Baldorj Foundation

Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая.
Ц.Балдорж
Нvvр arrow Мэдээ arrow Ус хуримтлуулах нь валютын нөөцөөс илүү ач тустай
Ус хуримтлуулах нь валютын нөөцөөс илүү ач тустай

ImageУс чандмань эрдэнэ. Энэ үгний утга учир өнөө цагт илүүтэй мэдрэгдэж байна.  Усгүйгээр бид хэчнээн удаан амьд явах билээ. Зөвхөн хүн төрөлхтөнд ч бус, байгаль дэлхийд ус амин судас нь. Дэлхий даяар усны зохистой хэрэглээнд анхаарал хандуулж, улс орон бүхэн өөр өөрийн бодлого, хөтөлбөр боловсруулж буй. Манай орон ч Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөртэй. Арван жилийн өмнө баталсан хөтөлбөр энэ жил дуусгавар болж, шинээр “төрж” байна.

Усны нөөц, тогтвортой байдал, ашиглалт, хамгаалалт нь тухайн улс орон төдийгүй бүс нутгийн хэмжээний асуудал. Чандмань эрдэнэ тойрсон асуудлаар “Өнөөдөр” сонины редакцад халуун яриа өрнөлөө. Манай энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хэлтсийн дарга П.Бадамдорж, Усны үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, “Усны эрчим” компанийн захирал, зөвлөх инженер Б.Дагвадорж, “Ус хөгжил” сэтгүүлийн редактор Л.Нямготов, ахмад сэтгүүлч Д.Дорждулам нар оролцлоо.

 

-Удахгүй “Ус” үндэсний хөтөлбөр батлагдах гэж байгаа. Энэ   анхны хөтөлбөр биш. Түүнээс өмнө батлагдсан хөтөлбөр хэрхэн хэрэгжив. Өмнөхөөсөө ямар ялгаатай болж байна вэ?
Ш.Ганзориг: /Усны үндэсний төвийн гүйцэтгэх захирал/:
Монгол Улс анх 1999 онд Усны үндэсний хөтөлбөр  батлан гаргаж байлаа. Аливаа улс өөрийн усны бодлоготой байх хэрэгтэй гэж уг хөтөлбөрийг арван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ онд дуусч байгаа юм. Тийм учраас “Ус” үндэсний хөтөлбөр болгон шинэчлэн батлах гэж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх хөтөлбөрийн залгамж чанар энэ хөтөлбөрт агуулагдаж байгаа.

-Тодруулбал, ямар томоохон өөрчлөлт хөтөлбөрт оров?
П.Бадамдорж: /Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Усны газрын хэлтсийн дарга/:
Арван жилийн өмнөх усны мэргэжилтнүүд болон иргэдийн хандлага одоогийнхтой харьцуулахад их өөр болсон гэж   хүмүүс ярьдаг. Энэ талаас нь үзвэл, “Ус” үндэсний хөтөлбөр илүү баяжин гарсан. Харин залгамж чанар нь хадгалагдаж байгаа.

-Өмнөх хөтөлбөр үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна уу?
Ш.Ганзориг:
Өмнөх хөтөлбөрийн биелэлт 80 хувьтай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлсэн гэсэн үг. Харин одоогийн зорилт бол өргөн хүрээтэй. Яагаад гэвэл усны нөөцийг яаж ашиглах, хэрхэн хамгаалах вэ гэсэн санаагаар баяжуулсан нь хамгийн дэвшилттэй тал. Газрын дорх бус, гадаргын усаа хэрэглэх концепцийг энэ хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгасан.

П.Бадамдорж: Өмнөх хөтөлбөрийн үр дүнг хувиар илэрхийлэхээс илүү усны салбар хариуцах эзэнтэй болсон нь сайн хэрэг. 2004 онд Усны тухай хуультай болсон. Урьд нь хууль байсан ч эдийн засгийн шинэ харилцаанд нийцсэн хууль зайлшгүй шаардлагатай байсан юм. Түүнчлэн хэрэгжүүлэгч агентлаг бий болж Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд хамруулсан. Тийм учраас усны тухай ярьдаг, хууль тогтоомж, шийдвэр гаргадаг байгууллагууддаа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд төлөвшин гарч ирсэн юм. Урьд 70-80 жилийн турш явж ирсэн усны байгууллагууд зах зээлийн шуурганаар салбараараа, мэргэжилтэнтэйгээ, бүр объекттойгоо алга болсон шүү дээ.

