“ЭВТЭЙ БАЙЦГААЯ” ГЭЖ УРИАЛААД, ТӨЛСӨН НЬ ХОХИРСООР БАЙХ УУ

2013-06-04 10:56:37

 “Эрүүл мэндийн даатгалтай ч эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх бүртээ мөнгө төлдөг” хэмээн иргэд байнга гомдоллодог. Үүнийг даган эрүүл мэндийн даатгал байсан, байгаагүй мөнгө төлөх юм чинь гэх ойлголт бий болжээ. “Тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, эрсдэл тохиолдоход тэндээсээ хохирлоо барагдуулдаг систем бол даатгал. Гэтэл манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүнээс огт өөр, өгөөд байхад нэмж авдаг” гэж хэлэх хүн захаас аван бий. Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээгээр, хугацаандаа төлөх үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгал төлснөөр жилд найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг тус даатгалын сангаас төлүүлэх эрхтэй болдог. Тухайлбал, эмнэлэгт хэвтэх, шинжилгээ хийлгэх болон нөхөн сэргээх эмчилгээ буюу рашаан, сувиллын зардал авна. Мөн зайлшгүй шаардлагатай эм авахад үнийн хөнгөлөлт эдэлнэ.

Улсын эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд шатлал, харьяалал хамаарахгүйгээр даатгалын сангаас тодорхой хэмжээний зардал авч эмчлүүлэх боломжтой гээд албаны хүмүүс даатгалын тухай биш, ямар нэгэн ид шидийн тухай ярьж байгаа юм шиг магтах нь бий. Гэтэл шүдээ үзүүлэх, эмчилгээ хийлгэхэд даатгалын нэрээр ердөө 9000 төгрөг хөнгөлдөг. Үүнээс илүү төлбөртэй эмчилгээ хийлгэвэл зөрүүг нь өөрөө өгнө. Зөрүү нь даатгалын хэдэн төгрөгөөсөө хэд дахин өндөр. “Та одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог үнэлнэ үү” гэх санал асуулга www. webdoctor.mn сайтад бий. Уг санал асуулгаар иргэдийн 80 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд муу болон дунд дүн тавьж байгаагаас энэ тогтолцоог хэрхэн үнэлдэг нь харагдана. “Эмнэлэгт хэвтсэний дараа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болохгүй. Эмнэлэгт очиж, эмчилгээ, үйлчилгээ авахаас өмнө зохих журмын дагуу даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулсан байх шаардлагатай. Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлж, тогтоосон үнэлгээний дагуу нийгмийн даатгалын байгууллагаас эмчилгээний зардлын төлбөр хийнэ. Мөн аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газраас зөв шөөрөл олгосон эмийн сангаас зарим эмийг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Энэ мэтээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь тогтсон үнэ, үйлчлүүлэх байгууллагыг нь хүртэл заа сан түвэгтэй ажил болжээ. Сүүлийн үед даатгалын дэвтэртэй атал цахим карт авна гээд улам түвэгтэй болов.

ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН ХЭДЭЭ ХАМТДАА ҮРЭХ ТОГТОЛЦОО

“Төлж байгаа шимтгэлээрээ өөрийнхөө эрүүл мэндийг даатгуулдаг гэж бодсон чинь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь огт өөр байсан. Сар бүрийнхээ цалингаас хоёр хувийг, байгууллагаас бас хоёр хувийг төлж бусдад өгч байна. Хэдийгээр бусдад туслах нь сайн хэрэг боловч өөрийнхөө хөдөлмөрлөж олсон хэдийг дэмий хийсгэж байгаагаас ялгаагүй” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Б.Болор ярив. Даатгалын санд төвлөрч байгаа хөрөнгийн дийлэнхийг бүрдүүлдэг залуу, идэвхтэй ажиллаж буй хүмүүс эмчлүүлэгсдийн тун бага хувийг эзэлж байгаа нь маргаангүй. Эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчимд суурилдаг. Иргэдээс авах шимтгэлээр эрүүл мэндийн даат галын сан бүрдэж, даатгуулагчийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэний төлбөрийг төлдөг. Нэг ёсондоо өвдсөн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлнэ гэсэн үг. Хүн бүр даатгал төлдөг ч зөвхөн өвдсөн хүмүүс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, түүнийг нь даатгалын сангаас төлдөг учир эв санааны тог толцоо гэх. Цалингаасаа сар бүр шимтгэл төлөөд байгаа боловч үйлчилгээ аваагүй иргэд бухимдах нь аргагүй. Яагаад өөрийнхөө төлсөн мөнгийг хуримтлуулж, хааяа нэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахдаа даатгалын сангаас бүх төлбөрөө гаргуулж болохгүй гэж. Шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчдын мөнгө эрүүл мэндийн даатгалын сангийн 83.5 хувийг бүрдүүлдэг. Гэтэл тэд нийт зард лын 17.1 хувьтай тэнцэх үйлчилгээ авдаг. Эсрэгээрээ эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцан төлдөг иргэд даатгалын сангийн 12.6 хувийг бүрдүүлдэг боловч нийт зардлын 62.9 хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байх жишээтэй. Манайхны дийлэнх нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан өнөө үед даатгалтай иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг анхаарах цаг болжээ. Даатгуулагч мөнгөө төлсөн бол сэтгэл ханамждаа нийцсэн, чанартай, тусламж, үйлчилгээ авах эрхтэй.

