 хувийг эзэлж байгаа. Сувилагчдын 98 хувь нь эмэгтэйчүүд. 48 хувь нь 40-өөс дээш насныхан. Өнгөрсөн оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн есөн сургууль сувилагч бэлтгэж байна. Олон улсын төвшинд нэг эмчид 3-4 сувилагч ногдож байхад сувилахуйн тусламж үйлчилгээ хангалттай сайн хүрнэ гэж үздэг. Манайд өнөөдрийн байдлаар нэг эмчид нэг л сувилагч ногддог. Эрүүл мэндийн яамныхны тооцоолсноор нэг эмчид 3-4 сувилагч ногдоно гэж бодоход өнөөдөр 14.000 сувилагч ажиллах шаардлагатай байгаа. Цаашдаа сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын төвшинд хүргэе, чанарыг сайжруулъя гэвэл сувилахуйн мэргэжилтний тоог нэмэх шаардлагатай.

 

 -Сувилагч нар хамгийн хүнд ачааг үүрдэг хэр нь хамгийн бага цалинтай гэдэг. Сувилагчдыг мэргэшүүлэх, цаашид сургаж ахуй амьдралыг нь дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Яамнаас үүнд ямар анхаарал тавьж байна вэ?

 

 Я.Амаржаргал: Манайд олон жилийн турш сувилагч нар эмчийн туслагч маягаар явж ирсэн. Дэлхий нийтийн хандлага ч ийм байсан. Эмч эмчилгээ хийдэг, сувилагч тариа хийдэг, тусалдаг. Сүүлийн үед сувилахуйн хөгжил маш өндөр төвшинд хүрсэн. Сувилагч эмчээс дутахгүй боловсролын зэрэгтэй, өөрөө онош тавиад сувилахуйн арга зүйгээр эмнэлгийн тусламжийг үзүүлдэг хандлага руу шилжих зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байгаа. 70 жилийн турш сувилагч эмчид туслаад, эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийдэг байв. Одоо бид энэ тусламж үйлчилгээгээ олон улсын төвшинд хүргэхийн тулд сувилахуйн тусламжийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сувилагч эмчийн бичсэн зааврыг дагахаас гадна өвчтөнийг хүлээж аваад юу хийх вэ, ямар онош тавих вэ, эмчилгээний хажуугаар ямар сувилгаа хийх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Тэгэхээр бодлогын төвшинд хийх ажил их байна. Ер нь өмнөхөөс өөр болсон шүү. Бакалаврын сувилагчид төгсөж байна. Манайх ч энэ төвшинд хүрэх ёстой гэдгийг сувилагч нар мэдэрдэг, мэддэг болсон. Эрүүл мэндийн яам төдийгүй анагаахын боловсрол олгож байгаа сургуулиуд маш сайн ойлголт өгөх хэрэгтэй. Манайх энэ хүнийг ийм зэрэгтэй төгсгөлөө, ийм үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг боловсрол олгож байгаа сургуулиуд эрүүл мэндийн байгууллагуудад маш сайн мэдээлэл өгөх, сурталчлах шаардлагатай байгаа.

 

 -Сувилахуйн ухаан өндөр төвшинд хөгжсөн улс орнуудтай харьцуулахад манайд ямар ялгаа байна вэ?

 

 -С.Гантуяа: Ер нь манай яамны зүгээс олон улсын жишигт хүрэхүйц ур чадвар, мэдлэг боловсролтой сувилагч бэлтгэнэ, сувилагчдынхаа тоог нэмэгдүүлнэ гэсэн гол зорилготой. Эрүүл мэндийн яаманд 2005 оноос Сувилахуйн хүний нөөцийн асуудал хариуцсан тусгай орон тоо бий болсон. 2008 онд анх удаа 21 аймгийн сувилахуйн албаны мэргэжилтнүүдийг Хөх хотод танилцах аялалд явуулсан. Сувилагчдыг гадаадад сургах төлөвлөгөө зорилт их байдаг ч хэлний бэрхшээлээс болоод хүндрэл гардаг. Хөх хот яваад ирсэн сувилагчид маань төлөвлөгөө гаргаад, түүнээ орон нутагтаа хэрэгжүүлж өөрчлөлт хийгээд эхэлсэн. Үүнээс хойш яамны харьяа эмнэлгүүд сувилагчдаа явуулах ёстой юм байна гээд Шастины клиникийн төв эмнэлэг, Ховдын Бүсийн оношлогоо, эмчилгээний төвөөс хүмүүсээ явуулж эхэлсэн. Сувилагч бол бие даасан мэргэжил.

