Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжигийн цолны найр энэ сарын 9-нд Токио хотын “Okura” зочид буудалд болж, Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми, 68 дахь ёкозүна Асашёорюү нарын 1600 хүн оролцлоо. Харүмафүжи “Энд ингээд зогсож байгаа минь төрүүлж өсгөсөн аав ээж, тусалж дэмжсэн ояката, та бүхний ач тус билээ” хэмээн хурсан олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Шинэ цолтой барилдсан Кюүшюү башёог есөн ялалттай дуусгасан түүнд баяр хүргэхийн сацуу сайн барилдахыг захисан хүн олон байлаа. Исэгахама ояката “Харүмафүжи залуу байна. Тэр улам хүчтэй болж чадна. Би ёкозүна байсан хүний хувьд шавиа улам сайн сургаж, хатуу ширүүн байх болно” гэж хэлсэн бол Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта “Хурд, хүч хосолсон сайхан аварга. Дахин олон түрүүлээсэй” гэж баяр хүргэжээ. Харин Д.Дагвадорж “Би ч гэсэн ёкозүна цолтой анхны тэмцээндээ арав л ялж байлаа. Хоёр дахь тэмцээнээс л жинхэнэ хүч чадал харагдана. Ирэх тэмцээнд л аварга уу, арслан уу гэдгийн ялгаа харагдана” гэж хэлсэн байна.
ХАКҮХОГИЙН талархал
Ёкозүна Хакүхо, озэки Какүрюү, жюүрёогийн Кёкүшюүхо нар Монголд үйл ажиллагаа явуулдаг “Хайрын хишиг” Японы ТББын баярт оролцлоо. Хакүхо тус байгууллагын япон комиксийг монгол хэлнээ орчуулан гаргах, бейсболын хэрэглэл бэлэглэх зэрэг ажилд нь оролцож байсан юм. Хакүхо “Миний эх орон Монголыг хайрлан, хүүхэд багачуудыг нь дэмжиж байдаг та бүхэнд их баяр лалаа. Японд барилдаж байгаа монгол сүмочид цаашдаа та нарын ажилд чадах чинээгээрээ туслах болно” гэж амлалаа.
Кайсэй Японы иргэн болно
Макүүчи зиндааны бразил бөх Кайсэй хэмээх Рикардо Сүгано энэ сарын 11-нд Японы иргэн болох хүсэлтээ тус улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газарт өгжээ. Тэрбээр сэтгүүлчдэд “Зодог тайлсан ч Японд амьдрахыг хүсч байна. Сайхан газар шүү” гэж ярьсан байна. Кайсэйгийн өвөг эцэг нь япон хүн байсан аж. Хуульд зааснаар бол жилийн дараа хариу гарах гэнэ. Сэтгүүлчид түүнээс Токиод болж байгаа клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд танай орноос “Коринтианс” орж байгаа, дэмжиж байна уу гэж асуухад “Би “Сан Паулу-”г дэмж дэг. “Коринтианс” хожно уу байна уу ер сонирхохгүй бай гаа” гэж хариулжээ.
Таканохана намтраа дэлгэв
Энэ жил 40 нас хүрсэн Таканохана оякатагийн намтар “Миний амьдралын зарчим” энэ сарын 14-нөөс худалдаанд гарна. Цагтаа цалгиж, арлын орныг дагуулж явсан Таканохана энэ номондоо төрсөн аав нь хэрхэн Фүтагояма ояката болон хувирч, ааваа гэж дуудаж чадахгүй болсон, хэвлэл мэдээллээр хэрхэн шүүмжлүүлж байснаа дурсаж, хамгийн гол нь хэзээ ч, юунд ч бууж өгч болохгүй гэдгийг уншигч олонд хүргэхийг зорьжээ.
М.СУГАРАА

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: