Baldorj Foundation

Нvvр arrow Уралдаанд ирсэн бүтээлүүд arrow Орон сууц нэртэй “оршуулгын газар”
Орон сууц нэртэй “оршуулгын газар”

босоод буй юм биш үү

Л.ГАНЧИМЭГ

XXI зууны монголчууд эсгий гэрээсээ салж, олон  давхар “харшид” тухтайхан аж төрж хүн төрөлхтний жишгээс түрүүлдэггүй юм гэхэд нэг их хоцрохооргүй амьдрах болов. Хэдийгээр энэ нь хүн амын маань цөөнхөд  хамаатай ч орчин үеийн соёлт хүмүүний зайлшгүй хэрэгцээ болсон. Цаашид ч энэ  цуваа  уртсах нь мэдээж. Учиргүй олон өрөөтэй биш ч гэлээ тохилог, ая тухтай орчинд амьдрахын тулд цалингийн зээлээр, үгүй бол байгаа хөрөнгөө барьцаанд тавиад ч болов хүмүүс орон сууц руу хошуурцгааж байна. Өнгөрсөн онд улсын комисс нийт 280 гаруй барилгад зөвшөөрөл олгосноос 250 орчим нь орон сууцных байжээ. Үүнээс 140-өөд байрыг ашиглалтад хүлээн авсан аж.

Гэтэл хүмүүсийн хүслийг гацаанд оруулах зүйл захаас аваад мундсангүй. Уг нь монголчууд шинэ орон гэрт орохдоо ихэд бэлгэшээн сарын сайныг саатан хүлээж, найр наадам хийн хүндэтгэлтэй ханддаг. Харин сүүлийн үед нэг байранд орох гэж, орсон хойноо шаардлага хангасангүй гэхчлэн бөөн хэл ам таталдаг болсон.

Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөн байж орсон шинэ сууц нь ус алдаж, өвөлдөө цан хүүрэг татаж, дуу чимээг шүүрэн шанага шиг шууд нэвтрүүлдэг зэргээр эздийнхээ бухимдлыг төрүүлдэг. Гэтэл энэ нь ихэвчлэн улсын комисс хүлээж аваагүй буюу ашиглалтад оруулахыг хориглосон байрууд байдаг аж. Мөнгөө төлсөн иргэд байрандаа орохын тулд гүйцэтгэгч компаниудаа яаруулдаг, нөгөөдүүл нь ч хугацаандаа оруулаагүй бол гэрээний дагуу алданги төлөх учраас үүнээс зайлсхийхдээ иргэдийг даруйхан оруулаад амыг нь хаачихдаг. Үнэндээ тэдэнд улсын байцаагч нарын “болохгүй” гэсэн үг торгууль төдийхнөөр л үйлчилдэг болжээ. Харамсалтай нь эцсийн дүнд энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар 2008 онд улсын комисст орж ажиллахдаа шинээр ашиглалтад орж буй барилгыг хянаад зөвхөн усны тоолуур суурилуулах асуудалд л гэхэд арав гаруй зөрчил илрүүлжээ. “Орон сууцны барилга барьж буй компаниуд усны тоолуурыг ихэвчлэн мэргэжлийн бус хүнээр суурилуулдаг нь заалт харах боломжгүйгээс гадна тоолуурын заалтын үнэн зөв байдалд нөлөөлөхүйц газарт байрлуулдаг зөрчил илэрсэн. Үүнтэй холбогдуулан бид тодорхой арга хэмжээ авч ажилласан. Харин саяхнаас биднийг комисст оруулахаа больсон тул Ус сувгийн удирдах газар, Дулааны шугам сүлжээний газар зэрэг байгууллагад энэ талын зааварчилгаа өгөөд л хянуулдаг болсон” хэмээн НМХГ-ын Хэмжилзүйн хяналтын улсын байцаагч А.Цэвэлмаа ярьсан юм.

Хэзээ, хаана, хэний удирд­лагаар баригдаж, ашиглалтад орсон нь тодорхой хэрнээ шинэ хэмээх тодотголтой барилгууд яагаад оршин суугчдыг хохироогоод байна вэ. Энэ нь нэг талаар барилгын захиалагч, гүйцэтгэгч, хүлээж авдаг улсын комиссынхны уялдаа холбоогүй ажиллагаанаас болдог ч байж мэдэх. Ганц жишээ татахад, саяхан МХЕГ-ынхан дүүргүүдэд гэнэтийн шалгалт хийхэд нь хамт сурвалжилсан юм.