Сувилахуйн ухааныг анагаахын бие даасан салбар шинжлэх ухаан гэж үздэг. Сувилагч эмчийн бичсэн тариа хийхээс гадна өвчтөнөө өөрөө оношлоод сувилгааны тусламж үзүүлэх төлөвлөгөө гаргаад ажлаа хийдэг таван шатлалыг 2002 оноос Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Хэдийгээр бид олон улсын төвшинд нь ойртуулж, бодлого боловсруулаад эхэлсэн ч ажиллах хүчний тоо дутагдалтай. Стандартын төвшинд байгаа мэт боловч олон улсын төвшинд эмнэлгийн тусламж үзүүлэхэд тооны хувьд дутагдалтай. Үүнтэй холбоотойгоор сувилгааны тусламж үйлчилгээний стандартыг өөрчлөхөөр ярьж байна. Ер нь өөрчлөлтүүд хийж шат шатанд нь хэрэгжүүлээд явна. Үүнээс гадна 2008 оноос жил бүр Төрийн сангаар сувилагчдыг англи хэлний сургалтад хамруулж эхэлсэн. Энэ жил Сингапурын Наняны их сургуулийн зардлаар тэнд 100 сувилагчийг сургахаар төсөл бичээд өгчихсөн байгаа.

 Т.Сүрэнхай: -Монгол Улс 1968 онд Намын төв хорооны тогтоолоор сувилагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гээд дипломтой сувилагч бэлтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. ДЭМБ-аас Монголд хөтөлбөр хэрэгжүүлж тухайн үед Монголын сувилагч нарыг тусгай дунд боловсрол эзэмшүүлэх ажил эрчимжсэн. Тэгвэл одоо бакалаврын боловсролтой түүнээс дээш магистр, докторантаар олон сувилагч мэргэшиж байгаа. Дэлхийн төвшинд сувилагчдын ажлын гүйцэтгэлийг харахдаа цөөн цагаар, цөөн хүнд үйлчилгээ үзүүлж байж эмчилгээ үйлчил гээ, сувилахуйн тусламж чанартай болно. Манайд хэдийгээр 9000 гаруй сувилагч байгаа ч эмнэлэгт очоод харахад зарим газарт ачаалал өндөр хэвээр л байгаа. Ялангуяа хүүхдийн сувилахуйн тусламж бүр илүү ачаалалтай. Түүнээс болоод сувилагчид ядардаг, бухимддаг.

Өвлийн цагт томуугийн тархалтын үед ажлын ачаалал маш өндөр болдог. Сувилагч дын хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх үнэлэмж хангалтгүй хэвээр л байгаа. Тэр утгаараа Монгол Улсад өнөөдөр Эрүүлийг хамгаалахын цорын ганцхан гавьяат ажилтан сувилагч байгаа шүү дээ. ЭНЭШТ-ийн мэдээгүйжүүлэлтийн сувилагч Гончигийн Өөдөс 1991 онд гавьяат болсон. Тэгэхээр эрүүл мэндийн салбар сувилагч, эмч, эмнэлгийн ажилтан гэдэг гурван хэлхээг нэгийг нөгөөгөөс нь салгахгүй хамтад нь авч үзэх хэрэгтэй. Энэ бол багийн л ажил.Энэ багийн үйл ажиллагаанаас  тусламж үйлчилгээний үр дүн гарна. Дан ганц сувилагчийн ажил сайжирснаар эмнэлгийн ажил сайжрахгүй. Сувилагч мэдлэг чадвараа дээшлүүлж, эмчтэй дүйхүйц хэмжээнд очихын тулд өөрөө боловсрох хэрэгтэй. Бакалавр болохоор дарга хийх гээд байгаа юм биш. Тусламж үйлчилгээний чанар л дээшилнэ. Гол нь богино хугацаанд цөөн хүмүүст үйлчлэх ёстой.

 

-Манайд нэг сувилагч хэдэн хүнд үйлчилж байна вэ?

 

-Нэг ээлжинд 40-50-иад хүнд үйлчилж байгаа.

 

-Сувилагч хэдэн төгрөгийн ямар цалин авдаг юм бэ?