“Ус” үндэсний хөтөлбөр олон системийн дэд бүтцийг хамарснаараа өмнөхөөсөө онцлогтой. Усны салбарт урьд хийгдэж байгаагүй гол, усны тохируулга, хуримтлал, усны нөөцийг зохиомлоор бий болгох зэрэг шинэ бүтээгдэхүүн, мөн ус ашиглалтыг хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчин, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай гээд нийтээр нь шийдэх үндсэн санааг агуулж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд их хэмжээний булаг, шанд, гол, горхи ширгээд байгаа. Тэгэхээр усны нөөц болон хамгаалалтыг ямар түвшинд тавьж байна вэ?
П.Бадамдорж:
Усны тухай хууль батлагдсанаар дөрвөн жилд нэг удаа усны тооллого хийж байгаа. Жил бүр аймаг, орон нутаг дотооддоо усны тооллогоо явуулдаг. 2004 онд анхны тооллого хийсэн. Дараагийн тооллого 2011 онд болно. Тэр үед өмнөхөөс нааштай зүйл харагдахгүй байх аа. Яагаад гэвэл, цөлжилт эрчимтэй явагдаж, усны эх булаг дундарч хомсдож байна. Энэ нь зөвхөн Монгол оронд болж буй явдал биш. Хөгжилтэй орнууд 20-30 жилийн өмнөөс үүнийг мэдэрч үндэсний бодлогын хэмжээнд авч үзэн өөрийн нутаг дээрээ усан сангуудыг бий болгоод эхэлсэн шүү дээ. Усны далангуудыг олноор   байгуулж буй нь валютын нөөцөөс илүү ач тустай гэж үзэж байна. Усан сангийн талбайг ихэсгэснээр усны нөөцийг нэмэгдүүлж байгаа юм.

Цаашид усны нөөц хомсдож, хязгаарлагдах нь ойлгомжтой. Далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж, зарим улс живж байна. Манай улсад энэ аюул хол. Гэхдээ түүнээс илүү аюул нүүрлэж мэднэ. Халуунаас болж мөнх цэвдгүүд хайлж эхэллээ. Тэгэхээр Алтай, Хангайгаас эх авсан ихэнх гол горхи тэжээлгүй болно. Гурван жилийн өмнө ийм үзэгдэл ажиглагдсан. Хур бороо  ороогүй атлаа мөнх цэвдэг, мөнх цас  хайлж Ховд, Говь-Алтай аймагт голууд үерлэсэн. Энэ бол живэхээс аюултай. Усны инженерүүд зуун жилийн дараа живнэ, эсвэл усгүй болж ангахад хүрнэ гэдэг. Хоёулаа л үнэн. Үүнийг зөвхөн хүний үйл ажиллагаагаар л зохицуулна.

Мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаас сайхан санаачилгууд гарч байна. “Хэрлэн говь”, “Орхон  говь”, “Сонгино говь”, “Туул” цогцолбор газрын тухай ярьж байгаа. Төслүүдэд дээрх санаа иж бүрнээрээ багтсан. Төсөл хэрэгжихэд төр, засгийн эцсийн шийдвэр чухал. Эцсийн шийдвэрийг хууль тогтоох дээд байгууллага гаргадаг журамтай. Манайх хэрэгжүүлэгч агентлаг учраас мэдээллээр хангана, үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр саналыг мэргэжлийн байгууллагын хувьд дүгнэлт гаргаж дамжуулах үүрэгтэй.

-Усны нөөц хомсдож байгааг нэг талаас дэлхийн дулааралтай холбодог. Гэвч хүний болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотойгоор усны нөөц багасч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Энэ талаар ямар бодолтой байна вэ. Цаашид хэрхэн шийдвэл зохистой вэ? 
Л.Нямготов /”Ус хөгжил” сэтгүүлийн редактор/:
Урьдынх шигээ усанд хандаж болохгүй. Голоос тариагаа услая гэхээр ус нь хүрэлцэхгүй болчихоод байна. Тийм учраас л зохицуулах гээд байгаа юм. Мөнх тэнгэрийн хүчин дор, хөх усны ивээл дор амьдрах гэсэн манай ард түмний дээр үеийн уламжлал бий. Хөх усны ивээл дор орж чадахгүй бол улс уруудахын цондон болдог. Ингэхийн тулд нуур тойром тогтоох ёстой.

Нуур бий болгоно гэхээр зарим хүн байгалийг өөрчлөх нь гэж ойлгодог. Тийм биш шүү дээ. Олон нууртай газар сайхан байгальтай байдаг. Дэлхийн хүмүүсийн хийж чадсан ажил бол нуур тогтоох. Хятад улс 70 мянган далан барьсан шүү дээ. Манайх энэ зам руу явж байгаа. Ус хуримтлуулж чадвал бид байгалиа аварна. 