Хан-Уул дүүргийн I хороо “UB TOWN” хотхоны 83 дугаар байрны узелиэр биднийг ороход дулааны шугамуудыг давхар бүрж, утсыг тусгаарлах ёстой байтал тэгээгүй, эрсдэл дагуулсан дан утаснууд арзайгаад угтсан юм. Энэхүү зөрчлийг нь улсын байцаагч нар хэлэхэд уг байрыг 2006 онд ашиглалтад оруулсан гэх “МКB” ХХК-ийнхан “Анхнаасаа улсын комисс нь хүлээж авахдаа үүнийгээ хэлэх хэрэгтэй байсан юм. Одоо эд нар шалгалт гэж сүр бадруулаад нэмэргүй шүү дээ. Учир нь барилгын баталгаат хугацаа болох гурван жил нь дуусаж байгаа учраас манай зүгээс арга хэмжээ авахад хүндрэлтэй” гэлээ.

Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд өнгөрсөн онд ашиглалтад орсон гэх Кёкүшюүзаны гэх долоон байрны дулааны узельд ороход иргэдэд мөдхөн түгшүүр дуулгаж мэдэх болсон байв. Тус узелийн шал нь 30 см орчим доош сууснаас хана нь цуурчээ. Узелийн голд байрлах том төхөөрөмжийг дээрээс нь татуурга хийж аргалж байгаа тухайгаа УСУГ-ын Орон сууц ашиглалтын албаны тасгийн инженер Л.Цэдэндаш учирласан.

Нөгөөтэйгүүр дэлхий дахинд нүүрлээд буй эдийн засгийн хямрал орон сууцтай болох гэсэн иргэдийн амьдралд ч хар сүүдрээ унагаад авсан аж. Үүнийг далимдуулагчид иргэдийн халаасыг тэмтрэх болжээ.

Шинэ орон сууцанд орох гээд компанитайгаа гэрээ хийгээд захиалгаа өгсөн байтал барилгын материалын үнэ нэмэгдсэн гэдэг шалтгаанаар илүү мөнгө төлөх болчихоод өдгөө байрны эрхийн бичгээ ч авч чадахгүй байгаа иргэдтэй уулзав.

Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо Дамбын гудамжны “60-А” байрны зарим иргэн энэ талаар гомдлоо шийдүүлэх гээд хөөцөлдөж буй аж. Тэд 2003 онд “Баярс констракшн” ХХК-тай нэг жилийн хугацаанд ашиглалтад орох орон сууцны барилгын гэрээ байгуулжээ. Гэтэл уг барилга  “босолгүй” сунжирсаар өнгөрөгч оны есдүгээр сард ашиглалтад орсон боловч барилгын материалын үнэ тэр үеийнхээс өссөн тул 1000 доллар нэмж төл хэмээн гэдийжээ.

Тус компанийнхан барилга нь нэгэнт ашиглалтад орчихсон учраас иргэдийг байранд оруулсан боловч эзэн нь гэдгийг баталгаажуулах эрхийн бичгийг нь өгөлгүй барьцаалсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд тусгагдаагүй атлаа өдгөө нэхэмжлээд буй илүү мөнгийг нь өгөхөөс нааш тэр хүмүүс өөрийн гэх орон гэр, өмчтэй үгүйгээ ялгахгүй суух аж. Ийм шалтгаанаар орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй хэд хэдэн иргэн энд байдаг тухай нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ярьсан юм.

Түүнчлэн барилгын дүрэм журамд таван давхраас дээш барилга цахилгаан шаттай байх ёстой хэмээн заасан. Гэтэл долоон давхар тус барилга ийм биш. Улсын комисс шаардлага хангаагүй хэмээн эхэндээ уг барилгыг хүлээж аваагүй ч нэг л өдөр гэнэтхэн “тамга дарсанд” долоон давхрын өөд, уруугаа өдөрт хэд хэд дасгал хийдэг оршин суугчид нь гайхаж, бас ундууцдаг юм билээ.