 

Ш.Цэрмаа: -Засгийн газраас баталсан ТҮМ гэсэн жишиг байдаг. 1-4 жил ажилласан сувилагч 237.000, 25-аас дээш жил ажилласан хүн 287.000 төгрөгийн цалин авч байгаа.

 С.Эрдэнэтуяа: -Би нэг залруулга хийчихье. Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг тогтоосон байдаг. Үүгээр бол зарим салбарын цалингийн сүлжээг тусад нь гаргаж цалинг жаахан нэмэгдүүлж чадсан л даа. Сувилагч нар ТҮМ-2 гэсэн шатлалаар цалинжиж байна. Одоо 235.911- 276 .804 төгрөгийн үндсэн цалин авч байна. Энэ бол цалингийн доод хэмжээ. Байгууллагын дарга тухайн хүний ур чадвар, ажлын ачаалал зэргийг харж үзээд нэмэгдүүлэх боломж байгаа.

 

 -Жишээ нь, Цэрмаа сувилагч хэдэн жил ажиллаж байгаа вэ. Хэдэн төгрөгийн цалин явдаг вэ?

 

Ш.Цэрмаа: -Би 17 жил ажиллаж байна. Сувилахуйн албаны дарга хийдэг учир нэг ангилал дээгүүр цалинтай. Одоо бол албан тушаалаар ангилсан цалингийн сүлжээ мөрдөгдөж байгаа.

 

 -Сувилагчийн цалин үнэхээр бага юм байна. Хүнийг машинтай харьцуулж болохгүй л дээ. Гэхдээ машины цахилгааны ганц утас тасарсныг залгуулахад засварчин 30-40 мянган төгрөг авдаг. Тэгвэл хүний эд эрхтэнийг эрүүлжүүлж, хүнд “засвар” хийсэн сувилагч тийм бага цалинтай байж боломгүй санагдаж байна?

 

С.Гантуяа: -Ер нь ганц сувилагч гэлтгүй төрийн албан хаагчид бүгд бололцооны цалин авдаг гэж бодохгүй л байна.

Ш.Энхтуяа: -Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тэр хуульд эмнэлгийн ажилтнуудад тавих торгуулийг хэтэрхий өндөр тавьсан. Энэ хууль гарсантай холбогдуулан сувилагч, ажилчдаасаа санал авсан. Тэгэхэд манайхан юун түрүүнд цалин хэтэрхий бага гэж байна. Манай сувилагчдын тал нь бакалавр зэрэгтэй. Гэсэн ч бакалаврын зэрэгт хүрч цалинжиж чадахгүй байгаа. Ер нь Улсын клиникийн төв эмнэлэг манай улсын урдаа барьдаг хамгийн том эмнэлэг. Хүмүүс манайхныг улсын хамгийн том эмнэлэг цалин мөнгө сайтай гэж ярьдаг юм билээ. Гэтэл үндсэн цалингаасаа 50-100 мянган төгрөгөөр дутуу цалинждаг нь саяхны аудитын шалгалтаар баталгаажсан. Гэтэл ажилчид түүнээ мэдэхгүй явж байдаг. Яагаад тийм болов гэхээр манай эмнэлгийнхэн 2006 онд батлагдсан орон тоогоороо өнөөг хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед манай ажилчдын тоо 600 боллоо, олон байна гэж ярьж байсан. Гэтэл одоо 744 боллоо. Тэгэхээр 600 хүний орон тооны цалинг 740 хүнд хувааж өгдөг учир бага цалинтай байхаас аргагүй.

Үүнийг Эрүүл мэндийн яам мэдэж байгаа. Төсвийн тодотголд оруулсан. Гагцхүү шийдэгдэхгүй удаашраад байна. Энэ төсвачааллаа багасгахын тулд ажлын цагийг 20.00 цаг хүртэл сунгаж ажиллаж байгаа. Ингэлээ гээд
нэмэлт цалин урамшуулал байхгүй. Бид өндөр ээж шиг л ажиллаж байна. Стандартаар бол нэг сувилагч 15-20 хүнд үйлчлэх ёстой. Гэтэл шөнийн ээлжинд 45-50 хүнд нэг сувилагч
оногддог. Дээр нь нэг хүн хүнд ирвэл түүнд л бүх анхаарал төвлөрдөг. Тэгвэл 2-3 хүн зэрэг
хүндэрвэл эмч, сувилагч хоёрихүнд байдалд ордог.