Хил даваад явчихдаг, эсвэл ширгэчихдэг голууд дээр усан сан барих зайлшгүй шаардлага бий

Ш.Ганзориг: Усны нөөцийн талаар хэдэн тоо хэлье. Ус алга болдоггүй, шинээр бий болдоггүй. Нөөц нь нэг газраа багасаж байхад нөгөө газраа нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл, ус дандаа балансалж явдаг гэсэн үг. Дэлхийн дулаарлын хамгийн гол зүйл үүн дээр илэрч байгаа.

Монгол орны усны нөөц хур тунадасаас бий болдог. Өөр юунаас ч биш. Монгол орны 1.5 сая км газар нутагт дунджаар 230 мм хур тунадас унахад ойролцоогоор 360 шоо км ус бороо болж орж байгаа юм. Үүний 90 хувь нь ууршдаг, шингэдэг. 10 хувь нь буюу ойролцоогоор 34 шоо км ус нь гадаргын урсац болоод явна. Монгол орны нийт усны нөөц 600 шоо км ус гэдэг. Үүнээс 500 шоо км нь нуурын ус, 60 шоо км нь мөнх цэвдгийн ус, 34 шоо км нь гадаргын ус юм. Ойролцоогоор 12 шоо км нь газрын дорх ус. Үүнээс ашиглах боломжтой нийт хэрэглээ нь хэд вэ. Ойролцоогоор гадаргын 34 шоо км уснаас таван шоо км, газар доорх 12  шоо км уснаас таван шоо км-ийг ашиглах боломжтой болов уу. Тэгвэл одоогийн Монгол орны усны хэрэглээ хэд вэ гэвэл 0.5  шоо км. Ашиглах боломжтой нөөцийнхөө талыг хэрэглэхээр байна.

2025 онд Монгол улс таван шоо км ус хэрэглэнэ гэсэн прогноз НҮБ-аас гаргасан. Харин энэ их усны эх үүсвэрийг яаж олох   вэ гэсэн бодлогыг одоо ярилцаж байна. Тийм учраас Усны газрыг бий болгосон,  “Ус” хөтөлбөрийг шинэчилсэн. 34 шоо км ус бол олон жилийн дундаж гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Усны тооллогоор маш олон гор горхи ширгэсэн мэдээ бий?
Ш.Ганзориг:
Сүүлийн найман жилд хийсэн усны тооллогод би шүүмжлэлтэй ханддаг. Их бороо орсон жилтэй харьцуулж байна уу, эсвэл дундаж жилтэй нь харьцуулж гол мөрний тоог гаргаад байна уу гэж. Тэгэхээр манайд орж байгаа хур тунадасны хэлбэлзэл гэсэн тоо гарч ирнэ. 1940-өөд оноос хойш сүүлийн 60 жилд монголчууд шинжлэх ухааны үүднээс усаа тоолж эхэлсэн. Харин хүн төрөлхтөн сүүлийн 200 жилийн турш тоолж байна. Тээр жил тэнд булаг байсан, харин одоо байхгүй болчихлоо гэж  харьцуулах бус шинжлэх ухааны үүднээс гаргасан тоогоо л барих хэрэгтэй. 1974-1984 оны үед хур багатай жил байсан учраас булаг шанд ширгэсэн. 1985-1996 онд их устай жил сэргээд л ирсэн. Тэгэхээр олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй юм.

Өнгөрсөн онд олон жилийн дундаж хэмжээний хур тунадас орно гэсэн прогноз байсан. Ноднин сайхан зун болсон. Хамгийн аюултай нь шиврээ бороо орохоо больсон.  Хөрсөнд шингээж гол урсдаг зүй тогтол алдагдаад байгаа юм. Энэ бол хүний хүчин зүйлийн хамгийн гол нөлөөлөл. Жишээ нь, Улаанбаатар хотын бүх талбай цардмал болохоор бороо орсон ч урсчихдаг. Олон жилийн дунджаар үзвэл Туул голын урсгал буураагүй. Зөвхөн хуваарилалт л алга.

Газрын дорх ус бол усны эргэлт гэж би түрүүн хэлсэн. 2004 онд НҮБ-аас гаргасан тоо байна. Гадаргын ус 16 хоногт, мөнх цэвдэгтэй ус 1600 жил, газрын дорх ус 1000 жил эргэдэг гэж. Тэгэхээр бид аль болох хурдан эргэлттэй нөөцөө ашиглах уу, эсвэл удаан эргэлттэй усаа ашиглах уу. Мэдээж 16 хоногт эргэдэг гадаргын усаа  түлхүү хэрэглэх нь зөв.

Д.Дорждулам /Ахмад сэтгүүлч/ -Европын­хон газрын дорх гүний усаа илүү хэрэглэдэг гэдэг. Тухайлбал, Францын нийт усны хэрэглээний 70 хувь нь газрын дорх ус байна. Энэ юутай холбоотой вэ?                       
Ш.Ганзориг:
Ус ашиглахад хамгийн хялбар нь  гүний ус. Тийм  учраас хүн төрөлхтөн хамгийн эхэлж худаг өрөмдөж сурсан шүү дээ. Францын хувьд Сена мөрний сав газар оршдог болохоор онцлогтой. Харин Улаанбаатар хотын дэвсгэр ус нь Туул гол. Дэлхий дулаарлаас шалтгаалж Монголд бороо орохоо больж, гол мөрөн татарвал бид яах вэ гэдэг чухал байна. Ийм үед төрийн хар хайрцагны бодлого ус руу чиглэх ёстой. Аль болох гадаргын усаа түлхүү ашиглая гэсэн сүүлд гарсан концепцийг би зөв гэж боддог.

-Монгол орон даяар хэд хэдэн далан, боомт барих тухай ярилаа. Гадаргын усны даланг хаана байгуулж болох вэ?
Б.Дагвадорж:
Манай улс хоёр том далан бариад ажиллуулж эхэлсэн. Нэг нь Ховд аймгийн Чоно харайхын гол дээр Дөргөний усан цахилгаан станцын 18 метр өндөр далан, нөгөө нь Завхан гол дээр барьсан Тайширын усан цахилгаан станцын 60 метр өндөр далан. Харамсалтай нь Тайширын усан цахилгаан станц хуурайшилтаас болж усан сан нь дүүрэхгүй байгаа. Гол нэг сайн үерлэхэд л усан сан дүүрчих ёстой юм. Сүүлийн хэдэн жил хур тунадас багассанаас Хангайн нурууны өвөр талаас урсдаг голууд татарсан. Ингэснээр Завхан гол багассан. Хэрэв усан сан нь дүүрч хүчин чадлаараа ажиллавал Алтай, Улиастай  хавийн сумд цахилгаанаар бүрэн, найдвартай хангагдах юм.

Одоо гурав дахь том обьект барих зайлшгүй шаардлага бий. 2008 онд Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулахаар Хятадын компанитай гэрээ хийсэн. Барилга барих гарын үсэг нь дутуу байхад Засгийн газраас зогсоочихлоо. Хэрвээ барьсан бол 2011 онд дөрвөн тэрбум шоо метр усан сантай, 220 мВт-ын том станц босох байсан. 

Түүнчлэн Сэлэнгэ мөрөн дээр шаталсан зургаан усан цахилгаан станц, Орхон гол дээр 5-6 усан цахилгаан станц байгуулах боломж бий. Эгийн гол дээр ч бас 4-5 станц барих боломжтой.
Одоо төсөл нь бэлэн болсон газар бол Орхон голын Улаан хонхын усан цахилгаан станц. Тойм төсөл зохиож, япончууд техник, эдийн засгийн үнэлгээг нь боловсруулсан. Одоо нарийвчилсан зураг төслөө гаргачихвал барихад бэлэн.

-Далан барих нь эрчим хүч үйлдвэрлэх, бороо хур багасахаар голуудаа тэтгэхэд тустай байх. Гэхдээ  байгалийн зүй тогтлыг өөрчлөөд байгаа юм биш үү?
Б.Дагвадорж:
Усан цахилгаан станц заавал том усан сан байгуулж ажилладаг. Усан санг олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой. Улаангомын станц гэхэд услалтын систем болон өөр чиглэлээр ашиглаж болно. Усан сан бол ус хуримтлуулах нэг гол хэлбэр. Хил даваад явчихдаг, эсвэл ширгэчихдэг голууд дээр усан сан барих зайлшгүй шаардлагатай. Усан сангууд бие биеэ тэтгэж, орчноо   чийгшүүлж эргээд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг.

Ш.Ганзориг: Тайширын усан цахилгаан станцын тухай буруу ойлголт байгаа юм. Усан санг нэг л удаа дүүргэдэг. Дүүргэх талаар төсөлд 2-3 тооцоо хийсэн байдаг. Их, дунд, бага устай жилд хэдий хугацаанд усан сан дүүрэх вэ гэдгийг тооцдог. Тэгвэл Тайширын   цахилгаан станц бага устай үед 3-4 жилийн хугацаанд дүүрэх ёстой юм. Гэтэл хурдан тууз хайчлахын тулд барингуутаа бүх зүйл болчихно гэсэн ойлголтыг нийгэмд өгчихсөн. Олон нийтэд үүнийг зөв ойлгуулах нь чухал. Усны хэрэгцээ хаана байна, тэнд л далан барина. Улаанбаатар хотод усны хэрэглээ их. Гадаргын усаа ашиглахад далан боомт зайлшгүй хэрэгтэй.

-Усан цахилгаан станцаас гадна “Говь”, “Хэрлэн” гээд хэд хэдэн төслийн талаар их маргадаг. Говь руу урсгах нь гээд  байгаа. Шууд урсгах тухай яриад байна уу. Эсвэл далан барих юм уу?
Ш.Ганзориг:
Монголын хөгжил говьд бий гэж ярьж байна. Говийн үйлдвэрийн усны хэрэглээ манай улсын нийт хэрэглээний 70-80 хувьтай тэнцэхээр гарч байгаа. Ер нь бид таван жилийн дараа гадаргын усаа бүрэн ашиглах ёстой. Хаанаас хэрэглэж болох вэ. Говьд хамгийн ойр Хэрлэн, Орхон гол байна. Энэ асуудал янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Өнөөдөр зогсоож болно оо. Гэвч таван жилийн дараа, арван жилийн дараа зайлшгүй хэрэгтэй. Зөв л ойлгуулах ёстой. Хэрлэн, Орхон голын ус нь хүрэхгүй байж болно. Тэгвэл Онон голоос Хэрлэнг, Сэлэнгэ мөрнөөс Орхон голыг тэтгэнэ. Энэ нь анх удаа ярьж байгаа зүйл биш. 1975 онд Унгарын Засгийн газрын буцалтгүй тусламжаар боловсруулсан Усны нөөцийг нэгдмэлээр ашиглаж хамгаалах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажил.

Далан байгуулах нь гурван талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, эдийн засгийн үр ашиг байна. Хэрэглээ байхад хэн ч мөнгө гаргана. Хоёрдугаарт, нийгмийн ач холбогдлыг бодох нь зөв. Хэдэн хүний амьдрах нөхцөлийг хангах вэ, Монголын төвийн эрчим хүчний системд хэр зэрэг нөлөө үзүүлэх вэ гэж. Гуравдугаарт, экологийн асуудал байна. Магадгүй экологийн асуудал хамгийн эхэнд тавигдах байх. Далан байгуулах тухайд шүү дээ. Ингэвэл нэг өдөр голыг тэжээх бус сар урсгах учраас гол амьд байна. 

-Далан боомт барих аюул­гүй байдлыг яаж хангах вэ?
Б.Дагвадорж:
Бүхэл бүтэн шинжлэх ухаан болтлоо хөгжсөн салбар юм шүү дээ. Ойролцоогоор 100-150 жилийн настай гэж үздэг. Хамгийн бат бөх байгууламж бол далан.

П.Бадамдорж: Нэг жишээ хэлье. Сычуаньд хүчтэй газар хөдлөхөд тэнд нэг л байгууламж бүтэн үлдсэн. Тэнд судалгаа хийж үзэхэд  голын усыг тэтгэх, зохицуулах, эрчим хүч гаргах далан, тэр боомт хэвийн үлдсэн. Аюулгүй байдлыг хангасан төслүүдийг хийж чаддаг болсныг энэ нь харуулаад байгаа хэрэг.

-Зарим хүн далан бари­хыг буруу гэж үздэг. Заавал голын усыг боох бус байгалийн бороо, цасны усыг хуримтлуулж болохгүй юү?
Ш.Ганзориг:
Бороо, цасны  усны хамгийн том илрэл нь гол. 10 га талбайгаа услахын тулд хуурай сайран дээр далан барьж болно. Цас, борооны усыг ашиглахын тулд ингэж байгаа юм. Өнөөдөр хүн төрөлхтөн гадаргын усан дээр боомт байгуулахаас өөр аргыг олж чадаагүй байгаа шүү дээ.

Л.Нямготов: Гэрэл гаргах, цахилгаантай болохын тулд л далан барих гэж байгаа юм биш. Булаг эхтэй голыг далай эхтэй болгох гэсэн юм шүү дээ.

