Baldorj Foundation

Нvvр arrow Уралдаанд ирсэн бүтээлүүд arrow Я.ОДСҮРЭН: Таван хурууныхаа нэгийг тайруулчилгүй
Я.ОДСҮРЭН: Таван хурууныхаа нэгийг тайруулчилгүй

 20 настайгаа золголоо

Болдбаатарын АНХЦЭЦЭГ

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлаг 20 нас хүрч байна. Ингээд хамтлагийн хөгжимчин Я.Одсүрэнтэй уулзаж, ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье?
-Манай хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо энэ аравдугаар сард хийх гээд  тун завгүй байна. Бид 1989 оны аравдугаар сарын 26-нд  анхны “Амьдрал” концертоо тоглосноос хойш өнөөг хүртэл Харангийнхан 1989, 1991, 1993, 1995, 1997, 1999, 2004 онд бүрэн хэмжээний долоон тоглолт хийжээ. Найм дахь тоглолтынхоо  ойн баяраас өмнө шинэ цомог  гаргах гээд зав хомсхон байна даа.

-20 жил гэдэг бага хугацаа биш. Анх “Харанга” хамтлаг байгуулагдаж байсан түүхээ эргэн нэг дурсаач?
-Манлай бид хоёр анх 1975 онд аравдугаар ангиа төгсөөд л “Ногоон гэрэл” хамтлагт орж найзалж эхэлсэн. Тэр үед чинь  эр хүн болгон цэргийн алба хаадаг байлаа шүү дээ.  Тухайн үед бид хоёр цэргийн албанд татагдаж, Манлай “Соёмбо” хамтлагт,  би  Зүүнбаянгийн цэргийн нэгтгэлд алба хааж байхдаа  “Баянговь” гэж хамтлаг байгуулаад тоглож байсан.
Бид  хард рокийн эцэг гэгддэг “Deep purple” хамтлагийг сонсч өссөн.  Энэ хамтлаг шиг рок хамтлаг байгуулахыг хүсдэг байсан. Энэ хүсэл маань 1989 онд  биелж бид бүхэн хүсэн хүлээсэн “Харанга” хамтлагаа байгуулж байлаа. Хамтлагийн маань нэрийг бидний дотны найз  УАДБЧ-ын бүжигчин Сүхээ  маань өгсөн.  Анхны “Амьдрал” тоглолтоо хийхэд  Манлай, Чука бид гурав дуугаа хувааж  зохионо.

Тэгээд тэндээсээ шилж оруулдаг байлаа л даа. Лхагваа маань анх манай хамтлагт “Шүүдэр цэцэг” дуугаа дуулж шалгуулж орж ирж байсан. Тэгээд тэр дуу нь хит болсон. Тус тоглолтоос олон сайхан дуу хит болсон доо.
Тухайлбал,  Манлайгийн “Аялгуу”, “Амьдрал”,  Чукагийн “Дөрвөн улирал”,  миний “Томоотой хүн” гэх мэт.  Манай хамтлаг нийт долоон тоглолт хийсэн байна.  Дөрөв дэх тоглолтоос ихэвчлэн манай Чука дуугаа зохиохоос эхлээд ихэнх ажлыг нугалдаг байлаа. Одоо бодоход Чукагаа их өрөвддөг юм. Тухайн үед Чукагаас бусад нь сархад хэрэглэдэг  байсан. Тэр дөрвөн хүний дунд тэвчиж байна гэдэг асар их ухаан, мундаг тэвчээр.  Манай хамтлагийнхан танилцсанаас хойш 30 гаруй  жил болжээ. Өдийг хүртэл хамтдаа байгаа нь  бие биеэ ойлгох, нэгнийхээ алдааг уучилж чаддагт байгаа юм.

-Та яаж яваад урлагтай, тэр тусмаа гитартай амьдралаа холбов доо?
-Намайг нэгдүгээр ангид байхад эгч маань гитар зааж өгч байсан. Тэгээд дөрөвдүгээр ангидаа анх XX сургуулийн тайзан дээр гарч байлаа. Тухайн үед манай хөгжмийн багш Чүлтэмдорж  гэж сайн багш байсан. Тэр багшаасаа би анх Чех улсын гитарыг гуйж гэртээ авч очиж, өвөртөлж унтаж байлаа.  Энэ нь  гитар бид хоёрын үнэнч үерхэлийн эхлэл байж дээ. 1971 онд пионерийн ордны хөгжмийн дугуйланд орсон.  Энэ нь хөгжмийн нарийн мэргэжил эзэмшихэд ихээхэн дөхөм болсон.   Энэ дугуйлангийн багш Пүрэвжав гэж агуу багш байсан.  Багшийн минь зааж сургасан эрдэм маань мэргэжлийн өндөр түвшний  уран бүтээлч болох гарааг нээсэн. Өдгөө  гитартайгаа 44 жил найзалсан байна шүү.

-Урлагийн хүмүүсийн алдаа оноо нь олны өмнө ил байдаг?
-Тийм ээ. Урлагийн хүн авьяасаараа л олонд танигддаг. Асар их хөдөлмөрлөж байж авьяасаа нээдэг. Урлагийн хүмүүс ард түмнээсээ нэг алхамын өмнө байх ёстой. Тэгж байж ард түмнээ хөтөлнө  шүү дээ. Урлаг хэт их  гоёдож, эсвэл хэт туйлширч  болохгүй гэж урлагийн томоохон төлөөлөл болсон хүн хэлсэн байдаг. Нэг хит  дуу гарахад арван хүүхдийн гурав нь тэр дуугаар хүмүүжиж байвал гавьяа. Магадгүй урлагийн хүмүүс Янжинлхам бурханы явуулсан илч байж болно. Бурханы сэтгэхүйг бид хүмүүст хүргэж байгаа нэг ёсны зарц юм.  Бид хүнтэй ижилхэн алдаа гаргасан байхад хүнээс илүү хариуцлага үүрдэгт л байгаа байхгүй юу. Энэ нь зөв зүйл л дээ. Өөрийнхөө хүслээр амьдрахаар ард түмнээ хүндлэхгүй байна гэж шүүмжлүүлдэг. Тэгэхээр бид өөрийн хүслээ уран бүтээлээр ард түмэндээ хүргэж байдаг.

-Монголын рок попын хөгжлийн түвшингийн талаар  мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх вэ?
-Ямарваа нэгэн зүйлийн түвшинг шалгана гэдэг утгагүй зүйл. Жишээ нь таны бичсэн зүйлийг хэн ч бичиж чадахгүй. Миний тоглосон хөгжмийг хэн ч тоглож чадахгүй. Одсүрэн ертөнцөд ганц шүү дээ. Түүнтэй адил аливаа уран бүтээл ганц. Миний  ертөнц хүрээгээ тэлж байвал би сайн юм хийж байна гэсэн үг. Нөгөө талаас гадаадын уран бүтээлч гэхээр манайхан хошуурдаг. Энэ нь зөв л дөө. Гэхдээ бид өөрсдийгөө хүндэлж байж, гадаадынхныг хүндлэх хэрэгтэй. Би үндсэрхэг үзэлтэй. Монголчуудыг муулсан хүнд дургүй. Бид гадныхнаас ур чадварын хувьд нэг их дутахгүй шүү. “Назарейд” хамтлаг  монголд ирэхэд манай хамтлагийнхан тэдэнтэй хамт хэвлэлийн бага хурал хийлгэж л байсан. Энэ нь бидний өөрсдийнхөө зорилгод үнэнч, тууштай явсаны үр дүн гэж боддог. 

-Таны бодлоор эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?
-Хуулийн хүрээнд л эрх чөлөөгөө эдлэхийг хэлэх байх.  Гадны оронд очиход тамхи татах  газар ховор.  Энэ нь тухайн улс орны  өөрсдийн хууль тогтоомж. Бид түүнд нь захирагдаж тэнд амьдарч л байна. Тэгэхээр бид ч гэсэн эх орондоо   хуулиа дээдэлж, үүргээ биелүүлж, эрхээ эдлэх хэрэгтэй.

-Та 50 гарч яваа гэхэд наснаасаа залуу харагдаж байна. Энэ нь урлагийн буян уу?
-Тэгэлгүй яахав. Энэ чинь өөдрөг сэтгэлийн үр дүн.  Бид уур уцаар, гунигтай байхдаа уран бүтээл хийнэ гэж байхгүй шүү дээ. Бухимдалтай  байсан ч түүнийгээ  дараад уран бүтээлээ хийх ёстой. 

-Уучлаарай. Та одоо  50 гарчихжээ. Тэгэхээр аав ээжийн тань талаар таниас асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Миний аав Б.Яринпил гэж хүн байсан. Аав маань Улаанбаатар төмөр замд насаараа ажилласан.  Миний ээж одоо 80 гарсан буурай байна. Би ээжийгээ л  их өрөвддөг.  Яагаад гэвэл бага залуу байхдаа жаахан хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байлаа.  Одоо бодоход энэ байдалтай ээж минь эвлэрэх гэж багагүй зовдог байсан байхаа.   Би ямар ээждээ мөнхийн ус уулгах чадалтай биш дээ.  Ээждээ нэг сайхан дуу хийе гэж бодоод амжихгүй л явна.  Энэ сайхан амьд бурханд зориулж уран бүтээл туурвихад сэтгэлд чамлагдаад байна.

