БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧНҮҮД ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ

Сүүлийн үед хосуудын дунд үргүйдэл ихсэж байна. Үргүйдлийн шалтгаан болон үүнээс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн II амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч З.Хосцэцэг зөвлөж байна.

Хосууд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгүйгээр нэг жилээс илүү хугацаанд бэлгийн тогтмол харьцаанд байхад жирэмслэхгүй бол үргүйдэлт гэж үздэг. Үргүйдэл нь аминд шууд аюул учруулдаггүй ч хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг, эрүүл мэндийн эмзэг асуудал юм. Анхдагч үргүйдэл олон шалтгаантай ч нийт тохиолдлын бага хувийг эзэлдэг. Ийм өвчтэй хүмүүсийн олонх нь хоёрдогч шалтгаан ба олдмол үргүйдэлтэй байдаг. Үүнд хүргэж байгаа гол хүчин зүйл нь бэлгийн замаар дамжих халдварууд юм. Мөн эрэгтэйн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөн, түүний идэвх муу байх, эмэгтэйн сарын тэмдэг тогтмол үзэгдэхгүй, залуу өндгөн эс боловсрохгүй байх, умайн гуурсан хоолойн битүүрэл гэх мэт шалтгаан бий. Иймд юун түрүүнд шалтгааныг олж оношлуулж, эмчлэх хэрэгтэй.

Оношлогооны (Спермограм, дааврын шинжилгээ, гистеросалпинограф, лапароскоп, гистероскоп, эхо, мазокын шинжилгээ авах гэх мэт) олон арга бий. Анагаах ухааны салбарт үргүйдлийг эмийн болон мэс заслын аргаар, зохиомлоор үр тогтоох (хуруу шилэнд үр тогтоох, үр хөврөл шилжүүлэн суулгах) замаар шийдэж байна. Иймд хосууд мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж, үргүйдлээс урьдчилан сэргийлж үрэвсэлт өвчнүүд, бэлгийн замаар дамжих халдварыг цаг алдалгүй оношлуулж, бүрэн төгс эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах нь чухал юм. Орчин үед үргүйдлийг оношлох, эмчлэх боломжууд нэмэгдсээр байгаа тул мэргэжлийн эмчид хандаарай.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/