Манай улс шиг өндөрлөгт оршдог газар усгүй болчихвол зулай дээрээсээ наранд цохиулахтай ялгаа юун. Тиймээс дэлхийн хандлагыг Монгол руу чиглүүлэх бодлого баримтлах нь зөв. Ус хөтөлбөрт ороогүй нэг санаа байдаг юм. Монгол орныг бүхэлд нь гэхээсээ өмнө хангайгаа эхлээд чийгшүүлье. Ингэж чадвал аяндаа говийн нуур цөөрөм урсаад ирнэ. Үүний тулд хангайд ойр ойр хэдэн нуур байгуулъя.  Нэг нуур 50-100 км дотор газар нутгийг чийгшүүлдэг гэсэн судалгаа бий. Түмпэнтэй ус тавиад хүүхдийнхээ хамрыг онгойлгочихдог хэрнээ хангайгаа чийгшүүлэх талаар бодлого боловсруулж мэдэхгүй байна шүү дээ. Зөвхөн нэг Засгийн газрын хэрэгжүүлэх ажил бус, хэтийн бодлого хэрэгтэй.

П.Бадамдорж: Далан барьж усан цахилгаан станц байгуулах гэхээр зөвхөн салбарын яамны асуудал болоод явчихдаг. Далан дагаад цаг агаар сайхан болно, усан тээвэр, үгүй дээ өвөл, зунгүй усан спорт хөгжиж болно. Шинээр байгуулсан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо чухам ийм үүрэгтэй. Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчний  бус, олон салбарыг хамарсан өргөн ойлголт. Жишээлбэл, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудал хоёр ч удаа Эрчим хүчний яамаар яригдаад больсон. Одоо тэндээс юм гарахгүй. Учир нь болохгүй, бүтэхгүй гэсэн ойлголт суучихсан байгаа.

-“Хэрлэн говь” төслийг  ихэнх хүн эсэргүүцдэг. Далан барих ажлын ач холбогдлыг олон нийтэд зөв хүргэх бодлого дутагдаад байна уу?
Л.Нямготов:
Ерөөсөө далан барихыг суваг шуудуу татах эсвэл голыг боох гэж л ойлгоод байна. Үгүй шүү дээ. Бүхэл бүтэн шинжлэх ухаан. Тайширт барьсан усан станцын далан 60 метр өндөр. Гэтэл Хар ус нуур 2.5 метр гүн байх жишээтэй.

П.Бадамдорж: Мэргэжлийн хүмүүс ч гэсэн хольж хутгаад яриад байдаг юм, далан, боомтыг. Боомт усныхаа урсгалыг хөндлөн боохыг, далан бол урсгалын дагуу ашиглахыг хэлдэг. Тэгэхээр Дөргөний, Тайширын далан гэж ярьдаг нь угтаа бол боомт.

Огт урсгалгүй газар уулын аман дээр нь ус тогтоох зориулалттай барьсан байгууламжийг далан хөвөө гэж ярьдаг. 2010-2020 онд 20 сая доллартай тэнцэх хэмжээний далан, боомт, хөвөө барья гэсэн төлөвлөгөө байгаа. Энэ ажил сайн дэмжигдэж байгаа. Шийдвэр гаргах түвшинд Говийн төслөөс гадна далангийн төслийг нэлээн дэмжиж, санаа  өгч ажиллаж байгаа.

“Хэрлэн говь” төслийн хүрээнд хийхээс өөр арга байхгүй. Мянганы хөгжлийн сангаас хэдхэн жилийн дотор бүх сумыг эрчим хүчээр хангачихлаа. Харин одоо усаар хангах асуудлыг   бодлогын хэмжээнд ярих цаг болсон.

-Усны нөөц хомсдоход ашигт малтмалын лицензийг ихээр олгосон нь сөрөг нөлөө үзүүлдэг. Гэтэл Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Уг хуулиар усны сав газар гэсэн ойлголтыг усны сан бүхий газар болгох тухай яриад эхэлсэн талаар шүүмжлэлтэй хандах хүмүүс бий.
Ш.Ганзориг:
Усны сав газар гэх юм бол дэлхийн хуурай газар тэр чигээрээ ордог. Усны хуульд усны сан бүхий газар гээд заагаад өгчихсөн. Нуур цөөрөм, тойром, гол мөрөн, горхи булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газрыг хамруулсан ойлголт.

Энд нэг хариуцлагагүй юм байдаг. Гаднын хөрөнгө оруулалттай компани орж ирээд хайгуул, олборлолт хийхэд ус ашиглаж байгаа. Гэтэл зөвшөөрөл  олгохдоо  авлигын журмаар шийдчихдэг. Усаа тоолж чаддаггүй, ашиглаж мэддэггүй хэрнээ  сөрөг нөлөө үзүүлэх байгууламжид зөвшөөрөл өгчихнө. Энэ нь эргээд байгаль орчинг сүйтгэж, тэр хэмжээгээрээ хүмүүсийн дунд уул уурхай л хамгийн муу үр дагавартай гэсэн ойлголт төрүүлдэг.

