Ар-Хорчин хошуу "Монголын хааны ордны хөгжим"-ийг сэргээн эшиглүүлж, ордны соёлын брэндийг бүрдүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна

2012-07-24 11:06:28

 ӨМӨЗР-ны зүүн хэсэг, Ухаанхад хотын зүүн хойд хэсэгт байрладаг Ар-Хорчин хошуу бол дотоод гадаадын монгол судлалын эрдэм шинжилгээний салбарынханд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын хаант төрийн эцсийн хаан—Лигдэн хутагт хааны нийслэл—Очирт цагаан хотын буурь болон Монголын хааны ордны хөгжмийг судлах чухал бааз юм. Тэндэхийн монголчууд урт хугацааны турш үндэстнийхээ уламжлалт дуу хөгжмийн өв соёлоо дээдлэн хөгжүүлж уламжлан залгамжилсаар ирсэн түүхтэй билээ. Их Монгол ба Их Юань үеэс үүдэлтэй хааны ордны хөгжим бол уг нутгаас илрүүлсэн Монголын хааны ордны нэлээд бүрэн бүтэн хөгжим байгаа юм.

Түүхийн сурвалж бичигт тэмдэглэснээр, 1634 онд Их Монголын Лигдэн хутагт хаан Хойд Алтан улсын Хуантайжид ялагдсанаар, Очирт цагаан хотын эвдэгдэж, үүний улмаар хааны ордонд хадгалагдаж байсан ховор нандин дурсгалт зүйлсийн нэг хэсэг нь иргэдийн гарт орсон байжээ. 1984 онд Ар-Хорчин хошууны соёлын ордны ажилтнууд уг хошууны Гэмпийн сүмээс Монголын хааны ордны хөгжмийн номын 15 бүлэгт тамтархайг илрүүлэв. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, 1955 онд уг сүмийн Даваа гэдэг нэртэй нэг лам Монголын эртний дуу хөгжмийн нэг боть номыг тавдугаар дүрийн Ёнсон гэгээнд өргөсөн байв.

Тухайн үед тэр нь муутуу цаасан дээр бичсэн, утсан үдээртэй нэлээд бүтэн ном байсан аж. Гэвч "Соёлын их хувьсгал"-ын үед Гэмпийн сүм эвдлэгд учирч, урвалга гаргагчид тэр хөгжмийн дэвтрийг булаан аваачсан боловч, азаар "Ачтаны магтаал", "Их Шиван", "Багш дохио", "Адуу хураахуй" зэрэг 15 бүлэг дуу хөгжим нь үлдэж уламжлагдан иржээ. 2009 онд Ар-Хорчин хошуунд болсон Очирт цагаан хотын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал дээр, эрдэмтэн судлаачид энэхүү хөгжмийн ном бол Лигдэн хутагт хааны ордны хөгжим болохыг баримт үндэслэлтэй батлан нотолсон байна. "Чин улсын бүгд хуулийн бичиг"-ийн дөчин хоёрдугаар боть "Монгол хөгжим"-ийн тайлбарт: "Тайзүн хаан\Хуантайж\ Цахарыг төвшитгөөд хөгжмийг олж, Янь хөгжмийн хэсэгт багтаан оруулав. Энэ нь монгол хөгжим юм" гэж тэмдэглэсэн байдаг. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, нот хавсаргасан энэ 15 бүлэг дуу хөгжим нь Тэнгэр тэтгэсэн хааны онуудад засан найруулсан манж монгол хятад гурван зүйлийн үсэг хавсаргасан "Монголын хааны ордны хөгжим"-ийн нэгэн хэсэг нь болох аж.

Монголын Лигдэн хутагт хааны ордны хөгжим бол Монголын эртний хааны ордны хөгжмийн уламжлал болон хөгжлийн үр дүн, яруу бүтээл юм. Монголын хааны ордны хөгжим нь дуу хөгжим ба бүжиг гэсэн 3 хэсгээс бүрдсэн байдаг. Үүнд 80 гаруй аятай бөгөөд тэдгээрийг тоглоход хөгжмийн 18 төрлийн зэмсэг хэрэглэдэг байна. Монголын хааны ордны хөгжим нь богд эзэн Чингис хааны тэргүүн оноос эхлэлтэй бөгөөд Их Юань улсын үед маш ихээр хөгжсөн байлаа. Их эзэн хаан ширээнд суух, насны баяр тэмдэглэх, ван ноёд ба харь гүрний элч зочид их хаанд бараалхах, хааны хатан, ширээ залгамжлах хунтайж нарыг өргөмжлөх, сайд түшмэдэд зэрэг цол соёрхох жич хааны төрөл угсаатны их найр хийх зэрэг чухал чухал үйл ажиллагаа болох бүр ордны дотор дуу хөгжмийн тоглолт тоглуулдаг байв.

Монголын хааны ордны дуу хөгжим нь ая эгшиглэнгийн хувьд сүр хүчтэй мөртөө агуулгын хувьд эзэн хааны магтаал, төр гүрний магтаал, шашин суртахууны журам горим, ардын зүйр цэцэн үгс буюу гүн ухааны сургаал үгс зэргийг хамарч, бүжигт нь голдуу "Бичгийн бүжиг" ба "Цэргийн бүжиг" гэх 2 том төрөл бий.  Сүүлийн жилүүдэд ХКН-ын Ар-Хорчин хошууны хороо, засгийн газар Монголын хааны ордны хөгжмийг илрүүлэх, судлах, хамгаалах, эмхлэх, сэргээх ажлыг маш чухалд үзэж, соёлын байгуулалтын гол чухал салбарын нэг болгосон байна. 2009 оны 10-р сараас эхлэн хошууны төсвөөс тусгай санхүүжилт хийж, Өвөр Монголын Багшийн Их Сургууль зэрэг холбогдох байгууллага нэгжийн дорвитой дэмжлэг дор Монголын хааны ордны хөгжмийг илрүүлэх, судлах, сэргээх, хамгаалах ажлуудыг хийсэн байна.

