Baldorj Foundation

Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая.
Ц.Балдорж
Нvvр arrow Түүх намтар arrow Бүтээлүүд arrow “ДАЛАЙ ЭЭЖ” МААНЬ ЦААЗЫН ТАВЦАНД
“ДАЛАЙ ЭЭЖ” МААНЬ ЦААЗЫН ТАВЦАНД
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдвээр өдгөө олонтаа ярьж бичдэг болсны эхлэлийг хэн тавьсан билээ. Хэвлэлд тодруулбал “Үнэн” сонинд одоогоос 20 жилийн өмнө Цэрэндоржийн  Балдорж “Далай ээж маань цаазын тавцанд” хэмээн бичиж түмний талархлыг хүлээж, нам төр, засгийн анхаарлыг татаж эхэлсэн түүхтэй. Тэр нийтлэл гарсны ачаар өнөөдөр Далай ээж тухайн төрхөө алдаагүй байна. Харин бид бүхэн “Далай ээж”-ээ хамгаалан зүтгэж эхэлсэн сэтгүүлчээ алдчихлаа. Хорин жилийн өмнөхийг  бодвол байгаль эхийгээ хамгаалах,  хайрлах үзэл өргөжсөн нь илэрхий. “Далай ээж маань цаазын тавцанд” өгүүлэл байгаль хамгаалагч сэтгүүлчийн  нэгэн өвөрмөц гэрээслэл болон үлдэж байна. Хөвсгөл нуурын тухай яриа, домог олон бий. Бүр XVII зуунд мөсөн дээгүүр нь морин хөсгөөр тээвэр хийдэг байхад нуурын дундахь Далайн хүйс нэртэй арал дээр олон хэл мэддэг нэгэн эрдэмтэй лам уг ажлыг төвлөрүүлэн атгаж байжээ. Тэр: “Хөвсгөл бол ариун нуур. Өчүүхэн ч бузарлаж болохгүй”  хэмээн морины баас хийх тусгай сав аянчин жинчин бүрд ганзагалуулдаг байсныг тухайн үед олон хэл дээр гарсан эрдэм шинжилгээний холбогдолтой номд өгүүлжээ.

Сүрлэг их уулсаас эх авсан зуу шахам гол горхи цутгадаг бялхам уст Хөвсгөлөөс Эгийн гол гарч Сэлэнгэ мөрөнд нийлээд улмаар Байгаль нуурт цутгана. Хөвсгөл нуурын сав газраас эхтэй Ариг, Үүрийн гол, Дэлгэр мөрөн болон Хангайн нурууны тунгалаг уст Идэр, Чулуут, Олон голын бэлчирт Сэлэнгэ мөрөнд нийлж дэлхийн цэвэр усны тавны нэгийг агуулдаг Байгальд цутган нийт усных нь 60 хувь болно. Амьтан ургамлынхаа аймгаар Хөвсгөл Байгальтай их төстэй. Хөвсгөлийн хадран, нутагшсан омуль, тул, зэвэг, улаан нүдэн, балиус зэрэг арваад зүйлийн загасны агнуурын нөөц  жилд олон мянган тонноор хэмжигдэнэ. Хөвсгөлийн уул тайгад манай улсын ойн нөөцийн 24 хувь бий.

Байгалийн өвөрмөц шинж, гоо үзэсгэлэн бүрдсэн нуурын хамгийн гайхамшиг нь түүний ус юм. Эрдэс, давс, органик бодисгүй, уулын горхиных шиг тунгалаг устай нуурын хэдэн арван метрийн гүн дэх загас, чулуу хүртэл ил харагдах нь үнэхээр гайхалтай.
Дэлхийн гадаргын нийт усны хэмжээ 1406 сая шоо дөрвөлжин километртэй тэнцдэг. Түүний өчүүхэн бага хэсэг 123 мянган шоо дөрвөлжин км нь ундааны ус юм.

Хөвсгөл нуур цэвэр усны хэмжээгээр зөвхөн Байгалийн дараа л орох юм. Уулс бий болоход үүссэн гүн хонхор дагаж тогтсон учир усны багтаамж ихтэй, ёроолынх нь талбайн бараг далан хувь зуугаас илүү, зарим газраа 268 метр хүртэл гүнзгий. Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэвэр цэнгэг усыг Хөвсгөл ай савдаа агуулдаг байна.

