Холын "ROUND TABLE PIZZA" Монголд бууриа засчээ

2013-08-12 11:48:00

 Дэлхийд алдартай брэндийн салбарууд Монголд цөөнгүй бий. Тэгвэл сүүлийн саруудад сүлжээ ресторанууд Монголд салбараа нээх болов. Тодруулбал, KFC түргэн хоолны сүлжээ рестораны салбар манайд өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн билээ. Уг салбарыг нээгдэнэ гэсэн хүлээлт монголчуудын дунд тарж, нээлт ч сүр дуулиантай болсон. Харин АНУ-ын бас нэгэн сүлжээ рестораны салбар Энхтайвны өргөн чөлөөнд өнгөрсөн зургадугаар сарын эцсээр бууриа зассаныг уншигч Та анзаарсан уу. АНУ болон дэлхий даяар 500 орчим салбартай “Round Table Pizza” компани Монголд салбараа нээжээ. Тус компанийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Майк Бак “Пиццаныхаа амтыг Монголд “авчрахын” тулд ложистикийн асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Гэхдээ сэтгэл хангалуун үйлчлүүлэгчидтэй болохын дэргэд энэ бэрхшээл юу ч биш” хэмээн ярьжээ. Тэд ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгоход цөөнгүй сарын хугацаа зарцуулсан гэнэ.

Америк пиццаг албан ёсны эрхтэйгээр “Эрэл” групп, “Mongolia International Food Holding” компани хүргэж буй бөгөөд ирэх жилүүдэд дахин арван ч салбар нээхээр төлөвлөж буй юм билээ. Тодруулбал, ирэх аравдугаар сард дахин шинэ салбараа нээж магадгүй гэж нэгэн ажилтан нь ярилаа. Энэ нь сүүлийн жилүүдэд байгалийн баялаг ихтэй Монгол олон улсын худалдааны нэг талбар болж эхэлж буйтай холбоотой аж. Гаднын олон орноос тус пиццаны сүлжээг хамтран байгуулах санал ирүүлдгээс Монголыг сонгосон нь үүнийг батлах мэт. Дашрамд дурдахад, KFC-гийн салбарыг албан ёсны эрхтэйгээр “Таван богд фүүдс” компани нээсэн бөгөөд энэ онд багтаан шинээр гурван ч салбар нээхээр ажиллаж буй. Манайд дотоодын пицца үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгж бий гэх албан бус тоо бий. Тэд дэлхийн брэнд гэгдэх “Round Table Pizza”-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай нүүр тулж байна.

Гурил, бяслагаа Америкаас авчирдаг

“Round Table Pizza”-ны цахим хуудсанд бичсэнээр тэд “The Last Honest Pizza” уриатай ажилладаг гэнэ. Энэ нь пиццаных нь орц, найрлага, үйлдвэрлэлийн “үнэнч” технологитой нь холбоотой аж. Шинэ ногоо, гайхалтай амтаараа дэлхийд алдартай гэгддэг пиццанд орох гурилыг “Round Table Pizza” компанийнхан өөрсдийн Идахо муж дахь талбайд ургуулсан улаан буудайгаар л үйлдвэрлэдэг юм байна. Түүнчлэн бусад пицца үйлдвэрлэгчид шиг хөлдөөсөн гурил, бяслаг ашигладаггүй нь анхаарал татав. Бүр хэзээ ч шүү. Иймээс ч пиццаны чухал орц болох гурил, бяслаг зэргээ Америкаас Монголд тээвэрлэн авчирдаг юм байна. Мэдээж зарим бүтээгдэхүүнээ дотоодоос худалдан авдаг гэсэн. Түүнчлэн Америкаас мэргэжилтнүүд ирж монгол тогооч нарт “Round Table Pizza” хийх жор, туршлагаас хуваалцаад буцжээ. Бас монголчууд АНУ-д очин суралцаад ирсэн гэнэ. Товчхондоо, Монголын хэрэглэгчдэд хүргэж буй пиццаны амт Америкийнхаас ялгарахгүй гэсэн үг. Тус компанийнхан Дубайд долоон салбартай агаад өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгт 50 салбараа шинээр нээх гэрээ байгуулсан, Монгол, Вьетнам зэрэг оронд зах зээлээ тэлж буйгаас үзвэл Азийн зах зээлийг онилсон бололтой. Багахан түүх сөхөхөд, “Round Table Pizza” компаниа Виллиам Ларсон 1959 онд байгуулахдаа ердөө 1800 ам.долларын хөрөнгөтэйг өөр гараагаа эхл үүлсэн ч 1962 он гэхэд олон үйлчлүүлэгч, гурван ч салбартай болж чаджээ. Тэрбээр анхны ресторанаа Калифорнийн Мэнло Парк хотод гэр бүлүүдэд тохилог орчинд гайхалтай пиццаг амтлах боломжийг бүрд үүлэх зорилгоор байгуулсан гэнэ. Тус брэндийн лого нь “FUN” буюу хөгжилтэй гэсэн утгыг агуулдаг нь ч үүнтэй холбоотой биз ээ. “Round Table Pizza”-ныхан үргэлж шинийг санаачилдаг бөгөөд цэсэндээ шинэ төрлийн пицца нэмэх нь түгээмэл аж. Тодруулбал, сүүлийн 15 жилд гэхэд 30 гаруй төрлийн шинэ пиццаг хэрэглэгчдэд хүргэжээ.