Түүнээс гадна шийдвэр гаргагчид маань эсвэл ингэнэ, үгүй бол болино гэсэн хоёр туйлын л замаар яваад байхаас дунд нь байгаа түмэн боломжийг харгалздаггүй нь харамсалтай.

Улиастайд станц баривал Улаанбаатарын агаарын бохирдол нэмэгдэнэ

Д.Дорждулам: -Тавдугаар цахилгаан станцыг Улиастайд барих тухай яриад эхэлсэн. Гэтэл цэвэр усны нөөц тэнд бий. Нүүрсээр ажиллах ийм станц барих нь хэр оновчтой юм бол. Түүний оронд Туул голын эхэнд далан байгуулаад эндээсээ эрчим хүч үйлдвэрлэж болмоор санагдаж байна?

Ш.Ганзориг: Тавдугаар цахилгаан станцын үндсэн зорилгыг дулаан үйлдвэрлэх гэж тайлбарладаг. Улиастайд нүүрсээр ажилладаг цахилгаан станц баривал Улаанбаатарын агаарын бохирдол бүр л нэмэгдэнэ. Гэтэл сонгосон газар станц барина гэдэг тендер л зарлаад байгаагаас үр дүнг нь бодолцохгүй байна.

П.Бадамдорж: Энэ станцыг барих талаар агаарт хий хоосон юм яриад байсан болохоос байршлаа тогтоогоогүй тендер зарласан юм билээ. Байгаль орчны нарийвчилсан,  техник, эдийн засгийн үнэлгээгүй. Байгаль орчинтойгоо хэрхэн зохицох болон давуу сөрөг талыг нарийн тооцох ёстой. Тэгээгүйгээс Засгийн газраас буцаалаа шүү дээ.

-Улаанбаатар хот арав, хорин жилийн дараа цэвэр усны нөөцгүй болох талаар  ярьдаг. Гэтэл цэвэр усны нөөц газар гэж тодорхойлсон Гачуурт суурьшлын бүс болчихсон. Энэ талаар Усны газар ямар бодлого хэрэгжүүлж байна?

П.Бадамдорж: Байгаль орчны яамтай хамтраад судалгаа хийхээр болсон. Улаанбаатар  усны дөрвөн эх үүсвэртэй. Япончуудын хийсэн судалгаа бол зөвхөн төвийн бүсийнхийг судалсан. Тэдний хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ өгсөн нь үнэн. Техник технологийн хувьд шинэчлэл хийсэн. Харин язгуур утгаар нь сайжруулсан уу гэвэл үгүй. Манай орны болон Оросын эрдэмтдийн 20-иод жилийн өмнө хийсэн судалгаагаар хэд хэдэн газар далан барих төсөл боловсруулсан байдаг.

Б.Дагвадорж: Туул гол дээр усан сан байгуулах төслийг 20-иод жилийн өмнө хийсэн юм. Тэр үед Улаанбаатарын нэг хүн өдөрт 700 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Ямар нэгэн зохицуулалтгүй, түгээсэн ус шууд урсчихдаг байсан. Ийм байхад усан сан байгуулчихвал цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй гэсэн судалгаа хийгээд одоохондоо Гачууртад усан сан байгуулаад хэрэггүй   гээд хойшлуулж байлаа. Харин түүний оронд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөө тоолууржуулаад замбараагүй хэрэглээг багасгах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. 

Одоо бол цаг нь болсон. Улаанбаатар хотын ихэнх айл өрх, үйлдвэр, аж ахуйн газар усны тоолууртай болчихлоо. Хэрэгцээ нэмэгдчихсэн. Гачуурт орчимд усан сан байгуулах зайлшгүй шаардлагатай. Усан сан дагаад Улаанбаатар орчим чийгших давхар ач холбогдолтой.

Ш.Ганзориг: Улаанбаатар хотын нэг хүн өдөрт 400-500 литр ус хэрэглэх стандарт бий. 2020 онд  240 мянган литр хүрэх прогнозтой. Гэтэл хэрэглээ замбараагүй, шинэ эх үүсвэргүй болчихлоо. Улаанбаатар хотын төлөвлөлтөд их өсөлтийг тооцоогүй. Одоо 40, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна, дуртай болгон нь сууц барьж эхэллээ. Яг энэ эрчмээрээ явбал 2020 онд хэрэглэх усны тооцоо хаанаа ч хүрэхгүй. Тиймээс Туул голоо бүрэн ашиглах хэрэгтэй. Усан сан байгуулах, газар дор урсацыг  ашиглаад далан баримаар байна. Ингэж чадвал 2070 онд Улаанбаатар хотын хэрэглээ 700 мянган шоо метр   байсан ч хангаж чадна.

