Baldorj Foundation

Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль дэлхийгээ хайрлая.
Ц.Балдорж
Нvvр arrow Эко танхим arrow Уулзалтууд arrow Усны хэрэглээний буруу тогтолцоог өөрчлөх цаг болсон
Усны хэрэглээний буруу тогтолцоог өөрчлөх цаг болсон

ImageНэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Эко танхим” гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиосонтой холбогдуулан Монгол орны усны нөөц, хомсдол, төрийн бодлого, чиглэл, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын оролцоо, хамгаалалтын асуудлаар уулзалт ярилцлага зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтад БОАЖЯ, ХХААХҮЯ, Усны хэрэг эрхлэх газар, Усны үндэсний хороо, Усны институт, “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөн болон аж ахуйн нэгж, иргэд оролцлоо.    

    -Дэлхийн усны V чуулга уулзалт Туркийн нийслэл Истамбулд  болж өндөрлөлөө. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлаас шалтгаалсан олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс ямар оролцоотой байх талаар тодорхой саналууд гарсан гэж бодож байна.

    Д.Доржсүрэн: /Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга/
    -Истамбулд болсон Дэлхийн усны чуулган дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ удаагийн чуулганд 192 орны 28 мянган хүн оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд гэхэд 15000 гаруй төлөөлөгч оролцсон гээд бодоход ямархуу хэмжээний уулзалт болох нь харагдах байх аа. Монгол Улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Гансүхээр ахлуулсан 16 хүн оролцсон.

 

Өндөрлөг газрын орнуудад усны нөөцийн хомсдол илүү мэдрэгдэнэ

Д.Доржсүрэн: Чуулганаар бид олон улсын сайд нарын уулзалтад нэлээд анхаарал тавьсан. Б.Гансүх сайд Ази Номхон далайн бүс нутгийн уулзалтад оролцож манай орны усны аюулгүй байдлын талаар үг хэлсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас шалтгаалсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс ямар оролцоотой байх талаар тодорхой байр сууриа илэрхийллээ. Устай холбоотой үүсч байгаа гамшгийг бууруулах менежементийн талаар ярилцсан. Усны дэд бүтцийг байгуулах дугуй ширээний уулзалт болсон.

Чуулганы гол чухал баримт бичиг бол Стамбулын тунхаглал юм. Сайд нарын бага хурлаар 130 орны төлөөлөл усны заавар боловсруулан гаргалаа. Маш нухацтай хэлэлцэж баталсан. Түүнчлэн усны форумын хүрээнд хууль тогтоох байгууллага, орон нутгийн төлөөлөл оролцсон Стамбулын усны зөвшилцөл гэсэн баримт бичгийг батлан гаргалаа. Эдгээр нь ертөнцөд нүүрлэж байгаа усны хомсдолд дэлхий даяар яаж хамтарч ажиллах юм бэ гэдэг бодлогыг тодорхойлж байгаа юм. Мөн иргэний нийгмийнхэн, төрийн байгууллагын төлөөллүүд усны салбарт гарсан шинэ техник технологитой холбоотой бүх мэдээллийг дэлгэсэн, арвин туршлага солилцсон дэлхийн хэмжээний усны олимп боллоо.

Ш.Баран­чулуун:  /ХХААХҮЯ-ны Усжуулалтын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн/
-Миний хувьд хөдөө аж ахуй болон хот суурингийн усан хангамжийг сайжруулах арга хэмжээнд оролцсон. Дэлхий нийтэд тулгамдсан асуудал бол өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг хэрхэн бүрэн хэмжээгээр хангах вэ. Хаягдаж байгаа бохир усыг яаж үр ашигтай цэвэршүүлж, юунд ашиглах вэ. Бохироос гарах лагийг дахин боловсруулж үйлдвэр аж ахуй, барилгын салбарт ашиглах боломж байна уу зэрэг асуудлыг чухалчилсан. Энэ үеэр зөвшилцөлд хүрсэн гол асуудал нэгдүгээрт, усалгаатай тариалан эрхэлж хүн амын хэрэгцээг хангах асуудал байв.