Энэ мэтчилэн хэл ам дагуулсан шинэ байрны асуудлын нөгөө талд ашиглалтын шаардлага хангаагүй буюу мэргэжлийн байгууллагаас акт бүрдүүлчихсэн байруудад иргэд амьдарч буй явдал өнөөдөр эмзэг асуудал болоод байна. Баянзүрх дүүрэг, хуучнаар Сүүний үйлдвэрийн 20, 21, 22 дугаар байрыг мэргэжлийн хяналтынхан гурван жилийн өмнө актанд гаргаж, даргад нь албан бичиг хүргүүлжээ. Гэтэл хана нь дээврээсээ эхлэн хуруу илүү цуурчихаад хэзээ мөдгүй хоёр тийшээ унах гэж байгаа эдгээр байранд оршин суугч 100-гаад иргэн айдаст автан амьдарсаар. Хоёр жил гаруйхны өмнө 20-А байрны хоёр өрөөг акталсныг мэдэлгүй 17 сая төгрөгөөр худалдан авсан өндөр настан С.Чанцалдулам өдгөө орон гэртээ шөнө бүтэн нойртой хоноход бэрх болсноо нулимс цийлэгнүүлэн ярьж байв.

“Би энэ байрыг актанд гарсныг мэдэнгүүтээ МХЕГ-т цаашид хэрхэх талаар шийдэж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Гэтэл нийслэлд 17-18 ийм барилга байдаг, энэ асуудлыг яаж шийдэх талаар одоогоор  мэдэх газар алга гэсэн шүү юм яриад өнгөрсөн. Өнгөрсөн хаврын сонгуулиар УИХ-д нэр дэвшигч Т.Ганди, Ц.Батбаяр нарт би бүх хүний гарын үсэг бүхий өргөдөл гардуулж өгсөн. Ц.Батбаяр гишүүн “Энд би бага насаа өнгөрөөсөн учраас эдгээр байранд анхаарал тавина” гэж хэлээд бүтэн жил хариу өгөлгүй алга болчихсон. Үүнийг холбогдох хүмүүс, байгууллага нь анхааралдаа авахгүй бол бид дарагдах нь байна шүү дээ. Хэнд хандах, яахаа үнэхээр мэдэхгүй боллоо” хэмээн гуйх, учирлахын завсарт тэрбээр өгүүлсэн юм.

Энэ байруудын дэд бүтцийг хариуцдаг “Эцэг-Хүү” ХХК оршин суугчдаас сар бүр татдаг мөнгөөрөө гадна талыг нь өнгөлж буддаг ч дотроо бол тааз нь шавар гэх юм юу ч үгүй сараалжилсан мод болсон аж. Тус компанид иргэд нь хандахаар “Та нарт Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж өгье” гэдэг аж. Тэртээ тэргүй нурж унах гэж буй барилгад СӨХ ямар хэрэгтэй юм бэ. Дэмий л мөнгө идэхийн нэмэр шүү дээ. Хана нь хүүхдийн зулай шиг болсон уг байранд өнгөрсөн жил нэгэн эмгэн “00” өрөөндөө сууж байгаад дарагдсан. Ийм орчинд дахиад аюул нүүрлэхгүй гэх баталгаа даанч алга. Гэтэл эндээс гарлаа гээд хаачихаа ч мэдэхгүй иргэдээ яах вэ, төр засгийн түшээд минь.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргалаас тодрууллаа.

 

Гүйцэтгэгч компаниуд иргэдийн эрх ашгийг бодолцох ёстой

-Ашиглалтад орсон байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад иргэд нүүж ордог гэх юм. Үүнээс болоод оршин суугчид хохирвол яах вэ?

-Захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд байгуулсан гэрээ гэж бий шүү дээ. Түүнийхээ дагуу явах ёстой. Мэдээж байртай болох гэсэн иргэдэд тэр мөнгийг бүрдүүлэхэд эдийн засгийн хүндрэл гарна. Тиймээс яаравчлах нь зүйн хэрэг. Гэхдээ манайхан барилгын тухай хуулиа огт мэддэггүй. Иргэд нь улсын комисс хүлээж аваагүй байранд ордог, компаниуд ч үүнийг нь хориглодоггүй. Саяхны нэг борооноор л гэхэд ашиглалтад орсон, ороогүй хэд хэдэн шинэ барилгаас дусаал гоожсон гэсэн 50 шахам гомдол. Нөгөөтэйгүүр, саяхан Засгийн газраас “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” баталсан. Энэ явцад цаг алдсан зүйл манай зүгээс байгаа. Харин тавдугаар сарын 14-нөөс хэрэгжиж эхэлсэн 72 дугаар тогтоолыг мөрдөөд одоо бид шуурхай ажиллаж байгаа. Тухайлбал, улсын комисс 83 орон сууцыг хянаж шалгаад 12-ыг нь хүлээн авлаа.