 

-Нэг сувилагчид 45 хүн оногдож байдаг гэнэ. Ийм шалтгаанаас болоод өвчтөн хүндрэх, хүний амь эрсэдвэл яах вэ.  үнийг засаж залруулах тал дээр яам юу хийдэг юм бэ?

 

Я.Амаржаргал: -Орчин нөхцөлөөс шалтгаалан алдаадутагдал гараад хүний амь эндээд байдаг гэж яримааргүй байна. Жишээлбэл, энэ хүний ярианд зөвшөөрөх ч юм байна, зөвшөөрөхгүй ч зүйл
байна. Улсын клиникийн төв эмнэлгийн ачааллыг бид мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг төрийн үйлчилгээний албаны цалингийн сүлжээнээс гаргая гэдэг асуудлыг миний мэдэхийн үе үеийн сайдууд тавьж байсан. Тэгж байж бид эмч,сувилагчийнхаа цалинг нэмж
чадна.
Үүнийг шийдэж чадахгүй явж ирсэн. Харин сая батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тусгай заалт оруулсан.
Үүнд, Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээний доод жишгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл онцлогийг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Энэ бол маш чухал заалт. Үүгээр цалингийн сүлжээг тусад нь гаргах хууль эрхзүйн үндэс нь
нээгдэж байгаа юмийг батлуулахад дэмжлэг үзүүлээч гэж яамны төлөөлөгчдөд хэлмээр байна. 

 

 -Сүлжээг нь тусад гаргавал сувилагчдын цалин нэмэгдэх юм байна гэж ойлгож болох нь ээ?

 

-Үүнийг бид биш УИХ, Засгийн газар шийднэ. Бид нэмүүлье гэсэн саналаа өгсөөр ирсэн. С.Эрдэнэтуяа: Цалингийн асуудал манай яамны хариуцах асуудал биш. Бид саналаа тавьдаг. Боломжийн хэрээр сувилагчдын ажлын ачааллыг харгалзан Эрүүл мэндийн сайдын эрх мэдлийн төвшинд 123 дугаар тушаал гаргуулсан. Энэ нь эмнэлгийн зарим мэргэжилтэн, энэ дотор сувилагч нар орж байгаа. Тэдний цалингийн доод жишгийг нэмэгдүүлэх тушаал гаргасан. Энэ нь тодорхой төвшинд хэрэгжиж эхэлж байгаа. Цалинг нь 50 хувиар нэмэгдүүлж чадаагүй ч, тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Тушаалыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай тооцоо хийгээд, саналаа боловсруулж байна. Сувилагчдын цалин мэдээж хөдөлмөрийн үнэлэмжид нь тулгуурласан цалин биш л дээ. Нэг сувилагчид 45 үйлчлүүлэгч ногдож байна гэлээ.

Сувилагчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр юу хийх талаар нэг хоёр санаа хэлье. Эрүүл мэндийн сайдын тушаалаар сувилагчдыг шаталсан тогтолцоогоор бэлтгэх санал тусгагдаад, БСШУЯ-тай хамтарч ажилласны үр дүнд 2010 онд мэргэжлийн боловсролын индекс дотор сувилагчийг туслах сувилагч, дипломын, бакалаврын сувилагч гэж хэдэн янзаар ангилсан. Туслах сувилагч бол хуучны асрагчийн ажлыг хийнэ. Нэг жилээр суралцаад туслах сувилагч болно. Цаашид суралцаад дипломын сувилагч хийж болно. Мэргэжил дээшлүүлж бакалавр, магистр, докторын сувилагч болох эрх нь нээлттэй. Энэ нь сувилагчийн тоог нэмэгдүүлэх бодлогын нэг хэлбэр. Энэ жил гэхэд 603 сувилагч шалгалт өгсөн, лицензээ авах гэж байна. Энэ мэтээр цаашид сувилагчийн тоог нэмэгдүүлнэ. 2020 онд бид зорилтдоо хүрч нэг эмчид гурван сувилагч оногдох олон улсын стандартад нийцүүлэх зорилготой.

