Baldorj Foundation

Нvvр arrow Уралдаанд ирсэн бүтээлүүд arrow Ш.Дулмаа: Үхэн үхтлээ үзгээ тавихгүй
Ш.Дулмаа: Үхэн үхтлээ үзгээ тавихгүй

Болдбаатарын АНХЦЭЦЭГ

“Өглөө”, “Үүрийн цолмон”, “Халхын сайхан эрчүүд”, “Хайрын эгшиглэн”, “Хайрын шивнээ”, “Тоосон дундах цэцэг”, “Алтан урсгал” зэрэг 30 гаруй ном, “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хар нүдэн бүсгүй”, “Алтанзул”, “Хүлээлт” зэрэг олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Хаан найргийн хатан Ш.Дулмааг “Эгэл яриа” булангийнхаа зочноор урилаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоос яриагаа эхэлье?
-"Амьдрал хайр дээр тогтдог" тоглолтоо энэ сарын 27-нд хийх гэж байгаа. Тоглолтоосоо өмнө хүүхдүүдийнхээ хүсэлтээр "Оргил" сувилалд эмчлүүлж байна. Хүний амьдрал аав ээж, үр хүүхэд, хань ижил, эх орон, энэ дэлхийн хайр дээр тогтдог. Хайр гэдэг их өргөн утга агуулгатай. Хайрын хүчинд хүн зуун зуун жилийг туулж ирсэн. Зарим хүмүүс намайг "Амьдрал мөнгөн дээр тогтож байна" гэж шүүмжилж байсан. Тэгэхээр нь би "Энэ агуу их мөнгийг чинь агуу сайхан толгойтой хүмүүс бүтээж, өөрсдөө олж өөрсдөө энэ мөнгөний ажлыг хийж, эх орноо цэцэглүүлж байдаг.

Амьдрал агуу сайхан хайран дээр тогтож, тэр агуу хайраар өөрийнхөө болон бусдын зүрх сэтгэлийг тэжээдэг. Хайргүйгээр ямар ч сайхан зүйл хэзээ ч бий болж байгаагүй" гэж хэлдэг. Нялх байхаас минь хайрлаж ирсэн ижий аавын минь хайр намайг өдий болтол хүн болгож ирсэн. Хүнийг хайрлах хайр миний амьдралын үнэ цэнэ гэж боддог. Ямар ч хүнийг би хайрлана. Хүн орчлонд төрөөд хайрын хүчинд өсөн дэвжиж, оюун ухаан нь тэлдэг. Хайран дээр өссөн хүн хүнийг хайрладаг болж хүмүүждэг. Миний эцэг эх агуу сайхан ухаантай хүн байсан. Би тэдний агуу хайр, сургаал нь намайг жинхэнэ хүн болгосон. Тэднийхээ ачаар яруу найргаа бичиж, өдий хүртэл амьдарч, сайн сайхан явж байна. Энэ бол миний амьдралын утга учир. Амьдралын утга учир өөрөө санаж сэдэж, өөрөө өөрийгөө өөд татахад оршдог юм шүү дээ.

-Таны тоглолтыг ард түмэн тань хоног тоолон хүлээж суугаа байх даа?
-Би олон жил тоглолт хийсэнгүй. Миний олон дууг Монголын дуучид дуулж, бас чамгүй хэдэн шүлгийг уран уншигчид уншсан байдаг юм байна. Монголын утга зохиолын ноён оргилын нэг, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бурхан боллоо. Тэр үед их юм бодогдсон. Утга зохиолын томчуудаа амьд сэрүүн байхад нь амжиж нэг тоглолт хийж, тэднийхээ үгийг сонсъё гэж бодсон юм. Мөн уран бүтээлээ хийж, хэдэн хүүхэддээ бичлэг ч гэсэн үлдээе гэж бодлоо. Хайр бол хүний зүрхэнд гал болж асдаг юм. Тэр асаасан хайрын гал голомт Монголыг асааж явах болно. Хайрыг сайхан сэтгэлээр тэжээдэг. Хүн чанар гэж агуу зүйл байна. Хүн чанартай хүн эргэн тойрноо гийгүүлж байдаг. Хүн чанарын сэтгэлээс гарсан үг өөдөө цойлох эрч хүчийг өгч, сэтгэлийг сүлдэг юм даа.