Амьд бүхний эх ус билээ. Гэтэл ертөнцийн хүмүүсийн тэн хагас уух усаар гачигдаж, усны нийт нөөц бохирдох төдийгүй бүр хордох аюулд оржээ. Иймээс усны төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэл юм. Энэ утгаар нь авч үзвэл Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нэн онцгой юм. Гэтэл бид улс орондоо байтугай дэлхийд ховорхон цэнгэг усны эрдэнийн бумба болсон цор ганцхан Хөвсгөл нуураа, ард түмэндээ хайрлагдсан “Далай ээжээ” хөнөөхөөр цаазын тавцан бэлтгэж байдаг нь юу болж байгаа хэрэг вэ? Хөвсгөлийг дотор, гаднаас нь бид өөрсдөө хайр найргүй бохирдуулж байна. “Далай ээжийн” ариун хэвлийд хөвж явдаг нефть тээврийн “Ургац” чиргүүл юуны урьд “хор агуулсан” хар хорхой болж байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах захиргаанаас нефть тээвэрлэдэг “Ургац” чиргүүлд үзлэг хийсэн тухай актад шатахуун тээврийн уг чиргүүл онгоц нуурыг бохирдуулах онцгой аюултайг анхааруулжээ. Ёроолыг нь цементээр шавж, олон газар нөхөөс тавьж, хоёр шахуурга нь бүрмөсөн элэгдэж гүйцээд ган хоолойнууд  зэвэрч, шахуургын динамаас нь үе үе оч хаяж, цахилгааны утасны тусгаарлагч шалбарч, залгуурын таг, сууринууд хагарч оч гялалзах болжээ. Энд ямар нэг байшин барилга, ердийн машин техник бус 300 тонн нефть агуулдаг чиргүүл онгоцны тухай ярьж байгаа хэрэг.
Шатахууныг ийм чиргүүлээр (баржа) тээвэрлэхийг ЗХУ-д бүр 60-аад оны үед хатуу хориглосон. Учир нь нефть ачсан “гац” чиргүүлд үзлэг хийсэн тухай актад шатахуун тээврийн уг хоёр чиргүүл хавиралдан гал гарч улмаар дэлбэрч болох бодит аюултай гэжээ. Иймээс давхар ёроолтой сав бүхий нефть тээгч онгоцоор л (танкер) уг ажлыг гүйцэтгэдэг. Ердөө 0.04 мм зузаан, ганц дан, олон нөхөөс тавьсан ёроолтой “Ургац” чиргүүл “Сүхбаатар” онгоцтой хавиралдаж, аль эсвэл хад чулуу, зогсоол мөргөөд галын аюул гаргадаггүй юм гэхэд тээж яваа 300 тонн нефтиэ нуурт юүлчихийг үгүй гэх арга алга. Зогсоолдоо байсан бүхэл бүтэн хөлөг онгоцыг нуурт живүүлчихээд одоо зөвхөн бөөр нь харлаж байгаатай адил нэг л өдөр Хөвсгөл нуурын ус тэр аяараа нефтийн бүрхүүлтэй болж амьтай бүхэн нь сөнөж уствал хариуцах эзэн нь хэн бэ? Ийм асуултыг Тээврийн яамны сайд Д.Ёндонсүрэнд тавилаа.
Сайд түүний нэгдүгээр орлогч, бусад хүн оролцсон ярианаас “Ургац” чиргүүлийг танкераар сольж, эсвэл нуураар нефть тээхээ бүр болиулах арга хэмжээг ойрын таван жилд авахгүй, бүр ядахдаа чиргүүлийг эрэг дээр татаж гарган их засвар хийх техник хэрэгсэл ч байхгүй учир үе үе нөхөж цойлдохоос өөр хүч, бололцоо уг яаманд алга гэсэн дүгнэлт хийлээ.

Хүч бололцоогоор ядмагдан суусаар байх хооронд Хөвсгөлийн цэнгэг ус, амьд ертөнцийнх нь талаар зөвхөн гашуун дурсамжаас өөр юм үлдэхгүй сөрөг арга хэмжээг ашиглах хугацаа нь аль хэдийнэ дууссан “Ургац” чиргүүл өрсөөд авчихвал хэчнээн харамсаад ч нөхөшгүй гарз болно. Хөвсгөлтэй бас дахин арван жилийн турш галаар тоглох Тээврийн яамны эрмэлзлийг эрс шууд тас цохих эрх мэдэл бүхий өөр байгууллага үнэхээр алга гэж үү?


Ашиг хонжоо харах уу? Алс ирээдүйгээ бодох уу?

Хөвсгөл нуур одоо болтол цэвэр цэнгэг усныхаа нөөцөөр бус харин ус, мөсөн замын тээврийнхээ ач холбогдлоор анхаарал татсаар ирлээ. Гадаадаас авах төрөл бүрийн бараа, нефтийн нэлээд хэсгийг нуураар дамжуулж байна. Бараа, шатахуун тээврийн олон машин мөсөн дээр хоноглож энд тэнд гал тавьж, бензин тос асгаж, тэр бүхэн нь нуурын усанд шингэдэг. Он удаан жил уламжилж ирсэн мөсөн замын тээврийг ашиг хонжоо харж хэвээр байлгах уу, аль эсвэл алс ирээдүйгээ харж болих уу? Үүнийг шийдвэрлэх цаг нэгэнт болжээ. Мөсөн замын тээвэр хийх хугацаа жилд ердөө л хоёрхон, усан замынх нь таван сар, үлдсэн хугацаанд Хатгал, Ханхын хооронд АН-2 онгоцноос өөр явдаг унаа байхгүй. Хоёрхон сарын хугацаатай мөсөн замын тээвэр ашигтай талтай ч аюул ихтэй. Хөвсгөл нуурт хар, цагаан хил гарах үеэр живсэн машин, хөсгийг тоолбол цөөнгүй тоо гарна.  Мөсөн замын тээвэр амь дүйж, аз туршсан хэрэг гэдгийг хал үзсэн нутгийн жолооч нар ч хүлээн зөвшөөрдөг. Юугаар ч нөхөшгүй хүний аминаас гадна живсэн машины шатахуун, зэвэрсэн төмөр, химийн найрлагатай эд материал нуурын ус, амьтай бүхэнд хор хөнөөл учруулж л байгаа шүү дээ.

Хөвсгөл нуураа хайрладаг, алсыг харж чаддаг олон хүн нуурын мөсөөр машин явуулахаа бүрмөсөн болих нь зүйтэй гэж үзэж байна. Ханхаас Хатгал хүртэл мөсөөр явахад 137 километр бол зүүн эргийн Сантын даваагаар 157 километр, бартаа ихтэй ч урин дулаанд машин тэрэг явдаг энэ давааг засаж янзалбал нуураа ч хамгаалах төдийгүй алслагдаж мартагдах шахсан Ханх сууриныхныг ч эх газартай байнгын холбоотой болгох давхар ач холбогдолтой.
Хөвсгөл нуурыг хамгаалах захиргааг байгуулаад жил боллоо. Хориод орон тоотой байгууллагын хийсэн ажил юу байна вэ гэвэл тоймтой юм одоогоор алга.