Т.Сүрэнхай: -Сувилагч нар цалин багатай гэж хэзээ ч хэлдэггүй. Амьдралаа болгоод л ажлаа хийгээд явдаг. Ээлжинд гарахдаа өөрийнхөө мөнгөөр хоолоо авдаг. Эрүүл мэнддээ өөрсдөө л анхаардаг. Ажлын хувцсаа өөрийнхөө цалингаар авдаг. Амьсгалын замын халдвар хүчээ авдаг өвлийн улиралд нэг сувилагчид өдөрт 85 хүүхэд ногддог. Өдөрт нэг хүнд цагийн тариа дөрвийг хийнэ гэхэд тэр сувилагч ээлжинд гарах хугацаандаа маш олон хатгалт хийнэ. 12.00 цагийн тариаг 11.30-аас эхлээд 13.00 цаг хүртэл хийх тохиолдол гарна. Ийм үед асаргаа сувилгааны тухай ярих аргагүй. Ер нь эмнэлгүүд өвчтөнд ногдох сувилагчдынхаа тоог нэмэгдүүлж байж чанартай тусламж үзүүлж чадна. Хөдөлмөрийн хөлсний тухай төрийн, төрийн бус байгууллагынхан олон удаа ярьж байгаа ч дорвитой өөрчлөлт гарч чадаагүй. Цалингийн сүлжээний тухайд боловсролоор нь ангилж цалин өгнө гэж байхгүй шүү дээ. Монгол Улсын манлайлах салбар бол эрүүл мэндийн салбар шүү дээ. Бүгдээрээ эмгэг өөрчлөлттэй болчихоод яаж уул уурхай, улс орноо хөгжүүлэх юм бэ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарынхны цалингийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Өндөр цалин өгч байж хариуцлагыг өндөр хэмжээнд тооцно. 200.000 гаруйхан төгрөгийн цалинтай сувилагч тэндээсээ бал, харандаагаа авна.

Бас халаадаа 12500 төгрөгөөр авч байгаа шүү дээ. Үүнийг заавал Ламбаа сайдад хэлэх албагүй. Ийм жижиг асуудлыг эрүүл мэндийн байгууллагууд дотроо шийдэх ёстой байх. Бакалаврын боловсролтой сувилагчийн цалинг нэмье гэхээр үл ойлголцол гардаг. Дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч нарын хийдэг ажил яг адилхан. Гэтэл адилхан ажил хийчихээд цалин яагаад ялгавартай байх ёстой юм гэсэн асуудал гардаг. Тэгэхээр сувилагч нар боловсролын зэргээрээ биш мэргэжлийн ур чадвараараа ажлаа үнэлүүлэх нь оновчтой гэж бодож байна.

 

-Сувилагчид ажил мэргэжлээсээ шалтгаалаад ямар нэг өвчтэй болсон тохиолдолд төрөөс эмчилгээ хийлгэхэд ямар нэг дэмжлэг үзүүлдэг үү?

 

Т.Сүрэнхай: Би Халдвартын эмнэлгийн Сувилахуйн албаны даргаар жил орчим ажилласан л даа. Сүрьеэгийн клиникт ажиллах сувилагч олддоггүй юм. Тэнд тодорхой хэмжээгээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс ихэвчлэн сүрьеэгийн халдвар авсан байдаг. Мөн элэгний С вирустэй эмнэлгийн мэргэжилтэн маш олон болж байна. Зарим нэг үйлдвэрчний байгууллагын санаачилгаар сувилагч, мэс засалчдад В гепатитаас сэргийлэх вакцин хийсэн тохиолдол бий. Ер нь эрүүл мэндийн салбарынхан борви бохисхийхгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарахдаа эрүүл мэнд нь маш их доройтсон байдаг. Үүнд тэдний ажлын орчин, сэтгэл зүй нөлөөлдөг. Мянга мянган хүн нүдэн дээр амьсгал хурааж, сэтгэл санааны тавгүй байдалд ордог. Тийм учраас өөрийгөө хамгаалах асаргаа сувилгааны үндсэн зарчим бий. Хувцаслалт, хооллолт, сэтгэлзүй, ажлын орчин, өөрийгөө асрах чадвар, шинж тэмдгийн сувилгаа гэсэн зургаан зүйлийг сувилахуйн үйл ажиллагаандаа мөрдөх ёстой. Ажлын хувцсыг байгууллага нь жил бүр сольж өгч чаддаггүй. Хөдөлмөр хамгааллын хувцас 3-4 ээлж байж тэр хүн халдвараас өөрийгөө хамгаалж чадна. Байгаа ганц халаадаа маргааш нь өмсөхийн тулд гэртээ аваачиж угаадаг. Тэгээд л гэр лүүгээ эмнэлгийн халдварыг зөөдөг. Хөдөлмөр хамгааллын хувцас сувилагчдын тэргүүний асуудал. Бас сувилагчдын хооллолтын талаар анхаарах юм бий. Судалгаагаар сувилагчид ихэвчлэн эрхтэн системийн эмгэгтэй байдаг нь тодорхой болсон. Энэ нь тогтсон цагт хооллож чаддаггүйтэй холбоотой.