-Таны "Амьдрал хайр дээр тогтдог" дуу Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд эгшиглэсээр ирсэн. Энэ дуу бүтсэн түүхээс хуучлаач?
-Энэ дуу маань 1980-аад оны үед бүтсэн. Шүлгийг нь нэлээд эрт бичсэн юм. Л.Цэрэнчимэд энэ дууны ганцхан бадгийг олоод над дээр барьж ирсэн. "Энэ шүлгээ бүтэн болгож өгөөч гэж. Би таны энэ шүлгэнд ая хийсэн юм" гэлээ. Тэгээд бид улаан буланд ороод сонссон чинь жигтэйхэн сайхан аялгуутай болсон байв. Би ч баярлаад түүнд үлдсэн бадгийг нь өгсөн. Тэр хүүхэд слесарь хийдэг байсан. "Слесарь хиймээргүй байна. Би дуу дуулдаг. Дуугаа л дуулмаар байна. Намайг үлгэрийн танхимд оруулаад өгөөч" гэдэг юм байна. Тэр үед Монголын зохиолчдын холбооны дэргэд Ардын аман зохиол сурталчилдаг тусгай "Үлгэрийн танхим" байсан юм. Тухайн үед Л.Дагвадорж "Үлгэрийн танхим" эрэгтэй дуучингүй байгаа. Сайн дуучин олж өгөөрэй" гэж хэлсэн нь санаанд бууж "Энэ хүүхдийг шалгаад боломжтой бол авна уу" гэсэн бичиг хийгээд гарын үсэг зураад явуулсан.

Яг тэр өдөр нь үлгэрийн танхимд хүн элсүүлж авах шалгаруулалтын хамгийн сүүлийн өдөр байсан юм билээ. Дарга нар нь ч их дуртай хүлээж авсан гэсэн. Мэдээж Цэрэнчимэдийн дуулахыг нь сонсоод үгүй гэж хэлж чадахааргүй байсан биз. Би Цэрэнчимэдийгээ урт насалж чадаагүйд нь үнэхээр харамсдаг. Гэхдээ энэ дуучин маань бүхэл бүтэн уянгын дууны сайхан эгшиглэн үлдээгээд буцсан. Монголын дууны урлагийг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн гэж боддог. Хүний зүрхэнд шигтгэж өгдөг, уянгатай, мэдрэмжтэй, дуулдаг дуучин. Түүгээрээ дахин давтагдашгүй.

-Таны аав ээж, амьдралын их ухаантай хүмүүс байсан гэдэг?
-Тийм Ээ. Миний аав ээж жирийн малчин хүн байсан. Гэхдээ малчин хүний ухаан ямар агуу гэж санана. Надад аж төрөх, амьдрах ухаан зааж сургаад, хүнийг хайрлахын их ухааныг мэдрүүлж өгсөн. Би үүнийг нь насан туршдаа эцсийн амьсгалаа хураатлаа бодох болно. Намайг тавхан настай байхад ээж минь дээлийн шилбэ зангидуулдаг байлаа. Аав ээж маань "ядарсан хүмүүст туслаарай" гэж үргэлж захидаг байсан. Тэгээд л аав ээжийнхээ захиасаар өвөл сагстай мах үүрээд, овоо даваад явдаг байлаа. Аав маань дандаа надаар айлд өглөг өгүүлдэг байлаа. Хүнийг баярласан сэтгэл надад хайрын өглөг болж, сэтгэлийнхээ сайхныг алдалгүй, өдий болтол хүнд хайрлуулж, хүнийг хайрлаж яваа. Би аав ээж, хань ижил, үр хүүхэд, шавь нар, ард түмэн, уншигчдынхаа хайранд өлгийдүүлж ирлээ. Хайраар хүн амьдарч, амьсгалж явдаг. Хүний зүрхнээс хүлээж авсан хайр өөрийг чинь үргэлж урагшаа, сайн сайхан зүйлд хөтөлдөг. Үүгээрээ хайр агуу юм. Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын "Амьддаа бие биенээ хайрла" гэдэг их үнэн үг юм шүү дээ. Хайрын гэрэл гэгээ хүнийг насан туршид нь өөд нь татдаг.

-Мэдээж хүний амьдралд жаргал зовлон хосолдог. Амьдралын нугачаанд хөлд алдсан хүн олон байдаг?
-Хүн зовлонд хэзээ ч хөл алдаж болохгүй. Амьдралын хүнд үеэс гарах гарц заавал байдаг. Тэр гарцыг олох хэрэгтэй.

-Тухайлбал ямар гарц байна?
-Би нэг жишээ хэлье л дээ. Хүн амьдралд аав ээж, ах дүү, хань ижлээсээ хагацах гээд зовлон бэрхшээл их бий. Тийм үед ижий аавдаа буян хураахын тулд нулимсаа татах хэрэгтэй. Ямар л буян байна түүнийг хийх хэрэгтэй. Тэгэхээр сэтгэлийн өглөг чинь буян юм шүү дээ. Би яруу найрагч болохоор ямар ч хүнд үед гунигаа хэдэн мөр шүлгэндээ шингээж сэгсэрдэг.