-Байгаль орчныг сүйтгэгч зарим хүмүүстэй эвлэрч, унаа машинд нь дайгдан сэлгүүцдэг тэдгээр нөхдийн оронд нуураа, ой тайгаа гэсэн сэтгэлтэй нутгийн хэдэн хөгшнөө ажиллуулбал дээр гэж Хөвсгөл аймгийн зарим удирдах ажилтан илэн далангүй хэлж байна. Байгаль эхээ хамгаалах эрхэм хүндтэй мэргэжлийг тохиолдлоор сонгож, бас л шахалт шаардлагаар Хөвсгөл нуурт томилогдсон, хариуцсан ажилдаа сэтгэлгүй зарим нэг мэргэжилтэн уг албанд байдаг нь ус, ойгоо хайрлан “хээрээр гэр, хэцээр дэр хийн” хөдөө хээр хонож өнжиж яваа бусад нөхдийнхөө ажлын үр дүнг давхар үгүйсгэж, нэг санаа, нэгдмэл зорилгоор ажиллахад чөдөр тушаа болж байна.

Шинэ тулгар албаныхан шаардлагатай нарийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж байтугай уналгын морь, дуран, буу хүртэл дутагдалтай. Ус зүйч, химич, лаборант зэрэг олон орон тоо нь одоо болтол онгорхой, нуур хамгаалах захиргааныхан “нуураа хамгаалах хэрэгтэй” гэж ирсэн очсон хүнд үглэн, Хөвсгөлийн усыг бохирдууллаа гэж олон жил ад болсон хаяан дахь Ноос угаах үйлдвэрийн бохир усны цооногтой л үзэлцэхээс өөр хяналт шалгалт үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний дорвитой ажил хийсэнгүй. Гар мухар, эрх мэдэл хомс эдгээр хүмүүст Хөвсгөл нуурын жинхэнэ эзэн байх нөхцөл бололцоо ч одоогоор алга байна.

Монгол Улсын их сургуулийн Хөвсгөлийн экспедиц, Мөрөнгийн цаг уурын станцын дэргэдэх нуур судлалын станцууд, цэвдэг судлалын станц зэрэг эрдэм шинжилгээний олон алба Хөвсгөл нуурт ажиллаад цөөнгүй жил боллоо. Дээрх албадын байтугай дотор нь ажиллаж байгаа хүн бүрийн зорилго өөр учир тэд нуурт зөвхөн ажиглагчийн байр сууринаас л хандаж байна. Хөвсгөл нуурыг унаган төрхөөр нь хадгалж, үр ач нартаа үе залгамжлуулах ганц зорилго тавьж, тэдний ажлыг нэгтгэн төвлөрүүлэх цаг нэгэнт болжээ. Эс тэгвэл Хөвсгөл нуурын тухай хэчнээн олон эрдэм шинжилгээний ажил хийж, эрдмийн цол зэрэг хамгаалж, бүтээл, ном туурвиад ч хэрэггүй.

Байгаль хамгаалах нийгэмлэгийн Төв зөвлөлийнхөн нойрноосоо сэрж, Хөвсгөл нуурын сав газрыг хамгаалах ажлыг өргөн цар хүрээтэй, далайцтай болгох арга замыг эрж хайж, энэ зүгт олон түмний анхаарлыг хандуулж, түгшүүрийн харанга дэлдэх болсон юм биш үү?  Нуурын байгаль орчныг хамгаалах асуудлаар хорь гаруй илтгэл айлтгалтай хоёр өдөр үргэлжлэх том хурал хийнэ гэж далбагар цаасан дээр сүр бадруулан хэвлэж, хоосон зар тараасныхаа хариуцлагыг ч хүлээж чадахгүй байгаа нийгэмлэг Хөвсгөлийн төлөө хариуцлага хүлээж сурах болтол ямар хугацаа шаардагдах бол? Хөвсгөл нуурыг хамгаалах нь Ой, модны аж үйлдвэрийн яам, түүний нэг хэлтсийн ажил бус харин бүх нийтийн  үйлс учир яамны харьяа нуур хамгаалах захиргаа болон бусад албадын ажлыг тус нийгэмлэг л шууд гардан хариуцах нь зүйтэй юм.

“Далай ээжийг” хөнөөх хоёр дахь том аюул нь түүний хөвөөнөөс ухаж ашиглах фосфорын орд мөн. Тэрний нөөц 40-100 жил гэх боловч нуурын маань өнгөрсөн, ирээдүйн урт настай зүйрлэвэл нүд ирмэх хугацаа. Гэвч нүд ирмэх хугацаанд хэчнээн их тоос дэгдэх нь вэ? Геологичид Хөвсгөл аймагт фосфоритын том орд газрыг илрүүлэн нарийвчилсан судалгаа хийж байна. Уг орд нөөцөөр баян юм. Хөвсгөлийн экспедицийн ерөнхий геологич В.П.Карев,

-Дөрвөн жилийн дотор шинжилгээний ажлыг үндсэнд нь дуусгалаа. Ордын нөөцийг тогтоох ажлыг манай экспепиц геологи хайгуулын түүхэнд байгаагүй хурдан амжууллаа. Ил аргаар ашиглах Бүрэнхааны ордын ойролцоо байгуулах уулын баяжуулах үйлдвэр бүрэн хүч чадлаараа ажиллахад жилд 12 сая тонн фосфоритын хүдэр боловсруулна гэж тооцвол уг орд 40 жилийн нөөцтэй. Нөөцийн багагүй хэсэг нь Хөвсгөл нуурын эрэгт 2.5-5 километр зурвас газарт байгаа учир байгаль орчныг хамгаалах зорилгоор уурхайн аргаар ашиглах арга зам эрж байна.

