КАНАДЫН БАГИЙГ МОНГОЛ ХҮН УДИРДАНА

Манай оронд анх удаа болох гэж байгаа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээний оролцогчид түрүүчээсээ Монголд ирж эхэллээ. Канад улсын багийн бүрэлдэхүүнд 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд (51 кг), Жюстин Бушар (63 кг), ДАШТ-ий хүрэл медальт Бриттани Лавердюр (55 кг) тэргүүтэй долоон бөх болон дасгалжуулагч, шүүгчийн хамт иржээ.

Сонирхолтой нь тэднийг монгол хүн удирдаж байгаа бөгөөд УБДС, “Хүч” нийгэмлэгийн тамирчин, “Хилчин” спорт хорооны экс дасгалжуулагч, ОУХМ Н.Лхамсүрэн билээ. Арав шахам жил Канадын Ванкувер хотноо амьдарч буй тэрбээр Канадын шигшээ баг болон “Burnaby Mountain” клубт дасгалжуулагчаар ажилладаг юм.

ХҮНД ЖИНГИЙНХЭН ХАНГАЛТГҮЙ БАРИЛДЛАА

Жүдо бөхийн Пюссельдорфийн гранпригийн эхний өдөр Монголын жүдочдоос Г.Болдбаатар алтан медаль авсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл сүүлийн өдөр Монголын 10 бөх татамид гарсан ч медальд хүрч чадсангүй. Хүнд жингийнхнээс Г.Түвшинжаргал гурав, Б.Жанчивдорж хоёр барилдаан хийж, бусад нь эхний даваандаа дийлджээ. Ийнхүү манай жүдочид нэг алтан медальтайгаар багийн дүнгээр зургаад бичигдлээ. Дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй Франц багаараа өнгөлсөн бол Япон (3-5-4), Гүрж (2-2-3), Бразил (1-2-1), Голланд (1-1-2) удаалсан юм. Нийт 19 орон ямар нэг медальд хүрч, 31 орны бөх медалийн төлөө барилдсан байна.

Д.БАТТУЛГА ХОШУУЧЛАГЧДЫН ЭГНЭЭНД

Францын Канн хотноо болж буй Олон улсын оюуны спортын фестивальд манай улсаас хоёр тамирчин оролцох болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Наадмын даамын тэмцээн эхлээд гурван өрөг тоглоод байгаагаас ДДХМ Д.Баттулга 5 оноо (хоёр хожин, нэг тэнцсэн)- той хошуучлагчдын эгнээнд явж байна. Харин спортын мастер Д.Эрдэмбилиг гурав дараалан тэнцэж, 3 оноотой болжээ.

СЭЛЭГЧИД УЛСЫН ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭВ

2013 оны өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн УАШТ Орхон аймагт өндөрлөлөө. Тэмцээнд М.Дэлгэрхүү (Хангарьд) 100 м-т өврөөр даллах сэлэлтийн төрөлд 00:57.23, 200 м-т өврөөр даллах сэлэлтэд 02:06.83 амжилтаар спортын дэд мастерийн болзол хангалаа. Мөн спортын дэд мастер Д.Золжаргал 50 м-ийн далайн гахай сэлэлтээр 00:31.90, спортын мастер Г.Занданбал (Хангарьд) 200 м-т араар даллах сэлэлтээр 02:16.76, 200 м-ийн мэлхий сэлэлтээр 02:29.42, 1500 м-т өврөөр даллах сэлэлтээр 18:40.19, А.Номин (Хангарьд) 200 м-ийн мэлхий сэлэлтээр 02:53.55 үзүүлэлтээр тус тус улсын дээд амжилт шинэчиллээ. Багийн дүнгээр “Хангарьд”, “MCS Vista”, Монголын усан спортын клуб эхний гурван байрт оржээ.

"ОТГОН ОД" НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ ТҮРҮҮЛЛЭЭ

Монголын хоккейн холбооны 2012-13оны улирлын лигийн тэмцээн “Отгон од-Адамас Фалконс” багийн ялалтаар өндөрлөлөө. Лигийн плей-офф нийслэл хотын “Билэгтхүү” талбайд явагдсан бөгөөд хагас шигшээд “Отгон од” “Багануур”-ыг 2:0 (11:1, 5:0), “Хангарьд” “MCS”-ийг 2:1 (4:6, 9:2, 4:3)-ээр буулган авсан юм. Харин шигшээд “Отгон од” учраагаа 3:1-ээр хожжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтод “MCS” “Багануур”-ыг 8:3- аар буулган авсан байна. Лигийн шилдэг хаалгачаар Б.Мөнхболд (Отгон од-Адамас Фалконс), довтлогчоор Г.Нэгүүн (Отгон одАдамас Фалконс), хамгаалагчаар Э.Эрхбаяр (Хангарьд) нар шалгарлаа. “Отгон од”-ын хувьд 2007 оноос хойш лигт тав дахь удаагаа аваргалж байна. Ч.Пүрэвдаваа ахлагчтай тус баг энэ жилийн тэмцээнд 13 тоглолт дараалан хожихдоо 105 гоол хийж, 18 гоол алджээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/
My name is

Анх “US open”-оос хоёрдугаар байрт шалгарч, шилдэг гольфчдын эгнээнд

Дэлгэрэнгүй