Харин тариалангийн талбайг нэмэх замаар хүнсээр хангах боломжгүй болсныг бүх улс орон хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, ус хамгийн ихээр хэрэглэдэг салбарт аль болох гадаргын усыг ашиглах чиг хандлагатай байна. Гуравдугаарт, бохирдсон усыг цэвэрлээд эргэж ашиглах талаар ярилцсан. Тэнд танилцуулсан техник технологиос бид ойрын үед нэн даруй хэрэгжүүлж болохуйц шинэ зүйл нэлээд байна билээ.

-Газар тариалан эрхлэхэд усжуулал­таа хэрхэн бүрдүүлж, байнгын эх үүсвэртэй болох вэ?
Ш.Баранчулуун:
Ерөөсөө л дэлхий нийтийн туршлагаас харахад, усны урсацыг тохируулж хуримтлуулах далан боомтыг асар олноор нь барьж байгуулах болжээ. Энэ усаа хөдөө аж ахуй, барилгын салбарт ашиглаж байна. Үнэндээ газрын доорх гүний усыг ашиглах явдал үндсэндээ зогссон гэж болно.

-Тэгвэл Монгол Улс усаа нөөцлөх байгууламжтай болоход хэдэн жил шаардагдах бол.
-Манай улсад Орхон Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор, боломжтой бол Хэнтий, Дорнодын талаар урсдаг голуудын урсацыг тохируулж ус хуримтлуулах том, жижиг боомтууд барих шаардлагатай. Бидний тооцоолсноор 3-4 сая шоо метр усны багтаамжтай хоёр боомтын барилга барьж, услалтын системийг сайжруулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. “Атрын-III” аяны хүрээнд 2012 он гэхэд 20 орчим сая шоо метр ус нөөцлөх боомт байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, Монголд 200 мянган га-д усалгаатай тариалан эрхлэх юм бол хүнснийхээ хэрэгцээг бүрэн хангах бололцоотой юм. 

Иргэн Д.Долгорсүрэн: -Усны форумд оролцож байхад далайн усыг цэвэршүүлэх, ашиглах техник технологи байна уу?
Ш.Баранчулуун:
Жишээ нь, Стамбул бол Фосфорын хоолойн хоёр талаар үргэлжилсэн том хот. Энэ хот усныхаа хэрэгцээний 90 гаруй хувийг гадаргын усаар хангадаг юм билээ. Уг нь далайн усыг цэвэршүүлж ашиглах төхөөрөмж байдаг ч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглах түвшинд хүрээгүй байна. 

Д.Доржсүрэн: Ус өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Усны чанар найрлагатай адил, орлуулах хэмжээний технологи гараагүй байна. Хэрэв байдагсан бол усны асуудал ингэтлээ хурц тавигдахгүй шүү дээ.

Хууль байхгүйгээс алтны компаниудтай хариуцлага тооцож чадахгүй байна

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол орны усны нөөцөд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ талаар манайхан хэр судалсан байдаг юм бол?

З.Батбаяр: /Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга/
-Устай холбоотойгоор гурван үндсэн шалтгаанаар хүн төрөлхтөнд аюул учраад байна гэж Дэлхийн усны форумд оролцогчид санал нэгдсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт өсөлт, эдийн засгийн өсөлтийн хурдац юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод усны нөөцөд өөрчлөлт орж байгаа. Далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой үерийн аюул дэлхийн олон оронд нүүрлэх боллоо. Нөгөө талаар, өндөрлөг газар байгаа улсуудад цэвэр усны нөөцийн хомсдол бий болно гэсэн үг. Тэгэхээр байгальд өөрт нь нийцсэн бодлогыг бий болгох ёстой гэдэгт улс орнууд санал нэгдсэн.

Манай орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид өнөөдрийг хүртэл мал аж ахуйд хэрэглэх усаа хаанаас хангахаа шийдээгүй байна. Цаашид зөвхөн газрын гүний усыг ашиглана гээд бусдаас зөрөөд байж болохгүй шүү дээ. Ер нь усны талаар баримталж байгаа бодлого хоорондоо уялдаатай байх хэрэгтэй.

Ш.Баранчулуун: Өнөөдөр усыг өөр өнцгөөс  харж тодорхойлж байна. Өмнө нь бид усыг уух, угааж арчих, ногоо услах гэсэн ойлголттой байлаа. Гэтэл дэлхий нийт усыг хөгжлийг тодорхойлогч гэж үзэж байна. Цаашлаад усныхаа нөөцийн менежементийг зөв хийж чадахгүй бол тэр улс оронд ядуурал, гуйланчлал ирнэ. Ус өөрөө ядуурал, хөгжил хоёрыг зэрэг тээж урсдаг гэдэг утгаар нь өргөн хүрээнд авч үзэж байна.