Миний ээж олон долоон үггүй, хүнийг ялгаж харьцдаггүй. Хүнд их тусархуу хүн дээ.  Зодоон хийж байгаа хүмүүс байвал дундуур нь ороод салгачихна.  Эцэг эх, үр хүүхдийнхээ төлөө үргэлж л санаа тавьдаг юм байна. Би үүнийг үр хүүхэдтэй болоод л мэдэрсэн. Одоо намайг ээж рүүгээ ярихгүй хоёр хоноход л ээж маань утсанд нэгж явуулах жишээний/инээв/. Гэхдээ л хүн ээжийгээ урмаар л хайрлах хэрэгтэй гэж боддог. Чи өөрөө сайн явахад л ижий  тань баярладаг.

-Ингэхэд та  найз нөхдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Жаргал зовлонгийн  алинд ч хамт байж түшдэг тийм л хүнийг найз гэнэ дээ. Алдартай байхад олон найз нөхөдтэй болдог. Алдаж эндэхийн цагт нэг хэсэг нь хасагддаг. Л.Батбаяр гэж миний  сайн найз бий. Бид долдугаар ангид байхдаа анх танилцсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл сайн муугаа дуудалцаад явж л байна. Тус болно гэдэг хамгийн гол нь эд мөнгөөр тэтгэхдээ биш шүү дээ. Сэтгэлээр  л дэм болох шиг сайхан зүйл алга.   С.Нарангэрэл,  Ц.Энхманлай, Энхболд, Ц.Бямбажав гээд сайн найз бий. Ц.Бямбажав маань миний хуурай ах.  Ахдаа тамхи татаад зодуулдаг байлаа. Энэ хүн намайг зөв хүмүүжүүлсэн дээ. Ц.Бямбажав ах маань надтай “Ногоон гэрэл” хамтлагт цуг тоглодог байсан.   Хүний найз нөхөд аяндаа амьдралд шалгагдаад ирдэг юм билээ. Нөхөрлөж байж л найзыг таньдаг гэдгийг 50 хүртлээ харлаа даа. 

-Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад харамсах зүйл бий юу?
-Гомдох зүйл алга. Хийж чадаагүй, алдсан алдаагаа өөрийнхөө үр хүүхдэд давтуулахгүй юмсан гэж бодож сууна. Миний ханийг А.Оюунчимэг гэдэг. Бид гурван хүүтэй. Хань маань төмөр замын эмнэлэгт эмч. Том  хүү маань хөгжим бүжгийн коллеж төгсөөд одоо Америкт  хөгжмөөр сурч байгаа. Дунд хүү маань сая ШУТИС-ийн лецей төгссөн. Одоо ямар нэг сургуульд орох байх даа. Бага хүү маань одоо зургаан настай. Манай гэрийн ганц атмаан даа. Хүн өнгөрүүлсэн амьдралдаа харамсаад яахав дээ. Алдсан алдаагаа мэдээд эргэж харахгүйгээр урагшаа харж амьдар гэж манай ээж захидаг.  Би энэ үгийг үргэлж бодож явдаг.

-Лхагваа ах анх танай хамтлагт дуучин болж байхдаа үхэн үхтэлээ хамт дуулж чадах уу гэж асуухад чадна гэж хэлж байсан гэдэг. “Харанга” 20 нас хүрлээ. Фэнүүд чинь хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл бол тэр өдөр дуучин Х.Лхагвасүрэнг харах.  Гэвч энэ мөрөөдөл нь биелж “элэг бүтэн” ойгоо тэмдэглэх нээ?
-Бид 20 жилийнхээ ойгоор  Лхагваагаа чөлөөгөөр гаргахсан гэж бодож байсан. Гэтэл одоо бүх зүйл сайхан боллоо. Н.Энхбаяр ерөнхийлөгчид баярлаж байна.  Уучлал үзүүлнэ гэдэг асар том хүч, тэвчээр. Манай хамтлагийнхны  хувьд мэдээж бид баяртай байгаа. Хуулийг завхаруулсандаа бус. Тэр хүн ирээдүйд ямар хүн болох  вэ гэдгээр нь уучилсан. Хүний итгэлийг даана гэдэг асар том хариуцлага. Таван хурууныхаа нэгийг тайруулчилгүй  20 насны ойн баяраа тэмдэглэж байгаадаа сэтгэл өег сууна. Ойн баяраараа мэдээж бүхий л хит дуугаа дуулна.  Лхагваа минь суллагдаад элэг бүтэн болж байна.