Бүрэнхааны фосфорит Жанхайн нуруу, Онголог нуур, Уран дөш уулынхныг бодвол илүү чанартай, дахин үйлчлэх чадвартай бордоо гаргах боломжтой юм гэж ярилаа.
Монголын баруун хойд хязгаарт уул уурхайн том үйлдвэр, шинэ хот, суурин байгуулж, түүнийг дагасан хөгжил, соёл бий болоход хүмүүс баяртай байна. Гэвч улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц болох фосфоритын орд газрыг ашиглах нь Хөвсгөл нуурт хэрхэн нөлөөлөх вэ гэсэн өөр асуудал зүй ёсоор гарч байна.

Бүрэнхааны орд нуураас зуу орчим километр хол. Түүнийг ил аргаар ашиглахад арван ам дөрвөлжин километр газрын хөрс бэлчээрт гэм тарина. ЗСБНХУ-ын Ус, цаг уур болон байгаль орчинд хяналт тавих хорооны дарга, академич Ю.Израэль “Правда” сонины уншигчдын асуултад саяхан өгсөн хариултдаа (1987 оны есдүгээр сарын 7-ны дугаарт) тариалангийн талбайг бордох ажлыг буруу зохион байгуулж, усан сангийн ойролцоо бордоо цацахад усыг их хэмжээгээр хордуулдаг гэжээ. Тэгэхээр эрэг дээр нь байгаа Бүрэнхааны олон арван сая тонн нөөцтэй фосфоритын ордыг ил аргаар ашиглахад Дэлгэр мөрний ус ямар болох вэ? Ил аргаар их хүчтэй тэсэлгээ хийхэд дэгдсэн нүдэнд үл үзэгдэх химийн найрлагатай тоос Хөвсгөл нуурын усанд буувал ямар нөлөө үзүүлэх вэ?

Фосфоритын нөөцийн үлэмж хэсгийг хадгалсан Жанхайн нуруу, Онголог нуур, Урандөш уулын орчим үзэсгэлэнт байгаль, ан амьтан, загас жараахайгаараа хосгүй сайхан нутаг. Ил аргаар биш ч гэсэн арав биш зуун саяар тоологдох тонн хүдрийг хөрсөн дотроос нь хөндийлж сэндчээд авчихаар ой мод амьдаараа, нуурын ус хэвээрээ үлдэг болов уу?
“Хөвсгөл нуур ч хүн төрөлхтөнд ганцхан” гэсэн Зөвлөлтийн нэрт зохиолч Валентин Распутины үгийг санах тусам “Яах вэ?” гэсэн олон асуулт ар араасаа ундарсаар байна.

Зөвлөлтийн эрдэмтэн, профессор Г.Шпайзер:
-Хөвсгөл Байгалиас илүү эмзэг гэдгийг Зөвлөлт, Монголын Хөвсгөлийн экспедицийн Зөвлөлтийн хэсгийг удирдсан арваад жилийнхээ туршлагаас мэднэ. Байгальтай харьцуулахад Хөвсгөл далайн төвшнөөс 1200 орчим метрийн өндөрт оршдог, гадаргуу, талбай, усны нөөц, тэжээллэг чанараараа харьцангуй бага, хагас мянган жилд ус нь нэг сэлгэдэг гэж судлаачид үздэг. Тэгэхээр гэмтэх нь амархан. Жишээ нь, фосфоритын хүдрийг олборлох тэсэлгээ хийхэд фосфорит болон хөрс, усыг тусгаарлагч  шохойн чулуу доргиж нуурт орно. Хөвсгөл нуурыг хамгаалах асуудалд Байгаль нуурыг хамгаалахаас дутуугүй анхаарах ёстой гэжээ.

Хөвсгөлтэй хүйн холбоотой Байгаль нуурыг Зөвлөлтийн хүмүүс хэрхэн хамгаалж чадсан түүх үнэхээр сургамжтай, бахархалтай. Энэ тухай ЗСБНХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч Валентин Распутины “Правда” сонинд нийтлүүлсэн нэгэн нийтлэлээс товч авч үзье.
“Байгаа юмаа…” нэрээр бичсэн Распутины өгүүлэлд “Хойд зүгийн болон Сибирийн гол мөрний голдирлыг буцааж эргүүлэх тэмцэл олон жил үргэлжилсэн. Залгамж үеүдийн хооронд өмч эзэгнэх хууль зүйн харьцааг хүн төрөлхтөн хэзээ нэг цагт заавал тогтооно. Одоогийн юмыг эзэгнэж байгаа нь өнгөрсөн болон ирээдүйн бүхнийг эзэгнэгч биш ээ. Тэр аяар нь урвуулж хөрвүүлэх хүч чадалтай болсон эсэхийг шалгахын тулд хүнд газар шороо заяагаагүй. Хүн тийм чадалтай болсон.
Газар шороог эргүүлж хөрвүүлэхэд зориулсан зураг төслийн олон арван институт, олон арван мянган хүн, үрэн таран хийсэн зуун сая рубль энэ бүгд ямар ч утга учиргүй яаруу сандруу, хүрэлцээтэй экспертиз, эдийн засгийн баталгаагүй зүйл гээд бодъё л доо.

 Тэгээд юу болов? Асар их үрлэг зарлага гаргаж, эрин зуунд үзэгдээгүйгээр дураараа аашилсан хэн нэг хүн хариуцлага хүлээв үү? Тэдний хэн нэгний толгойноос ширхэг үс унав уу? Үгүй. Бидний дараа энэ газар шороонд аж төрөх хүмүүс үүний төлөө биднийг өршөөхгүй шүү. Орост Байгаль, Волга, Белорусст Полесье, Арменд Севан, Украинд Днепр, Чернобыль, Латвид Даугавагийн төлөө гээд хаа сайгүй өчнөөн төчнөөн гэмт хэргийн төлөө биднийг өршөөхгүй. Бидний эрүүл бус үйл ажиллагаа, үрэлгэн араншинг ирээдүйнхэн өршөөхгүй.