Энэ бүхнийг шийдэж чадахгүй бол Орхон, Хэрлэн голоос ус татах уу, эсвэл хотоо нүүлгэх үү гэдэг асуудалтай л тулгарна. 

Л.Нямготов: Тавдугаар цахилгаан станц явж явж нүүрсний бизнесийнхний ашиг сонирхол. Эгийн голын усан цахилгаан станцыг дарж авахын тулд гарч ирсэн юм шиг хөндлөнгөөс ажиглагддаг.
Одоо л усны тухай баримтлах жанжин шугамаа барьж авах ёстой. Энэ шугамаа зөв барьж авч чадахгүй бол ус ховордох нь зайлшгүй. Зөв ашиглавал гачигдалд орохгүй шүү дээ.

Ш.Ганзориг: Туул гол хэд хэдэн удаа үерлэж байсан түүхтэй. Үер Энхтайваны гүүрэнд хүрч байсан тухай ярьдаг. 1910-аад онд Гандангийн дэнжид тултлаа үерлэж  байсан гэдэг. Байгалийн араншинг тааж мэдэхгүй. Тэгэхээр одоо энэ барьсан үерийн далан юу ч болохгүй. Харин далан барьчихвал  үерийн аюулыг зайлуулж болно.

-Усны хэмнэлтийн тухай ярих хэрэгтэй байх л даа. Айл өрх, албан газруудыг тоолууржуулах хэд хэдэн төсөл хэрэгжсэн. Яг үнэндээ тоолууржууллаа гээд хэмнэлт гарч  байна уу?

Ш.Ганзориг: Тоолуурын асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас үнийн тодорхой тариф мөрддөг. Гэтэл яавал бага ус хэрэглэх вэ гэдэг менежмент байхгүй.

Л.Нямготов: Тоолуурт хязгаар тогтоох нь зөв. Нэг хүнд ногдох усны хэмжээг тогтоогоод лимит хэтэрвэл үнийг гурав, дөрөв дахин нэмж авдаг тогтолцоо руу шилжих ёстой. Замбараагүй байдлын нэг жишээ бол “Бороо гоулд” компанид 6000 литр усыг зургаан төгрөгөөр өгч байхад гэр хороололд зургаан литр усыг ийм мөнгөөр өгч байна.

П.Бадамдорж: Үнэхээр буруу тогтолцоотой. Орон сууцны хороололд үнэгүй ус түгээж байгаа шүү дээ. Зөвхөн шугам сүлжээгээр дамжуулсны төлбөр авдаг. Усны нөөцийн ашиглалтын төлбөр авдаггүй. Тоолууржуулсан ч жил бүр таван тэрбум төгрөгийн алдагдалтай л ажиллаад байдаг. Одоогийн тогтолцоо бол Ус сувгийн удирдах газар дөрвөн эх үүсвэрээсээ усаа түгээчихдэг. Тэд өөрсдөө тооцоогоо хийхгүй.  Орон сууцны конторууд,  Сууц өмчлөгчдийн холбоо  гээд олон шат дамжлага дамжиж байна. Гэтэл Усны газар, Ус суваг ямар ч холбоогүй ажиллаж таарах уу. Ус ашиглаж байгаа бол төлбөрөө төлөх л ёстой.

Д.Дорждулам: Нямготовын хэлдгээр зохист хэрэглээгээ  хэтрүүлсэн тохиолдолд илүү гарсан шоо метр ус болгонд төлбөр өндөр тогтоох нь зөв.

Ш.Ганзориг: Ус хэрэглэсний төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэх шаардлагатай. Жишээлбэл, би цахилгаандаа илүү мөнгө төлдөг хэрнээ усны төлбөр гэж сард 5-6 мянган төгрөг төлж байх жишээтэй. Усыг цахилгаанаас илүү хэрэглэж байвал ахиу мөнгө төлдөг тогтолцоо бүрэлдэх ёстой.

Нэг шоо метр шороо угаахад 4000 шоо метр   ус хэрэглэх стандарттай. Гэтэл 15 хүргэж байна. Илүү ус ашигласны төлбөрийг тооцохгүй л байна. Төлбөрийг хэд дахин нэмж авбал усаа хайрлах хамгийн эхний алхам болох ёстой. Даруйхан хэрэгжүүлэх хамгийн эхний ажил  энэ байж болох.

 

Тэмдэглэсэн Б.АРИУНАА, Г.ӨЛЗИЙСАЙХАН

 

Тавтай Морилно уу »

Eco Cabinet

Сэтгүүл Зvй »

Baldorj Prize

Боловсрол »

Baldorj Prize

Application form »

Application Form