Тэгэхээр  цаашдаа олон сайхан уран бүтээл төрөх байх аа.  Одоо сайн уран бүтээлээ ард түмэндээ өргөн барих нь бидний үүрэг. Мэдээж манай Лхагваагийн өмнө олон зорилго зорилт байгаа байх. Алдсан алдааныхаа нэг хэсгийг тэр газар өнгөрөөлөө.

-Лхагваа ахыг хоригдож байхад таныг хамтарч уран бүтээл хийсэн гэж сонссон?
-Тийм ээ. Миний шинэ  “Х рок” цомогт орсон “Чам руу нислээ”, “Монголдоо” гэдэг дуу байгаа.  Энэ арван нэгэн дуутай цомгийн таван дууных нь шүлгийг манай Лхагваа бичсэн. Лхагваа маань тэнд  байхдаа ч уран бүтээлээ хийж л байсан. Гэхдээ хамгийн гол нь хүний эрх чөлөөг хязгаарласан нь хүнд шүү дээ. Тэр байгууллагын дарга нар нь сайн хүмүүс байсан. Бидэнд тусдаа өрөө гаргаад уран бүтээл хийхэд тусалж байсанд баярлаж байна.

-Зарим хүмүүс мансууруулах бодисын хэрэгт яллагдсан хүнийг сулласан гээд их дургүй байгаа?
-Нэгнийхээ үхсэн хойно нь магтаад хэрэггүй шүү дээ. Түүнтэй адил амьдад нь булшлаад хэрэггүй. Яахав эр хүн нэг алдаа л биз. Тэр алдаан дээр нь түлхэж байхын оронд  засахын тулд татах хэрэгтэй шүү дээ.  Сайн явахад нь сайн уу. гэчихээд саар явахад нь дугарахаа байчихдаг хүмүүсийг би үзэн яддаг. Өөрт нь ашиггүй бол өрөөл бусадтай харьцдаггүй хүмүүс байна. Тэр бол үнэхээр муухай.

-Олон жил хамт уран бүтээл туурвисны хувьд Лхагваа ахыг та л сайн тодорхойлох байх. Ер нь  Х.Лхагвасүрэн гэж хувь хүнийхээ хувьд?
-Маш цайлган. Аливаа бодсон зүйлээ шууд шударга л хэлдэг хүн. Сонингийн сурвалжлагч ирээд ярилцлага авах гэхээр нь “Ах нь өгөхгүй ээ. Та нар ямар үнэн юм бичдэг биш” гээд хэлээд сурвалжлагч нарын дургүй хүргэдэг. Яагаад Лхагваа ах ингэж хэлэв. Бид ямар алдаа гаргав  гэдгийг сэтгүүлч хүн болох л асуудал шүү дээ. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг биз дээ.  Бид хорин жилийн хугацаанд муудах сайдах үе зөндөө л байсан.
Хамгийн гол нь маргааш нь бие биенээсээ уучлал гуйж чаддаг. Тийм хүнийг л эр хүн гэдэг.  Ний нуугүй хэлэхэд манай Лхагваа жинхэнэ эр хүн. Бодсоноо шууд хэлдэг нь хүмүүсийн дургүй хүргэдэг юм шиг байгаа юм.

-Лхагваагийн зүүн нүд нь хараагүй болсон. Нойр булчирхай нь өвчилсөн гэх юм. Үнэн үү?
-Тийм ээ. Зүүн нүдэнд нь болор суулгахгүй бол болохгүй болсон. Хоригдохоосоо өмнө зүүн нүд нь бүрэлзээд байна гэдэг байсан. Тэнд ороод улам л  муудсан байх л даа.  Цаашдаа Лхагваагийнхаа эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна.

-Таныг нэг хэсэг сархад их хүртэж байсан гэдэг?
-Нэг хэсэг ч архийг их “залдаг” байлаа. 2000 оноос хойш  уухаа байсан.  Би чинь хойд насаа зээлээд уучихсан хүн. Одоо уух эрх алга. Одооны  залуучууд ухамсартай болоод архи хэмээх гашуун идээг нэг их хүртэхээ байж. Энэ бол дэвшил шүү. Гэр орон хэрүүл маргаангүй байна гэдэг аз жаргал.  Архи уусан хүн агсам тавиагүй ч хэлж байгаа үг нь агсам тавьдаг юм байна лээ. Сайн үг хэлсэн ч тэр нь агсам болдог. Тийм болохоор сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг гашуун идээнээс хол явцгаая гэж  захимаар байна.


“Өнөөдрийн Монгол” сонин 2009.06.23

 

 

Тавтай Морилно уу »

Eco Cabinet

Сэтгүүл Зvй »

Baldorj Prize

Боловсрол »

Baldorj Prize

Application form »

Application Form