-Усны хэрэг эрхлэх газрыг зөвхөн судалгаа, шинжилгээний байгууллага болчихлоо гэх шүүмжлэл их байдаг. Гол усны бохирдлыг бууруулах талаар танайх ямар бодлого боловсруулж, ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?
З.Батбаяр:
Хууль эрхзүйн талаас нь тайлбарлъя л даа. Ус бохирдуулсан хүнтэй хариуцлага тооцоход эрх зүйн хувьд ямар боломж байна вэ. Үнэндээ ус бохирдуулсны төлөөсөнд авдаг төлбөр, хатуу шийтгэл гэж алга. Иймд бид Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл боловруулахаар ажиллаж байна.

-Алтны шороон орд ашигладаг уул уурхайн компаниуд олон гол мөрөнг бохирдуулж байна шүү дээ.
-Сүүлийн хоёр жил алтны компаниудтай тэмцлээ. Тэдэнд шаардлага тавихаар ус үүгээр урсдаг байсныг бага зэрэг өөрчиллөө. Гэсэн ч ус эргээд бүрэн урсаж л байгаа биз дээ гэдэг. Мөнгөн дүнгээр үзвэл алтны компаниудын ус ашигласны төлбөр 4.1 тэрбум төгрөг болж өссөн. Гэвч нөгөө талаар байгальд асар их хохирол учруулж байна. Үнэнийг хэлэхэд бид зөвхөн төлбөр авахаас өөр зүйл хийж чадахгүй   байна. Уг нь хуулиар усны төлбөрөөс төвлөрсөн хөрөнгөний 35 хувийг эргүүлж нөхөн сэргээлтэд зарцуулахаар заасан. Гэтэл нөгөө төлбөр нь орон нутгийн, эсвэл Сангийн яамны төсөвт орчихдогоос усандаа зарцуулж чаддаггүй.

Усны талаарх хамгийн чухал нэг асуудал бол гадаргын усыг ашиглах. Өнөөдөр Улаанбаатар хотын усны хэрэгцээний 90 хувийг газрын гүнээс хангаж байна. Монгол Улсын нийт усны нөөцийн 80 хувь нь гадаргын, 20 нь газрын доорх ус. Гэтэл хэрэглээнийхээ 90 хувийг гүний усаар хангадаг буруу тогтолцоо л үйлчлээд байна. Иймээс үндэс сууриар нь өөрчлөх, өөр менежментээр ажиллах байр суурьтай байгаа.

-Гадаргынхаа усыг ашиглахгүй бол бидэнд хэдэн жил хэрэглэх нөөц байна вэ?
З.Батбаяр:
Яг нарийн тоо хэлэх хэцүү л дээ. Угтаа бол бидний хэрэглээ авч болох боломжит нөөцөөс давсан тохиолдолд л Улаанбаатар хотын усны нөөц хомсдолд орно. Зарим хүн 2018, 2020 он гэх зэргээр ярьдаг ч урьдчилж яг таг тооцох боломжгүй.

-Саяхан болсон усны зөвлөлдөх уулзалтын үеэр Усны яам байгуулах тухай ярьж байсан. Тусад нь яам байгуулах шаардлага зайлшгүй байгаа юм уу?
З.Батбаяр:
Монгол Улсад усны   асуудлыг салбар хоорондын зохицуулалт хийхэд ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллах талаар судалж гаргах хэрэгтэй гэж л зөвлөлдсөн. Одоо усны асуудал эрхэлсэн Усны хэрэг эрхлэх газар, салбар хоорондын зохицуулалт хийх зорилгоор яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга нарыг хамруулсан Усны үндэсний хороо ажиллаж байгаа.

-Сүүлийн үед ширгэсэн гол мөрөн , булаг шандны тоо нэмэгдсээр байгаа. Үүнийг иргэд уул уурхайтай холбож ойлгодог. Үнэхээр тэдний буруугаас ширгээд байна уу. Эсвэл дэлхийн дулаарал нөлөөлж байна уу?
Д.Чанд­мань: /Усны институтын захирал/
-Нэлээд төвөгтэй асуудал л даа. Монгол орны хувьд хамгийн өндөрлөг газар байрлалтай. Энэ нь нэг талаараа эх үүсвэр нь байдаг атлаа   хамгийн түрүүнд нэрвэгдэх эмзэг тогтолцоотой. Ийм эмзэг зүйлийг оролдохоор үр дагавар нь ямар болдгийг “Алт” хөтөлбөр харуулсан. “Алт” хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэхэд л байгалиа, гол усаа хайрладаг хүмүүс тэмцэж эхэлсэн. Үнэндээ голуудынхаа эхэнд, тэр тусмаа голдирлыг нь өөрчилж алт ухдаг орон Монголоос өөр байдаггүй л байхгүй юу. Ширгээд, хатаад ирэхээр нь одооноос дээр, доргүй ярьж эхэлж байна. Энэ талаар яривал маш их баримт бий.

Түүнчлэн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд бид хэрхэн ажиллах вэ гэдгээ тодорхойлж, Монгол орны усны нөөцийн менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд сайн боловсон хүчин, технологи хэрэгтэй. Харамсалтай нь мэргэжилтэн алга. Энэ уулзалтад оролцож байгаа хэдхэн хүнээр бараг л  хязгаарлагдана гэхэд болно.
 
-Гадаргын ус нөөцлөх боомт байгуу­лах талаар судалгаа шинжилгээний ажил хэр хийгдсэн бэ?
-Далан, далан гээд л яриад байна. Гэтэл даланг хийхэд голын усны тооцоо, гадаргын, газрын доорх усны судалгааг хийх хэрэгтэй. Энэ бол маш том шинжлэх ухаан юм. Жишээлбэл, Дэлхийн усны форумд оролцоод ирэхдээ би далан барьдаг технологийн номыг сүүлийн үед гарсан аргачлалуудтай нь авчирсан. Даанч ашиглах түвшний боловсон хүчин алга. Одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжилбэл арван жилийн дараа далан барих ажил эхэлж магадгүй. Жинхэнэ судалгаа хийдэг, зурдаг, тооцоолдог хүн нь Монголд алга. Энэ бол маш том хоцрогдол.

 

Говь руу ус татах том төслүүд байгаль орчинд асар их хохирол учруулж болзошгүй

 С.Отгон­баатар: /“Бурбаш” ком­панийн захирал/
-Манайх бохир усыг цэвэршүүлэх шар буурцагнаас гаргаж авсан, ямар нэгэн химийн хоргүй бүтээгдэхүүн Япон улсаас оруулж ирсэн. Энэ бүтээгдэхүүнээ Увс аймагт уул уурхайн компанитай хамтран хэрэглэж үзсэн. Ингэхэд голын усыг 90 гаруй хувь цэвэрлэж байсан. “Эко танхим”-д энэ тухай танилцуулахаар ирсэн юм. Байгаль орчны, гол усны бохирдол улам бүр нэмэгдсээр байгаад хувийн хэвшлийнхэн санаа зовж явдаг. Бидэнтэй хамтарч ажиллаач ээ гэж хэлмээр байна.

Б.Баяр:  /“Мижид” компанийн захирал/
-Европт зам тавихад ашигладаг хөрсийг нягтруулж ус, чийг нэвтрүүлдэггүй бодис манай компани оруулж ирээд туршиж байгаа. Энэ бодисыг ашиглаад далан, нуур цөөрөм байгуулж болох технологийг нь хамт авчирсан юм. Гадаргын усыг ашиглах тухай ярьж байгаа үед энэ аргыг туршиж үзвэл үр дүнтэй байх.

С.Дамдин­сүрэн: /“Хэрлэнгийн хөдөө арал” хөдөл­гөөний тэргүүн/
-Гадаргын болон гүний усыг ашиглах тухай ярьж байгаа энэ үеэр “Хэрлэн говь” төслийн асуудал сөхөгдсөн. Бид “Айвенхоу майнз” компанийнхантай уулзсан. Усыг яаж ашиглах гэж байгаа талаар ярилцсан. Их л бүрхэг юм билээ. Ер нь Оюутолгойг ашиглахад шаардагдах гүний усны судалгааг бүрэн гүйцэд ч хийж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм билээ. Байгаль орчны үнэлгээ нь бас бүрхэг. Энэ асуудалд манай эрдэмтэд хүч анхаарлаа тавьж ажиллахгүй бол болохгүй ээ. Байгаль орчинд хор хохирол учруулсан маш олон төсөл байдаг шүү дээ.