Пицца 10.500-33.500 төгрөгийн үнэтэй

АНУ-ын хамгийн том пиццаны сүлжээ ресторан болохыг зорин ажилладаг “Round Table Pizza” компанийнхан төрсөн өдөр, гэр бүлийн цугларалт, спортын тэмцээн гээд аливаа баярт үйл явдал бүрт хэрэглэгчид ширээн дээрээ тэдний пиццаг “залдгийг” ам бардам цахим хуудсандаа бичсэн байв. Бүтээгдэхүүний чанар болон үйлчилгээнд онцгойлон анхаардаг учраас тэр болов уу. Ганц пицца гэлтгүй салат, зууш зэрэгтээ ихээхэн анхаардаг бөгөөд 1977 оноос үйл ажиллагаа явуулдаг хүнсний “Mattson” компанитай хамтран ажилладаг юм байна. Монголын хэрэглэгчид “Round Table Pizza”-ны ресторанд очсоноор арав гаруй нэр төрлийн пиццаг худалдан авах боломжтой юм билээ. Цагаан хоолтон нэгэнд зориулсан цэс ч тэднийд байсан. Мэдээж бас салат зууш ч бий. Пиццаны үнийн хувьд хэмжээнээсээ хамаараад 10.500-33.500 төгрөгийн үнэтэй аж. Үйлчлүүлэгчдийн хувьд Wi-Fi кодыг хэний ч харах газар байрлуулсан, пиццаны гурилын ирмэг зузаан биш нь таалагдлаа зэрэг олон эерэг сэтгэгдэлтэй байгаа нь анзаарагдсан. “Round Table Pizza”-ныхан Монголын хэрэглэгчдэд зориулсан цахим хуудсаа удахгүй нээхээр төлөвлөснөө “Фэйсбүүк” хуудастаа мэдээлжээ. Түүгээрээ дамжуулан онлайнаар захиалга хүлээн авах боломжтой болох гэнэ. Одоогоор утсаар захиалга аван, үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгч байгаа гэсэн. Хэдийгээр гаднын зарим оронд түргэн хоолны сүлжээнээс татгалзаж эхлэх хандлага бий болсон ч холын Америкийн KFC, “Round Table Pizza” Монголын зах зээлд ийнхүү орж ирсээр байна. Магадгүй дараагийнх нь “McDonald's” ч байх юм бил үү.


Ц.Болормаа


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
DAsh 122.201.18.20 2013 оны 08 сарын 15 09:52 Хариулах
Amerikiin JUNK FOOD -iin suljeeg oruulj ireed baival udahgui huuhed bagachuudaasaa ehleed bugdeeree amerikchuud shig zovlogoo daahgui, aria gej hodoldog gahainuud bolno doo

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/