-Хууль зөрчсөн энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ. Яавал энэ байдал багасах бол?

-Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу байгууллага, аж ахуйн нэгжийг 2-4 сая, иргэдийг 50 мянгаас нэг сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг.
Манай иргэд өөрсдөө хариуцлагатай, энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Бас гүйцэтгэгч компаниуд ч иргэдийн эрх ашгийг бодолцох ёстой. Угаасаа хуулиар ингээд заачихсан болохоор бидэнд хяналт тавихаас өөр эрхзүйн орчин байхгүй. Тухайлбал, байцаагчийнхаа гаргасан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрх нь алга шүү дээ.

-Орон сууцыг хүлээн авдаггүй гол шалтгаан юу вэ. Улсын комисс барилгын компаниудад биелүүлэхэд бэрх шаардлага тавьдаг юм биш биз дээ?

-Мэдээж улсын комисс барилгын дүрэм журмын дагуу л шаардлага тавьдаг. Тухайн барилга зураг төслийн дагуу баригдсан, гадна, дотно шугам сүлжээний асуудлаа шийдсэн байх ёстой гэхчлэн энгийн л асуудлууд байдаг шүү дээ. Үүнийг л хүнд бэрх гэхгүй бол өөрөөр тийм зүйл байхгүй. Ер нь  барилгын угсралт, засалтаас гадна бичиг баримттай холбоотой олон зөрчил илэрдэг.

-Зарим барилгыг улсын комисс хүлээн авсан хэрнээ тэр нь шаардлага хангахгүй, оршин суугчдын бухимдлыг төрүүлдэг шүү дээ. 

-Улсын комиссоос тавьсан шаардлагыг биелүүлснийх нь дараа тухайн барилгыг хүлээж авдаг. Гэтэл өмнө нь байрандаа орчихсон иргэд дараа нь биднийг очиход гэртээ байх, байхгүй үе таарна. Түүнчлэн манай зарим байцаагчид байрыг багаж хэрэгслээр турших нөхцөл муу учраас шалгалтын явцад зөрчил илрэхгүй байх үе ч бий.

-Тэгвэл ашиглалтаас гарсан барилгууд дээр танайх ямар арга хэмжээ авдаг вэ. Тэнд амьдардаг иргэдийн асуудал хүнд байдаг бололтой?

-Тийм ээ. Энэ бол үнэхээр даруйхан бодох л асуудлын нэг. Тухайлбал, “40 мянгат”-ын айлуудын байр хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх эсэх нь эргэлзээтэй. Тэднийг аюулаас урьдчилан сэргийлж түр орогнуулах байр ядаж л алга байна шүү дээ. Ер нь бол манайх улсын төсвөөр түр амьдрах байр л баримаар байгаа юм.

Улсын байцаагч энд хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлт гаргасан л бол үүнийг иргэд болоод аж ахуйн нэгж биелүүлэх ёстой. Гэтэл шалтаг хэлээд суучихаж байгаа иргэдийн нүүх газрыг нь шийдэж өгөөгүй байж бид хөөж гаргах эрхгүй. Тиймээс энэ асуудлыг шүүхэд шилжүүлдэг. Уг нь бол нийслэлийн Засаг даргын Тамгын газар үүнийг шийдмээр байгаа юм.

Бид хаана, хаанаа хоосон яриад, зүгээр суух биш ямар нэгэн ажил хийж эхлэхгүй бол шинэ, хуучин байрны асуудал эмх замбараагаа алдлаа. Сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хот гэгдэх Улаанбаатарт улсын комисс хүлээж аваагүй хэр нь ашиглалтад орж, өдгөө тав дахь жилдээ хүн амьдарч байгаа орон сууц ч байна. Тэдгээр гайхлууд хэзээ “чих халууцуулахыг” хэн хэлж мэдэх билээ.

 

"Өнөөдөр" сонин 2009.06.27

 

Тавтай Морилно уу »

Eco Cabinet

Сэтгүүл Зvй »

Baldorj Prize

Боловсрол »

Baldorj Prize

Application form »

Application Form