Байгаль дэлхийг урвуулан хөрвүүлэх зураг төслийг хэрэгжүүлэгчид яаж ажилладгийг ажиглацгаая. Тэдний үйл ажиллагааны арга хэлбэр нэлээн юм өгүүлнэ. Зураг төслийг хэрэгжүүлэх, шийдвэр батлагдаагүй, Засгийн газар сүүлчийн зөвшөөрөл олгоогүй, эхлэх болихын аль нь дээрийг дүгнэж цэгнэж байхад ажил аль хэдийнэ эхэлчихсэн байдаг юм. Зөвхөн эхлээд зогсохгүй дайран довтолж, өргөөш нь гүн лүү нь улам лавшруулан, санаа авахаас нь өмнө ухаарахаас нь өмнө улс орныг улам их үрлэг зарлагад оруулж дараа нь амаа барихаас өөр аргагүй болгохын тулд хурдан санхүүжүүлж, хурдан ажиллах хүч авч, хурдан материалтай болох гэж яарцгаадаг. “Эрин зууны зураг төсөл” гэж нэрлэсэн Хойд зүгийн гол мөрний голдирлыг эргүүлэхэд ч тийм байсан бол одоо төслийг нь батлахын өмнө Алтайн хязгаарт Катуний усан цахилгаан станцын барилгыг Эрчим хүчний үйлдвэрийн яам барьж байгаа нь бас л тийм байна. Байгалийн целлюлоз-цаасны комбинатыг 1966 онд барьсан бол ашиглалтад орсноос хойш он жил өнгөрсний дараа түүний зураг төслийг баталжээ. Ийм жишээ олныг хэлж болно.

Байгаль нуурт тохиолдсон түүх нь түүнд оролцогчдын ур чадварыг бишрэхээс өөр аргагүй, нүд ирмэх зуур үйл явдал нь өрнөсөн адал явдалт зохиолтой төстэй юм. Одоо л бүх юм илэрхий болж асуудлыг шийдвэрлэх нь гэтэл дахиад л өөр “баатрууд” шинэ нотолгоо, шалтаг гарч ирэн сэтгэл шимшрүүлсэн ажил өрнөж, Байгаль дахин хэлмэгдсээр л байна.  Манай “алдарт тэнгисийг” хамгаалах саналыг боловсруулах улсын комиссыг өнгөрсөн оны хоёрдугаар сард байгуулсан билээ. Тус комиссын дарга, ЗСБНХУ-ын Төлөвлөгөөний комиссын дарга Н.В.Талызин Эрхүү хотод Байгалийн асуудлыг шүүн ярилцах үед ямар ч дипломат зангүйгээр “Байгаль нуурын эрэгт целлюлоз-цаасны комбинат барьж болохгүй байсан гэдэг нь одоо ямар ч тэнэг хүнд ойлгомжтой хэрэг” гэсэн. Гэтэл эрдэмтний хувьд  Байгалийг хамгаалах ёстой атлаа харин Сэлэнгийн целлюлоз-цаасны зэрэг комбинатуудыг хамгаалагч болж хувирсан академич Н.М.Жаворонков комиссын сүүлчийн хуралдаан дээр Н.В.Талызины өмнө суучихаад бас дахиад л байгалийн хувь заяаг шийдвэрлэж байлаа. Илэрхий бодит байдлын эсрэг тэр яаж хандаж байсныг тайлбарлах нь илүү хэрэг.

Байгалийг хамгаалагчдыг империализмд дулдуйдагчид гэж Эрхүүд ажиллаж байсан намын ажилтан П.Кацуба хорин жилийн өмнө буруутгаж байлаа. Байгалийн дорнод эрэгт энэ санааг шүүрэн авч целлюлозын комбинатын эсрэг байгаа бүхэн Буриадын ард түмний дайсан гэж байв. Ийм үгийг сонсоход хэл хөшиж, гар сулрахаас өөр яах билээ.

Ой, цаасны үйлдвэрийн яамны сайд М.И.Бусыгин “Известия” сонины хүсэлтээр өнгөрсөн оны эхээр надтай уулзсан юм. Бас л Байгаль, Байгалийн целлюлоз-цаасны комбинатын тухай яриа боллоо. Байгалийн талаар хариуцсан салбар нь ямар их анхаарал тавьж байгааг илтгэсэн баримтыг уг ярианы үед сайд жишээ татан ярихдаа үйлдвэрлэлийн хаягдлыг юүлэх төхөөрөмжийг хорин жилийн дотор зургаан удаа сольсон гэлээ. Гэтэл энэ худлаа гэдгийг сайд мэдээгүй байж таарахгүй, харин би үнэн үг гэж итгэж байжээ. Ил тод байдлын одоогийн нөхцөлд нууц далд байсан олон зүйл илэрхий болсон ч салбар, байгууллагынхаа эрх ашгийг хамгаалагчид амжилтаа ил тод, дутагдлаа нууц далд байлгадаг хуучин арга барилаараа олон түмэнтэй ярилцдаг хэвээрээ л байна.

Байгалийн комбинатын соод дахин үүсгэх тогоон дахь минералийн давсны алдагдлыг бүр 1974 онд тооцох үүргийг авч гүйцэтгэж байсан тухайгаа тус яамны ажилтан, одоо тэтгэвэртээ байгаа эмэгтэй Галина Константиновна Суслова надад бичсэн юм. Уг тооцоонд үндэслэж гаргасан тайланг хожим үзэхэд цаас будах хүчлийн алдагдлыг арав дахин багасгаж тавьсан байжээ. Үйлдвэрийнхээ хор хөнөөлгүйг батлахын тулд комбинат дээр гаргасан тэр тайланг яамныхан нэг биш удаа ашигласан нь лавтай хэрэг. Тэгэхээр нуурын бохирдолтын нийт хэмжээнд Байгалийн комбинатын хаягдал ердөө л ганцаас илүүхэн хувь эзэлдэг гэсэн хоосон тоо баримтад гайхах хэрэг байна гэж үү? Ийм худлаа хэлбэрдсэн тооцооноос академич П.Л.Капица сэрэмжилж байлаа.