Ш.Баранчулуун: Орхон, Хэрлэн голыг түшиглэсэн боомт барих асуудал шийдэгдлээ гэж бодъё. Ингэлээ гэхэд судалгаа шинжилгээ, техникийн үзүүлэлтийг тооцсоны эцэст хийнэ. Дор хаяж 3-4 жил болох байх. Хөрөнгө мөнгө ч их шаардана. Түүнчлэн хүмүүсийн дунд хэрэглээ гэдэг утгаар нь усыг мэддэг гэж ойлгодог. Гэтэл ус бол өвчинтэй адил. Өвчнийг эмч хүн оношилдог шиг усыг зөвхөн мэргэжлийн хүмүүс л судалж, тооцож чадна.

Д.Чандмань: Усны хэрэглээг зохистой болгоход анхаарах хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, цоргоноос гоожиж байгаа усанд шүүлтүүр тавьж хэрэглээгээ хянаж болно. Маш олон ноу хау байна шүү дээ. Барууны орнуудад бол хүмүүс өөрсдөө бороо, цасны усаа нөөцөлж ашигладаг. Түрүүнд санал тавьсан компаниудын хэлдэг санаа   маш зөв. Үүнийг бид аль аль талдаа боломжтой хэлбэрээр дэмжиж, туслах хэрэгтэй.

С.Дамдинсүрэн: Олон нийтийн санал сэтгэгдлийг сонсох, хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Эцсийн эцэст энэ бол биологийн ёс зүйн асуудал дээр тогтдог. Тиймээс манай усны эрдэмтэд мэргэжлээ битгий өмчлөөсэй. Иргэний нийгмийн дуу хоолойг сонсохгүй бол усны эрдэмтэд л мэднэ гэж болохгүй шүү дээ.

-Дэлхийн усны өдрийг “Хилийн ус ба хамтын боломж” уриан дор зохион байгууллаа. Энэ үеэр “Ус” үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн. Гол зорилго, чиглэлээ юу гэж тодорхойлсон бэ? 
Д.Доржсүрэн:
“Усны нөөцийн ашиглалтын бодлого зорилтууд” нэртэй уулзалт болсон. Монгол Улсад усны бодлогыг тодорхой болгож авах асуудал нэн тэргүүнд шаардлагатай. Тиймээс “Ус” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна. Нэгдүгээрт, Монгол Улсын стратеги бол усны нөөцийг хамгаалах, түүний цэвэр ус бүрэлдэн тогтох, байгалийн аясаар сэргэх боломжийг судалж үзэх. Хоёрдугаарт, байгаагаа бүрэн хяналтад авъя. Өнөөдөр хяналтын системгүй болчихсон байна. Хяналт бол удирдлагын мэдээллийн гол талх нь. Үүнгүйгээр менежмент ярих хэрэггүй шахуу. Гуравдугаарт, усны нөөцийн хуримтлал бий болгох. Зөвхөн гадаргын бус, газар доорх усыг нөөцлөх.

Дөрөвдүгээрт, усны нөөцийг зөв зохистой ашиглая. Ялангуяа хэрэглэсэн усаа цэвэршүүлж эргэж ашиглах хэрэгтэй. Тавдугаарт, улсын хэмжээнд усны нөөцийн менежментийг боловсронгуй болгох. Эрх зүйн орчин, зохион байгуулалт, боловсон хүчнийг сайжруулах асуудал багтаж байгаа. Зургадугаарт, тэргүүний техник, технологийг уламжлал дээрээ баяжуулж, түгээн дэлгэрүүлье. Ийм зургаан чиглэлийн стратеги боловсруулаад байна.  Энэ бол монголчуудын хувьд тун чухал асуудал юм.

Тэмдэглэсэн Б.АРИУНАА, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

 

Тавтай Морилно уу »

Eco Cabinet

Сэтгүүл Зvй »

Baldorj Prize

Боловсрол »

Baldorj Prize

Application form »

Application Form