2010 оны 7-р сард хошууны соёл биеийн тамирын газар 57 тоглогчоос бүрдсэн Монголын хааны ордны хөгжмийн ангийг байгуулж ажиллуулжээ. Хөгжмийн ангийн ерөнхий зохион бүтээгч, урлагийн ерөнхий удирдаачаар Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Хөгжилт, хөгжмийн зэмсэгийн удирдаачаар Өвөр Монголын Дуурийн жүжиг, бүжгийн жүжгийн чуулгын монгол хөгжмийн ерөнхий удирдаач Гуань Чандэ нар тус тус ажиллаж байна. Уг хөгжмийн анги нь эртний монгол хөгжмийн зэмсэг, хувцас чимэглэл, тоглолтын багаж хэрэгсэл зэргийг сэргээн үйлдэж, Монголын хааны ордны хэсэг хөгжмийн төрлийг сэргээж эмхлэн найруулж тоглож байна. 2010 оны 11-р сард Хөх-хотод болсон "Монголын хааны ордны хөгжмийг сэргээх сэдэвт Ар-Хорчин хошууны хариу мэдүүлэлтийн тоглолт" нь дээд шатны холбогдох байгууллагын удирдлага нар, эрдэмтэн судлаачид болон үзэгч олны сайн үнэлгээг хүлээсэн юм.

Одоо, Ар-Хорчин хошууны Монголын хааны ордны хөгжмийн анги Монголын хааны ордны хөгжмийн дотроос 21 төрлийн хөгжмийг сэргээж эмхлэн тоглож байна. Үүнд 6 бүжиг, 3 хөгжим, 12 дуу багтсан байна. Монголын хааны ордны хөгжим 2011 онд ӨМӨЗР-ны биет бус соёлын өвийн жагсаалтад оржээ. Одоо, түүнийг үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулахаар өргөдөл дэвшүүлэх ажлыг Ар-Хорчин хошуу эрчтэй хийж байгаагийн зэрэгцээ, Өвөр Монголын "Хааны ордны соёл"-ын ХХК, "Монголын хааны ордны соёлын судалгааны төв" зэрэг соёлын аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний байгууллага байгуулан, хааны ордны хөгжмийг сэргээх, уламжлах, хамгаалах ажлыг алхам дараатай сайтар хийж, түүнийг шинжлэх ухаанчаар системтэй судлан эмхлэн цэгцлэх, соёлын бүтээгдэхүүн болгох, соёлын солилцоо өрнүүлэх, хааны ордны соёлыг зах зээлийн болгох, брэнд бүрдүүлэх, аж ахуйжуулах чиглэлээр хөгжүүлж байна.

Монгол үндэстний соёлын брэндийг бүрдүүлэхийн тулд, Ар-Хорчин хошуу Чавга суурины Дүн-шань наадмын өргөн талбайг "Монголын хааны ордны соёлын парк бүс" болгон өргөтгөн байгуулж, наадмын талбай, морь уралдах талбар, хааны ордны гэрлэлтийн ёслолын хотхон, хааны ордны хоол ундны соёлын газар, хааны ордны зугаа цэнгээний соёлын газар, хааны ордны тахил тайлгын соёлын газар зэрэг үйлчилгээний иж бүрэн төхөөрөмжүүдтэй, өвөрмөц онцлогтой уламжлалт соёлын аж ахуйн парк бүсийн байгуулалтаа түргэтгэж байна. Үүний зэрэгцээ, Хааны ордны хөгжим, хааны ордны зугаа цэнгээн, хааны ордны найр хурим, хааны ордны хувцас чимэглэл, хааны ордны шашин шүтлэг, хааны ордны гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэргээр гол брэнд болгосон соёлын жуулчлалын ажил үйлсийг дорвитой хөгжүүлж, "Монголын хааны ордны соёл"-оор гол сэдэв болгосон соёлын брэндийг алхам алхмаар бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. \Эх бичгийг О.Дарамбазар, Э.Цогзолмаа\


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Монгол 94.46.241.10 2012 оны 07 сарын 31 07:35 Хариулах
Өмхий муу дөрвөдүүд манжийн Алтан улстай нийлж Лигдэн хаан,Халхын Цогт хунтайж нарыг цохисон гэдэг .Угийн муу үндэс язгууртай ,бодол муутай Исмэл тайжууд.Монголчуудын хувь тавилан Ар,Өвөр бололгүй өөрөөр эргэж болох л байсан.
MGL 74.82.193.134 2012 оны 07 сарын 31 07:28 Хариулах
UNEHEER GAIHALTAI.NEEREE NEG SONSOJ UZEH YUMSAN
дэмбээ 202.131.24*** 2012 оны 07 сарын 25 00:37 Хариулах
яасан сонин юм бэ. ганц ч болов сонсох юм сан. хорчин монголчууд та нар сайн бна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/