ЗСБНХУ-ын Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухаан-техникийн улсын хороо, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн хамтарсан хурал дээр “Экспертийн комиссын ирүүлсэн материалаас үзэхэд целлюлозын комбинатаас Байгаль нуурт орж байгаа бохирдсон ус, түүнд цутгадаг голуудын уснаас өөр химийн найрлагатай нь батлагдлаа. Тийм учраас целлюлозын комбинатын хортой бохирдуулалтын өчүүхэн бага хэсэг нь нуурын тэнцвэрт байдлыг алдагдуулж, бүрмөсөн хөнөөж ч болно” гэж 1966 онд тэр хэлсэн юм. Байгалийн усны биологийн үндсэн шүүлтүүр сөнөж, алдарт омуль загасны жин, уртын хэмжээ хоёр дахин багасч, агаар дахь хорт ялгарлаас  олон арван мянган га ой хатаж, олон зуун мянган гектар ой гэмтсэн нь тэр хөнөөл ойртож байгаагийн шинж.

Энэ оноос эхлээд Байгаль нуур чөлөөтэй амьсгалах болно. Түүний ой, усыг хамгаалах талаар Засгийн газар маань асар том цогцолбор программ боловсруулж байна. Гэвч комбинатаа үлдээхийн төлөө яам нь яахаас ч буцахгүй байна. Түүнийг өөр чиглэлтэй болгож, хэзээ нэгэн цагт өөрчлөх нь мэдээж боловч хугацааг нь цаашлуулсаар л байх юм. Үйлдвэрийн хаягдлыг ган хоолойгоор дамжуулан Иркут гол руу асгахыг тухайн үеийн арга хэмжээ болгон дэвшүүлж байна. Тухайн үеийнхээ арга хэмжээг цаг үргэлжийн болгон дэвшүүлж байна. Тухайн үеийнхээ арга хэмжээг цаг үргэлжийн болгох гэсэн тэдний төлөвлөгөөг таньж мэдэхэд амархан. Харин түүний оронд гаргасан алдаагаа бүрмөсөн арилгасан нь дээр биш үү?

Улсын эрх ашиг гэж яасан бэрх эд вэ? Комбинат байгуулахдаа улсын эрх ашгаар далайлгаж, комбинатаа хамгаалахдаа түүнийгээ өмнөө тавьж одоо ч түүгээрээ айлгаж байна. Байгалийн целлюлоз байхгүй бол улс орон бараг л сөнөж устахад хүрнэ гэж Төлөвлөгөөний комисс нотолж байна. Гэтэл Байгалийг хөнөөдөг үйлдвэрлэлийг зогсоож, түүний бүтээгдэхүүнийг өөр үйлдвэрүүдэд хуваахад болох тооцоо бас бий. Эх орон маань байх уу, үгүй юү гэдэг шууд шалтгаалсан амин чухал аж үйлдвэрийг өрнөдөөс дорнод руу тоотой хэдхэн сарын дотор зөөн байрлуулсан дайны эхний үеийг эргэн санацгаая. Байгалийн цэвэр цэнгэг ус үүнээс дутахгүй үнэт зүйл болох тэр ирээдүй ойрхон байгаа учир би ийм зүйрлэл хийж зүрхэлсэн юм шүү.

Байгаа юмаа хадгалахгүй хэрнээ байхгүй болгочихоод уйлдаг гэсэн орос ардын эртний үг хэчнээн өргөн утгатай үнэн үг вэ?
Эцэст нь Байгалийн целлюлоз-цаасны комбинатын ажилчин Василий Забеллогийн захидлаас иш татъя.  “Хүрээлэн байгаа орчин “гэж яасан албархуу, амьгүй хоосон үг вэ? Байгалийн тухай тэгж ярьж болохгүй. Байгаль бол манай үндэсний ариун тунгалаг шүтээн. Гэтэл бид энэ үзэсгэлэн гоо руугаа гар далайлаа. Яаж чадав аа? Комбинат зайлшгүй хэрэгтэй гэж хэчнээн ярьсан ч нийлэг эдээр хийсэн цамцны маань ханцуйнаас чангаан чи юу өмсчихөөд явж байна вэ гэж асууж шалгаасан ч нийлэг утас Байгалиас илүү хэрэгтэй гэж зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хүлээн зөвшөөрч чадашгүй нь! Түүний оронд бүдүүн олсон утсаар хийсэн цамцыг сэтгэл тайван өмсөх минь.

Асуудлыг ажилчин бүхэн над шиг ингэж тавихгүй ч хүн бүрт ийм сэтгэл өөрийн эрхгүй төрж байгаа шүү. Бид ажиллаж, ажилласныхаа төлөө цалин, шагнал, тэтгэвэр авч байгаа ч эцсийн дүнд бидний бүх эрч хүч, хөдөлмөр маань Байгаль нуурыг устган хөнөөхөд чиглэж байна. Тийм хөдөлмөр сэтгэлд нийцэхгүй байна.

“Ажилчин хүн улсын эрх ашгийн үүднээс сэтгэж чадахгүй байна гэж үү” гэсэн байна.
Энэ нийтлэл “Правда” сонины 1987 оны гуравдугаар сарын 11-ний дугаарт гарсан юм. Дөрөвдүгээр сарын 13-нд ЗХУКН-ын Төв хороо, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Байгаль нуурын сав газрыг хамгаалах цаашдын арга хэмжээний талаар тогтоол гаргажээ. Мөн тэр үеэр нуурын сав газрын байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх талаар урьд өмнө гаргасан шийдвэрүүдийг биелүүлээгүй буруутай хүмүүсийн хариуцлагын тухай асуудлыг ЗХУКН-ын Төв хороонд авч хэлэлцсэн байна.