 Ш.Энхтуяа: -Улсын клиникийн төв эмнэлгийн Үйлдвэрчний хорооны хийсэн судалгаагаар сувилагчдын 96 хувь нь ямар нэг суурь өвчтэй. Тэр дундаа хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл хамгийн өндөр байна. Энэ нь нэгдүгээрт, цагтаа хооллож чаддаггүй, хоёрдугаарт нойр алддаг. Нойргүй хононо гэдэг маш их энерги эрчим хүчээ алдаж байна гэсэн үг. Сувилагчийн 200.000 гаруй төгрөгийн цалин хаанаа ч хүрдэггүй. Тэгэхээр тэд өдрийн хоолондоо бууз, хуушуур, заримдаа хачиртай будаа авч иддэг. Цалин буух дөхөөд мөнгөгүй болоод ирэхээр дундаа нэг кг боорцог авч хувааж иддэг. Ингэж л өдрийг өнгөрөөж байгаа. Өвчний шалтгаан амьдрал ахуйтай л холбоотой. Ялангуяа дунд мэргэжилтнүүдийн 40 хувь, эмч нарын 20 хувь нь ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Цалин багатай, ажил ихтэй гэртээ тогтдоггүй хүмүүст хань нөхөр ч олддоггүй юм байна.нийгмийн асуудлыг тандах судалгаа хийсэн. Судалгаанд 190 сувилагч хамрагдсан.

Насны хувьд аваад үзэхэд 31- 50 насны сувилагч судалгаанд хамрагдагсдын 64 хувийг эзэлж байна. Тэдний 52 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, өөрийн эзэмшлийн орон сууц, хашаа байшингүй сувилагч 28 хувийг эзэлж байна. Сувилагчдын өрхийн орлого нь 200-500 мянган төгрөг. Нийт сувилагчдын 75 хувь нь ямар нэгэн зээлтэй амьдардаг нь судалгаанаас харагдсан. Цалингийн зээлтэй нь 52 хувь, лизингийн зээл авсан нь 18 хувь, орон сууцны зээлтэй сувилагч зургаан хувийг эзлэх жишээтэй. Сувилагчдын 91.4 хувь нь 15-30 мянган төгрөгөөр ажлын хувцсаа худалдаж авдаг гэжээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүн сувилагч 71 хувийг эзэлж байсан. Тэдний 28 хувь нь B, 18 хувь нь C вирустэй гарсан. Мөн эм тарианы харшилтай хүмүүс ч цөөнгүй байна.

 С.Гантуяа: -Өнөөдрийг хүртэл эмнэлгийн мэргэжилтнүү- дийн ажлын аюулгүй орчныг хангах стандарт манайд байхгүй. Харин “Эмч сувилагч” хөтөлбөрийг манай газар боловсруулаад удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүллээ. Энэ хөтөлбөрийн нэг том бүлэг нь “Эмч сувилагчийн ажлын аюулгүй орчныг бүрдүүлэх, түүний стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх”. Судалгаанаас харахад эмнэлгийн ажилтан, эмч, сувилагчдын өвчлөл их байдаг. Яагаад гэхээр ажлын аюулгүй орчин бусад салбартай харьцуулахад онцгой нөхцөлд ажилладаг. Халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барих ёстой. Түүнд нь тохирсон хувцас, хамгаалах хэрэгсэл байх ёстой. Энэ стандартыг одоо л боловсрууллаа. Тиймээс уг стандартыг зайлшгүй мөрдүүлж байж хүмүүсийнхээ өвчлөл, эндэгдлийг бууруулна гэж үзсэн. Энэ хөтөлбөрөө УИХ, Засгийн газраар батлуулж үндэсний хөтөлбөр болгохыг зорьж байгаа.