ТӨЛСНИЙХӨӨ ХЭРЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЦАГ БОЛСОН

Монголын дундаж амьдралтай гэр бүлийн гишүүн хүнд өвчин тусахад тус өрхийнхний ядуур лын харанга дэлдэх шиг болдог. Эмчилгээ ний төлбөрийг төлөхийн тулд өр тавих, орон бай раа зарж, санхүүгийн хувьд уналтад орж, амьдра лаа алдах нь ч бий. Нэгэнт эрүүл мэндийн даатга лын шимтгэлээ төлсөн иргэдийн хүсэж буй зүйл нь чирэгдэл, хүндрэлгүй, эмнэлгийн чанар тай тусламж, үйлчилгээ авах. Учир нь эмнэлэгт үзүүлэхдээ олон шат дамжлага дамжсан чирэгдэл, үл тоосон харилцааг тэвчиж “Би яагаад нэмэлт төлбөр төлөх ёстой гэж, яагаад танил талтай нь илүү үйлчилгээ аваад байгаа юм бэ” гэж бухимддаг нь манайд энгийн үзэгдэл.

Үнэндээ даатгуулагчид их юм хүссэн гэж үү? Хувийн эмнэлгээр байнга үйлчлүүлэх чадалгүй, дундаас доош орлоготой иргэн улсын эмнэлгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд үйлчилгээ авах мөрөөдөлтэй болчихоод байна. “Би эрүүл мэндийн даатгалын шимтгэ лийн дөрвөн хувийг 10-аад жил тасралтгүй төлсөн. Гэхдээ ганц удаа ч улсын эмнэлэгт хэвтэж байгаагүй. Огт өвчин тусаагүй гэж хэлэхгүй. Өвдсөн үедээ хувийн эмнэлэгт очдог. Байнга өвддөггүй болохоор тийм ч их зардал гарч байгаагүй.

Улсын эмнэлэгт очихоор дараалал ихтэй. Ханиад хүрлээ гээд улсын эмнэлэгт үзүүлэх гээд хэдэн өдрийн ажлаа алддаг хүн байхгүй. Цаг зав багатай бид удаан хүлээж чадахгүй учраас аргагүйн эрхэнд хувийн эмнэлэг барааддаг. Сар бүр төлдөг дөрвөн хувийн даатгалын хураамж хаашаа ороод байна вэ. Хурааж хуримтлуулдаг бол хэчнээн төгрөг болсон бол гэж боддог. Ашиглахгүй байгаа бол миний даатгалын шимтгэлд хүү бодох хэрэгтэй биз дээ. Хүндээр өвдвөл эмчилгээнийхээ зардлыг төлөхөд хэцүү. Энэ даатгалын тогтолцоог тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй байна” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Мандухай хэлэв.

ШИНЭЧЛЭЛ НЬ НҮДЭЭ ОЛООСОЙ

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тулгамдаж буй дээрх асуудлуудыг шинэчлэх ту хай ярьж байгаа. Харин иргэд итгэхгүй байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлуудыг шийдэж чадаж байгаа, эсэхэд даатгуулагчдын хүлээлт, шаардлагад нийцүүлсэн, эсэхэд ч эргэлзэж байна. “Үнэхээр шинэчлэх гэж байгаа бол зөв шийдэх хэрэгтэй. Юутай ч харж байя, ямар шинэчлэл хийж, тэр нь хэзээ хэрэгжих болдоо” гэх иргэд цөөнгүй байсан юм. Эрүүл мэндийн даатгал хэдийгээр эв хамтын зарчимд суурилсан, энэрэнгүй ч гэлээ даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буйг иргэдийн яриа гэрчилнэ. Манай эмнэлгүүд үйлчилгээнийхээ үнэ, тарифыг улам бүр нэмсээр байгаа өнөө үед өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохицуулалт даатгалын үр ашиг, нэр хүндийг өргөж чадна. Хуулийн шинэчилсэн найруулгад даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ, тусламж үйлчилгээний төрөл, даатгалын байгууллагын тогтолцоо, удирдлага, Эрүүл мэндийн даатгалын сан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хяналтын тогтолцооны талаар хуулийн төсөлд хэрхэн тусгаж зохицуулалт хийх талаар албаны хүмүүс мэдэгдсэн.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн даатгалын тогтолцоог цаашид хэрхэн шинэчлэх тухай “Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй биш гэдгийг шүүмжлэх нь бий. Одоогоор нийгмийн даатгалын сангийн төсвийн 41 хувь нь хувь хүний төлбөрөөс бүрдэж байгаа нь иргэдэд санхүүгийн дарамт болдог. Иймээс эрүүл мэндийн даатгалыг эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогын үндсэн чиглэл, эрүүл мэндийн даатгалын байгууллагыг тусламж, үйлчилгээг худалдан авах хүчирхэг худалдан авагч болгох замаар иргэдэд учирч буй санхүүгийн дарамтыг 25 хувьд хүргэн бууруулна” гэсэн. Энэ мэтээр шинэчлэлийн талаарх олон асуудал ярьж байгаа. Иргэд ч хүсэж байна. Харин шинэчлэл нь нүдээ олоосой. Үгүй бол өмнөх жишгээрээ “Эвтэй байцгаая” гэж уриалах мэт эрүүл мэндийн даатгалын тогтолцоо иргэдийг бухимдуулсаар л байх нь ээ.

 Ч.МӨНХЗУЛ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Ашигтай зар 202.179.11.98 2013 оны 06 сарын 04 12:18 Хариулах
22 товчоонд 2 га газар хямд зарна. 99106493

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/