Арав гаруй сайд, тусгай газрын дарга нарт хатуу арга хэмжээ авч нуурын сав газрын байгаль орчныг хамгаалах талаар гаргасан тогтоол, шийдвэрийг цаг тухайд нь хэлбэрэлтгүй биелүүлж байхыг холбогдох яам, газар орон нутгийн нам, захиргааны байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн тогтоолд Байгалийн целлюлоз-цаасны комбинатыг мебель угсрах үйлдвэр болгож өөрчлөх шийдвэр гаргасан юм. Байгаль нуурын сургамж ийм байна. Гэтэл Байгаль нуур манай сайхан Хөвсгөл нууртай хүйгээрээ холбоотой шүү дээ. Байгаль үлдээд Хөвсгөл бохирдон сүйрэх гэж үү дээ? Усны эх нь булингартай бол адаг нь мөн тийм гэдэг биз дээ. Хөвсгөлөө цэвэр тунгалаг байлгаснаар Байгаль нуураа хамгаалах талаар Зөвлөлтийн хүмүүсийн хийж байгаа тэмцэлд бид жинтэй хувь нэмэр оруулна гэдгийг мартаж бас болохгүй.

Зөвлөлтийн хүмүүс шиг байгаль орчноо хамгаалах асуудалд сонор соргог хандахад бид суралцах цаг болжээ.
Ладого нууурын байгаль орчны талаар хөдөлмөрчдөөс ирүүлсэн захидлын мөрөөр ЗХУКН-ын Төв хороо тогтоол гаргаж, бас л арав шахам хүнд хариуцлага хүлээлгэжээ. Ийм жишээ олныг дурдаж болно.
Хөвсгөл нуураа хамгаалах асуудлыг өгөөж баялгийг нь зөв зохистой ашиглахтай хослуулах ёстой нь тодорхой.

Нуурын хөвөөнд өссөн хүүхэд мөсөн дээр нь гулгаж, усанд нь шумбахаас айдаг хэрнээ Хатгалын 10 жилийн дунд сургуулийн зарим сурагч хориотой аргаар мөс дэлбэлэн загас ангуучилж байгааг юугаар тайлбарлах вэ? Хөвсгөлийн хаяанд оршдог, Хөвсгөлийг хамгаалах захиргаа ажилладаг Хатгал хотын гудамжинд олон улсын эмэгтэйчүүдийн эв нэгдлийг  хамгаалах зурагт хуудас үзэгддэг хэрнээ “Далай ээжээ” хамгаалах талаар ганц үг, өгүүлбэр ч тааралдсангүй. Ууж ундаалдаг нуураа хайрлах, хамгаалах, жинхэнэ эзэн нь байх үзэл бодлыг үр, ач нартаа өвлүүлэхээс л эх оронч үзлийн хичээл эхлэх ёстой биш үү?

Хөвсгөл нуурын ирээдүйн талаар холбогдох яамд, Шинжлэх ухааны Академи, Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн зэрэгцээ уран бүтээлийн эвлэл холбоодын анхаарал халамж илт дутаж байна. Ганц жишээ хэлэхэд Зөвлөлт, Японы зохиолчид хамтран “Байгалийн хөдөлгөөнийг” саяхан санаачлан зохион байгууллаа. Уг хөдөлгөөнийг үндэслэгчид нь гаргасан мэдэгдэлдээ цэвэр уст нуур болон ундааны усны бүх эх үүсвэр нь дэлхийн улс түмнүүдийн баялаг бөгөөд тэдгээрийг зүй зохистой ашиглах нь нийт хүн төрөлхтний үйл хэрэг” гээд уран зохиолчдын жил бүр зохиох “Байгалийн хөдөлгөөн” уламжлалт уулзалтад орон орны зохиолчдыг оролцохыг урилаа. “Байгалийн хөдөлгөөний” ээлжит уулзалт ирэх онд Армены Севан, 1989 онд Японы Бива нуурын эрэгт болно. “Байгалийн хөдөлгөөнийг” Хөвсгөлтэй холбож, ойрын үед Хөвсгөл нуурын хөвөөнд уулзалт хийгүүштэй.
Эгэл жирийн хүмүүс эх орныхоо байгалийг хамгаалах тухайд санаа тавьж эргэцүүлэн бодож байдгийг сонины газарт ирдэг олон арван захидал гэрчилнэ.

Нийслэлийн ажилчин Дарийн манай сонинд ирүүлсэн захидлыг толилуулъя.
“Би өнөөдөр “Утга зохиол, урлаг” сонинд Зөвлөлтийн ард түмэн Байгаль нуураа хэрхэн хайрлаж, аварч чадаж байгаа тухай материал уншаад, санаа зовж явдаг асуудлынхаа талаар танай редакцид захидал бичихээр шийдлээ.
Манай оронд Хөвсгөл нуур шиг тийм сайхан үзэсгэлэнт том нуур, Хөвсгөлийн тайга шиг тийм том хүчилтөрөгчийн үйлдвэр байхгүйг хэн хүнгүй мэднэ.

Байгаль нуурын эрэг дээр байгуулсан цаасны үйлдвэрийг зайлуулахын тулд Зөвлөлтийн ард түмэн тийм их тэмцэл хийсэн байхад бид яагаад Монгол орныхоо сувд эрдэнэ болсон Хөвсгөл нуурын эрэг дээр үргэлж дэлбэлэлт хийх  фосфоритын завод байгуулна гээд санаа амар сууж болдог байна аа?
Байгаль хамгаалах асуудал ийм хүчтэй яригдах болсон өнөө үед бид ингэх эрхгүй гэж бодож байна. Энэ талаар олон хүн ярьж байгаа боловч яагаад албан ёсоор ярьж бичихгүй байгаад гайхах юм. Хэрвээ фосфорын үйлдвэрийг Хөвсгөл нуурын эрэгт байгуулах юм бол хамгаалах ямар ч арга хэмжээ авсан бид эцсийн эцэст нуур ч үгүй, тайга ч үгүй болно гэдэг тодорхой. Нуур, тайга, сайхан байгалиа алдаж, үр ач нартаа үеийн үед зэмлэгдэх хэрэг хийснээс фосфорын үйлдвэргүй байвал яасан юм бэ та минь! гэжээ.