Хөтөлбөрийг маань дэмжээд баталчихвал эмнэлгийн салбарын ажилтнууд эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдэх юм. Эрүүл мэндийн салбар бусдаас ялгаатай нь сургалтыг төрийн санхүүжилтээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараа сургадаг онцлогтой. Сүүлийн таван жилд зөвхөн төгсөлтийн дараах сургалтаар 1094 сувилагчийг бэлтгэсэн. 2008 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар анх удаа сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг Төрийн сангаар сургах, тоог нь нэмэгдүүлэх тушаал гаргаад үүнд 1500 хүнийг хамруулж чадсан. Дутагдалтай байсан бүх мэргэжил, чиглэлүүдээр санал аваад хүмүүсээ бэлтгэсэн анхны том алхам болсон.

Я.Амаржаргал: -Гадаадад очиход эмч, сувилагч нар нь жигтэйхэн сайхан харилцаад л, иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээ авдаг. Монголын эмнэлэгт орохоор урдаас хэг ёг хийгээд таагүй уур амьсгалтай гэж хүмүүс хэлдэг. Энэ нь цалин мөнгөтэй л холбоотой. АНУ-д хамгийн өндөр цалинг мундаг бизнесмэнүүд, Холливудынхан авдаг. Түүний дараа эмч, эмнэлгийн ажилтнууд, хуульчид өндөр цалинтайд тооцогддог. Өндөр цалин авч, эмчилгээ үйлчилгээ нь маш өндөр төлбөртэй байдаг. Хангамж, цалин нь нэмэгдээд байхаар тэр хүмүүс муухай аашлахын аргагүй. Гэтэл манайх эсрэгээрээ эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч хамгийн бага цалинтай. Ачаалал ихтэй. Энэ нь нийгэмтэй холбоотой. Хүн амын дунд өвчлөл их байна. Архаг хууч, суурь өвчин ихтэй. Агаар усны бохирдол, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой.

 

-Сувилахуйн сургууль жилд хэчнээн мэргэжилтэн бэлтгэж байна вэ? Та бүхний яриагаар сувилагчийн эрэлт хэрэгцээ их байдаг юм байна. Энэ эрэлтийг хангаж чадаж байгаа юу?

 

-Манай сургууль 1929 онд байгуулагдсан, 82 жилийн түүхтэй. Монгол Улсад сувилагч, эмнэлгийн мэргэ жилтэн бэлтгэдэг ууган сургууль. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлөх хамгийн чухал асуудал бол сургалт. Хамгийн гол нь эмнэлзүйн сургалт чухал юм. Яагаад гэвэл сувилагч гараараа үйлдлийг хийдэг, хүний биед хүрдэг маш чухал мэргэжил. Тийм учраас технологи үйл ажиллагааг маш сайн хийх ёстой гэдэг үүднээс бид Хонконгийн “Лабдаль” компанитай хамтран олон улсын төвшний лаборатори байгуулсан. Эмнэлгүүдэд оюутнууд дадлага хийх асуудал сүүлийн жилүүдэд бэрх болсон.

Эмнэлгүүд дадлагын оюутныг ажиллуулах сонирхолгүй болсон. 2010 онд Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр манай сургуульд шинжилгээ хийх аппарат, тоног төхөөрөмж бэлэглэсэн. Төгсөж байгаа оюутнууд маань эмнэлэгт очоод орчин үеийн тоног төхөөрөмжин дээр ажиллах мэдлэг мэргэжлийг эзэмших боломж бүрдлээ. Манай сургууль анх удаа “Сувилахуйн хөтөлбөр”-өө магадлан итгэмжлүүлсэн. Энэ нь сувилагч мэргэжилтнийг дэлхийн төвшинд бэлтгэж байгаагийн нэг гол үзүүлэлт юм. Манай сургуулийг жилд 300-гаад сувилагч төгсдөг. Энэ хичээлийн жилд сургуулийн хэмжээгээр нийт 10 мэргэжлээр 534 мэргэжилтэн төгсгөсний 286 нь сувилагч. Олон улсын жишгээр туслах сувилагч бэлтгэхээр өнгөрсөн жилээс шинэ анги нээсэн. Энэ жил 60 хүнийг туслах сувилагчаар бэлтгэх зөвшөөрөл авсан.

 

-Танай төгсөгчдийн хэчнээн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна вэ?

 

-Судалгаагаар манай төгсөгчдийн 89 хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 91 хувьтай байсан.