-Тийм үү. Тэр шүлгээсээ сонирхуулаач?
-Олон шүлэг бий дээ
Амьдрал чамаас дэндүү сайхныг гуйхгүй
Алаг эрээн хорвоо наян түмэн бартаатай
Гүндүүгүй сайхан сэтгэл гэдэг хорвоогийн хамаг баяр
Гүйцэд хөглөж чадах юм бол орчлонгийн их жаргал

-Таны "Одохуй, оршихуй" шүлгийг уншхад өөрийн эрхгүй нулимс гардаг шүү. Сэтгэлийн их хөгийг үнэхээр эгшиглүүлж чаддаг?
-Баярлалаа. Би яруу найргийн ариун сүмийн хаалгаар орсондоо дандаа баярлаж явдаг. Энэ шүлгийг их бодож бичсэн. Хүн төрсний эцэст үхдэг. Хүн мөнх оршдог. Гэхдээ оддог. Мөнх оршдог гэдэг нь алтан урсгал юм. Тэр алтан урсгал нь үр хойчоороо үргэлжлэхийг хэлж байгаа хэрэг. Энэ утга санааг гаргах л гэж дээрх шүлгийг бичсэн. Энэ шүлгэндээ "Эрин зуунд Одохуй оршихуйн гол зүйл бол Монголын хувь заяа. Энэ хувь заяаг даяаршлын оронд тэсч үлдэх нь их Монголын хувь заяа гэж" хэдэн мөр нэмж шигтгэн төгсгөсөн. Энэ нь даяаршиж байгаа боловч, өөрийн зан заншил соёл иргэншлээ авч үлдэх юм бол, Монгол оршин тогтоно гэсэн үг шүү дээ.

-Сүүлийн үед монгол уламжлал маань алдагдаад байна уу даа гэж эмзэглэдэг?
-Алдагдаж байгаа зүйл байна л даа. Гэхдээ бичиг үсгээ авч үлдэх хэрэгтэй. Манай соёл иргэншил маш өвөрмөц. Дэлхийд байхгүй гэж би хэлнэ. Дэлхийн талыг тэрэгний мөрөөр хэмжиж явсан тэр аж төрөх ёсны ухаантай ард түмэн эрс тэс уур амьсгалтай нутгийн хаана ч амьдарсаар ирсэн. Одоо ч гэсэн Монгол хүнийг элсэн цөлд аваачсан ч амьдарна.

Түүгээрээ Монгол хүний тэвчээр хатуужил, тэнхэл хаана ч хүрэлцэнэ гэж хэлмээр байна. Залуус маань Монголын хувь заяанд итгэлтэй байх хэрэгтэй. Бид дэлхийн талыг эзэлж явсан эзэн Чингисийн үр сад яагаад дээвэр дороо жаргаж болдоггүй юм бэ. Үүний тулд л тэмцэх хэрэгтэй. Ажилгүй гэж гараа хумиж сууж болохгүй. Энэ сайхан Монгол орны хаана ч очоод ажилласан алт эрдэнэ, олон сая мал байна. Би эдийн засгийн хямралд манай орон нэг их өртөөд байхгүй болов уу гэж боддог. Энэ нь биднээс л шалтгаална. Бид сэргэлэн овсгоотой амьдрах хэрэгтэй. Зууны их хувьсгал явагдаж байна. Тиймээс өөрт байгаа бүхнээ, гэр бүл, эх орныхоо сайн сайхны төлөө зориулж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс тэвчээр зориг, ажилсаг чанар, шударга үнэнч байх нь чухал. Хуурамч зүйл их аюултай. Хуурамч амьдрал, долигнол, үг дэлхийн олон зохиолчийн санааг зовоож ирсэн. Жинхэнэ үнэнч шударга зүйлээр аливаад хандвал амьдрал дээшилдэг.

-Таныг "Хаан найргийн хатан Ш.Дулмаа" хэмээн Монголын ард түмэн хүндэтгэж ирсэн. Яруу найрагч эмэгтэйн жаргал юундаа байдаг юм бэ?
-Олон жил уншигчдынхаа хайран дээр тонгочиж ирлээ. Уншигчид маань сайхан алга ташилт, урмын үг байнга л хэлж байдаг. Уншигчдын маань намайг хайрлаж байгаа сэтгэл миний яруу найргийн галыг дандаа өрдөж байдаг учраас сэтгэлдээ галтай, жаргалтай 60 жилийг тууллаа. Би 60 жил шүлэг бичжээ. Энэ хугацаанд дандаа сэтгэл өег, жаргалтай явлаа даа. Мэдээж хүний амьдрал болсон хойно зовлон тохиолдож байсан. Тэр бүхэнд жаргалтай хүн шиг явсан минь олон түмэн, уншигчдаас авсан их өглөгийн хүч гэж боддог.