“Хөвсгөл маань мөнх байж байг!” гэсэн өөр нэг захидалд: “Байгалийнхаа нөөц баялгийг нээж, түүнийг нь дагаад шинэ хот суурин, үйлдвэр сүндэрлэн босгож байгаа нь жирийн хэрэг боллоо. Үүний нэг нь Хөвсгөл нуурын эрэгт сүндэрлэн босох фосфоритын үйлдвэр юм. Гэтэл Хөвсгөл нуур манай орны хувьд юу болох тухай тайлбарлах нь илүү гэж бодлоо. Бид дээрх үйлдвэрийг барьж байгуулах болоогүй гэдгийг шууд хэлэх гэсэн юм. Учир нь тэр үйлдвэр эдийн засагт асар их ашиг өгөх боловч Хөвсгөл нуурт нөхөж болшгүй гай тарих болно.

Энэ үйлдвэр зуу, хоёр зуун жил ажиллаж ч болно. Гэтэл Хөвсгөл нуур мөнх байх ёстой. Мөнх байх байхдаа унаган төрхөөрөө, цэвэр тунгалаг байх ёстой.
“Бид унаган байгалиа өмнөх үеэсээ өвлөж аваагүй, харин хойч үедээ унаган төрхөөр нь эргүүлэн өгөхөөр зээлдэж авсан юм” гэсэн нэгэн мэргэн үгийг санахгүй байж болно гэж үү? Мэдээж уг үйлдвэрийг барих хүмүүс зураг, төсөл хийсэн газар Хөвсгөл нуурыг “тэгж, ингэж хамгаална”, “тийм, ийм арга хэмжээ авна” гэж хэлэх ярих л байх. Түүнд үнэмших эрх бидний үед байна уу? Байгаль нуурын эрэг дэх целлюлоз- цаасны комбинатынхан В.Распутинд юу юу гэж ярьж тайлбарлаж байсныг сонсоогүй, мэдээгүй, дуулаагүй байх учиргүй. Фосфорит нь хэдийгээр бордоо болдог ч гэсэн химийн идэвхтэй хорт бодис шүү дээ. ЗХУ-д 20 гаруй жилийн өмнө алдсан алдаагаа засах гэж хэчнээн их ажил болж байгааг бид бүхэн харж байна.

Одоо чинь үйлдвэрийн яндангаар олгойдох хар утаа хүнд үйлдвэрийн бэлгэ тэмдэг болж байсан 30, 40-өөд он биш шүү дээ. Тэгээд ч алийн болгон Хөвсгөл нуураар шатахуун тээж, Хөвсгөл нуурт ноос угаасан угаадсаа асгах хийх юм бэ?
Бид Хөвсгөл нуурын тухай бичлээ. Бид тэр сайхан нуураа хараа ч үгүй өөр нутгийн (Сүхбаатар аймгийн) хүмүүс шүү.

Сүүлийн үед хэвлэлд ажил хэрэгт нэмэр болох, зарим үед замыг нь заагаад шахам өгсөн санал бодол эргэцүүлэл их гардаг боллоо. Гэвч холбогдох газрууд үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж, сайжруулж, өөрчилж байгаа зүйлгүй хуучин хэвэндээ зууралдсаар байх болсныг нам, засгийн төв хэвлэл  анхаардаг биз дээ” гэж Дорнод аймгийн тээврийг удирдах газрын техник, механикч Элдэв-Очир, Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлийн ажилтан, инженер механик Б.Пүрэвдорж нар бичжээ.

Үнэхээр фосфоритын өлсгөлөн болох яагаа ч үгүй онгон хөрсөндөө дөнгөж саяхан тариа тарьж эхэлсэн бид бордоогоор тэгж их дутаж байна гэж үү? Олон сая жил цэнгэг устай, ариун байгальтай байх уу? Хэдхэн жилд бөөн мөнгө олоод нуургүй хоцрох уу? гэж хүмүүс эргэцүүлэн бодолгүй яах вэ? Баялгаа ашиглах ёстой. Гэхдээ “алтыг нь аваад авдрыг нь хаяв” гэгчээр ажиллаж болохгүй нь мэдээж. Хохирол гарч болох бүх замыг хааж байж эзний ёсоор үүцээ нээх нь зүй биз.

МАХН-ын XIX их хурлын шийдэврт: “Байгаль орчныг  хамгаалах асуудал улам хурцаар тавигдаж байна. БНМАУ-ын энэ талаарх хууль тогтоомжийг хангалтгүй биелүүлж байгаагаас болж, газар ус, агаарыг бохирдуулах, ургамал амьтны ертөнцөд хайр гамгүй хандах, улмаар экологийн тэнцвэр алдагдахад хүрэх явдал зарим газар үзэгдэж байна” гэсэн заалт бий. Байгаль орчныг хамгаалахад бүхний “хараа хяналтыг хүчтэй болгох” намынхаа их хурлын заалтыг мөрдлөг болгож дэлхий ээжийн монгол түмэнд заяасан ариун тунгалаг рашаан-Хөвсгөл нуураа хамгаалцгаая!

“Үнэн” сонины 1987 оны ¹233-д хэвлэгджээ
 

Тавтай Морилно уу »

Eco Cabinet

Сэтгүүл Зvй »

Baldorj Prize

Боловсрол »

Baldorj Prize

Application form »

Application Form