-Т.Сүрэнхай: Сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас аваад амьдралын эцсийн дохио болсон туйлдаж ядарсан зүрхний цохилтыг сонсох бүрт бүхий л мэдлэг чадвараа зориулж байгаа эрхэм хүндтэй хүмүүс бол сувилагч нар. Тиймээс сувилагчид бол тэнгэрлэг хувь заяатай хүмүүс. Энэ хүмүүс алдар цол, албан тушаалын төлөө явдаггүй. Эгэл жирийн мөртлөө хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллахад бие сэтгэлээ зориулдаг гайхамшигтай хүмүүс юм. Тэгэхээр эднийхээ үйл ажиллагаа, бодол санааг дэмждэг, ойлгодог төр засгийнхан байгаасай гэж хүсэж байна. Аль ч эмнэлгээр орсон сувилагч мэргэжлээ үгүйсгэдэг, мэргэжилдээ дурладаггүй нэг ч сувилагч байхгүй. Тийм учраас  эмнэлгийн байгууллагууд эмч, сувилагчдын өөрсдийнх нь мөнгөөр үзэг, бал, халаад, алчуурыг нь битгий авахуулаач ээ. Байгууллага нь хангадгаараа ханга л даа. Удирдлагын увайгүй унхиагүйгээс болж  бүхий л юмыг сувилагч нарын халааснаас гаргуулах гээд байдаг.

Жижүүрийн эмч нарт хоол өгдөг мөртлөө сувилагч нарт нь өгдөггүй. Ингээд ярих юм бол эсэргүүцэх зүйл зөндөө л бий. Сувилагчдаа дэмжих ёстой.Хөдөлмөрийн үнэлэмжийгнь өндрөөр тавьж өгөх ёстой шүү дээ. 90 жилийн ой болж байгаатай холбогдуулаад эрүүл мэндийн салбараас эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан нэг хоёр, сувилагч төрчихөөсэй гэж бодож байлаа. Эмч нь төрийн шагнал хүртдэг юм бол сувилагч нь гавьяат цол хүртэж яагаад болдоггүй юм бэ. Сувилагч нар энэ сайхан энэрэнгүй үйлсийнхээ төлөө зүтгэх ёстой. Энэ бол бидний хаашаа ч ухарч болохгүй дардан зам байх ёстой. Яг амьдрал дээр сувилагчаас хамааралтай харилцаа хандлагын зөрчил алдаа нэг их гардаггүй шүү. Сувилагчдын нийгэмд болоод эрүүл мэндийн салбарт гүйцэтгэсэн үүрэг асар их. 90 жилийн түүхийн 40 жилийг нь сувилагч нар нуруундаа үүрсэн гэхэд хилсдэхгүй байх.
Энэ мэргэжлийг эзэмшсэндээ би өнөөдрийг хүртэл бахархаж явдаг. Ээж аавыгаа ч асардаг, эгэл олон түмнийгээ ч асардаг. Энэ утгаараа энэ мэргэжлээрээ бахархдаг.

Г.ОЮУНГЭРЭЛ, Э.ЭНХМАА


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
эрдэнэсүрэн 112.72.11.67 2014 оны 04 сарын 20 20:13 Хариулах
сувилагч мэргэжил сайхан мэргэжил нэгт нөхөддөө ажлын амжилт хүсье
55 202.179.11.62 2014 оны 02 сарын 01 15:59 Хариулах
Та бүгддэд ажлын амжилт хүсье дипломын боловсролтой мувилагч нар болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа сувилагч нарын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах цаг нь болжээ
мөнхцэцэг 202.55.191.35 2013 оны 11 сарын 10 10:13 Хариулах
сувилагч нарыгаа дэмжиж явдаг ажилт ий м болохын төлөө
Дэнсмаа 0322 122.201.18.18 2013 оны 08 сарын 25 20:36 Хариулах
Та бүхэн сувилагч бидний төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа юм байна. Та нартаа ажлын амжилт хүсье
пүүжээ 124.158.10*** 2013 оны 03 сарын 02 13:10 Хариулах
сувилахуйн дүр төрх гэж яаг юу вэ? та нар яаж төсөөлж байна энэ асуултанд хариулаад өгөөч
эма 202.9.47.133 2013 оны 01 сарын 13 22:01 Хариулах
тийм шүү би ч гэсэн сувилагч болхоор суралцаж байгаа хүн. сувилагчийн мэргэжлийг ойлгож хүндэлж явдаг бүх хүмүүст баяраллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/