-Тэгвэл эх хүний жаргал юундаа байдаг юм бэ?
-Үр хүүхдийнхээ алтан зулайг үнэрлэж суугаа эх хүн дандаа жаргаж баясч явдаг. Түүгээрээ сэтгэлээ тэжээдэг.
"Хүүгээ сайн явахад нар шиг мишээн залууждаг
Хүнээс муу явбал наснаасаа эрт өтөлдөг" гэж би бичиж байсан.

-Одоо хэчнээн ач, гучтай вэ?
-Би чинь хоёр хүү, хоёр охинтой хүн шүү дээ. Одоо 10 гаруй ач гучтай өнөр айл болжээ. Би Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуягийгаа голомт залгах хүү минь гэж баярладаг. Миний хүү жаахан байхаасаа л их сэргэлэн байсан. Дөнгөж хэлд ороод л кинонд тоглож эхэлсэн. Ач зээгээ урлагт их авьяастайд нь магнай тэнэгэр явдаг. Миний голомтыг залгах үр хүүхэд минь байхад сэтгэл амар энэ хорвоогоос буцна шүү дээ.

-Таныг шавь нар тань дандаа ээж гэдэг?
-Тийм ээ. Би чинь ээж хүн шүү дээ. Би шавь нараа өөрийнхөө хүүхэд шиг л санадаг. Сайн явахад нь баярлаж, саар явахад нь зовнидог. Шавь нарынхаа бичиж байгаа уран бүтээлийнх нь гэрэл гэгээнд дулаацаж яваадаа би азтай. Миний шавь нар Монголын уран зохиолыг өнгөлж байгаа. XXI зуунд өмнөх үеийн зохиолчдын авьяасыг үргэлжлүүлж чадна гэж би баттай хэлж чадна. Шавь нар маань "Болор цом"-ын тэргүүн, дэд байр гээд томоохон уралдаан тэмцээнийг өнгөлдөг. Гэхдээ энэ нь миний сайных биш. Тэдний бурханаас заяасан авьяас юм. Би шавь нараа "Сайн яруу найрагч, сэтгүүлч байхаас гадна сайн хүн байх ёстой шүү" гэж хэлдэг. Монголын утга зохиол, урлаг, сэтгүүл зүйд миний шавь нарын хувь нэмэр чамлахааргүй юм аа гэдгийг цаг ямагт мэдэрч байгаа шүү.

-Тоглолтынхоо дараа уншигчиддаа ямар бэлэг барих гэж байна?
-Дурсамж, дууны болон шинэ шүлгийн түүврээ гаргана. Ер нь цаашид уран бүтээлээ туурвисаар байна аа. Үхэн үхтлээ үзгээ тавихгүй шүү гэж бодож байгаа.

-Р.Чойном гуай танд шоронгоос олон захидал бичсэн гэдэг?
-Тийм ээ. "Яруу найрагч хүн наранд ч, нарсанд ч гэрэл гэгээтэй байдаг юм аа" гэж надад бичсэнд их баярладаг. Р.Чойном шүлэг бичнэ, дуу дуулна, зураг зурна, баримал барина гээд хосгүй авьяастай хүн байлаа. Даанч төр үнэлээгүй. Шорон оронд орсноосоо хойш бие нь муудаад дэндүү эрт хорвоогоос хальсан даа. /Санаа алдав/

-Манай сонины "1000" дахь дугаарыг уншиж байгаа ард түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-1000 дугаар гарна гэдэг амар биш ээ. Уншигчдаа үнэн бодит мэдээллээр хангадаг танай сонины хамт олонд баярын мэнд хүргэж, үнэний төлөө үзгээ битгий тавиарай гэж хэлье. Уншигчид онгодын их ташуур байдаг. Уншигч яруу найрагчдын холбоо агуу учраас мөнхөд үлдэх юм. Ард түмэндээ энэ хорвоогийн дээд жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

 

“Өнөөдрийн Монгол” сонин 2009.05.11

 

Тавтай Морилно уу »

Eco Cabinet

Сэтгүүл Зvй »

Baldorj Prize

Боловсрол »

Baldorj Prize

Application form »

Application Form