Л.ГАНЧИМЭГ
Ачааллаа дийлдэггүй эмнэлгийн ажилт нууд, арчаагүй төр засгийн “буянаар” өдгөө хүний амь, амьдрал юман чинээнд үнэлэгдэхээ больж, үнэ цэнэ нь хол гээгдсэний жишээг бид өдөр бүр шахуу харж, мэдэрч байна. Хүйтний улмаас Улаанбаатарын гудамжинд хоногтоо хүмүүс хэд хэдээрээ нүд аньж байгааг нүд нь нээлттэй байгаа засаг, төр харсан ч хараагүй юм шиг дүлий годил оргисоор. Аргаа бараад бид тэдэнд хандаж “Мааскаа аваад манийхаа төлөө нэг дуугарчихаач” гэсэн сонордуулга хүртэл гаргасан. Харамсалтай нь хүнээс малыг илүү үнэ цэнэтэйд тооцдог дарга нар маань маасктайгаа байсаар л байна. Төгсгөл нь А3 нүүрт
Клиникийн нэгдүгээр амаржих газар ариун цэврийн шаардлага хангаагүйн улмаас нярайн халдвар гарч, Монгол Улс дөрвөн шинэ иргэнээ алдчихаад байна. Дахиад нэг нярайн амь хутганы ирэн дээр байгаа гэсэн. Хүний заяаг олж, хорвоод ирсэн үрсээ тосон хүлээж авч чадалгүй үхлээр угтсан эмгэнэлт үйл явдал болоод арав гаруй хонож байхад манайхан Ажлын хэсэг байгуулсныг эс тооцвол гараа, амтайгаа хумхиад таг чиг. Өнгөрсөн онд 10.700 эх төрүүлж, наян насны ойгоо тэмдэглэсэн тус Амаржих газрын үйл ажиллагааг түр зогсоосон ч бид тийш зорилоо.
“Дотоод засвартай тул тус Амаржих га зар хоёрдугаар са рын 1- нийг хүртэл ажиллахгүй“ гэсэн бичиг хаалга бүрийнхээ гадна нааж, шинээр томилогдсон дарга нь ажилтнуудтайгаа хурал хуй хийгээд их л завгүй байгаа бололтой. Хүсэн хүлээсэн нялх үрээ харах гэсэн аавуудын болоод төрөл төрөгсдийн хөлд дарагдан, түм түжигнэж, бум бужигнаж байдаг энэ газар нам гүм. Амаржих газрын үүдэн дэх нүцгэн улиангарт дүүжлээтэй тоос тортог, хир даг болсон хадаг самбай хүртэл гэм хийсэн аятай унжгар харагдана. Алаг үрдээ сайн сайхныг ерөөсөн эцэг, эхчүүд энэ ариун газрын үүдний модонд хүртэл сүсэглэж, хүүхдээ энхрийлэн тэвэрсэн эхийн хөшөөг халтарттал сүү өргөжээ.
Уг нь миний хүүхдийг манай эмнэлэг элдэв эндэгдэлгүй алга тосон авч чадна гэсэн итгэл бүрэн байдагсан бол хүмүүс ингэж амьгүй хөшөөнд сүсэглээ ч үү, үгүй ч үү.
Тус амаржих газрын дотор, гаднагүй хувийн хэвшлийнхэн хувалз шиг шаваад удсаныг бид мэднэ. Төрөөс хувийн хэвшлийг дэмжих ёстой нь үнэн ч улсын эрх ашиг гэж нэг юм бий. Амаржих газрын хүрэлцээ муу байгаа одоогийн нөхцөлд байр саваа эгүүлэн авах нь зүйд нийцэх бөгөөд энэ талаар яам, газрын шийдвэр гарсан ч хэрэгжилгүй өдгөөг хүрлээ. Өргөх бичиг, шаардлага, жагсаалаас айдаг манай хүчгүй, зангараггүй, нэр хүндгүй засаглалын нүүр царай энэ. Төрийн шийдвэрийг эсэргүүцэн гудамжны нохой хуцсан ч цочиж айдаг засаг төртэй болохоор яалтай ч билээ.
Таван давхар байрыг нь элэглэж байгаа юм шиг нар, салхийг нь хаасан өндөр өндөр барилгууд сүндэрлэсэн нь элдэв нян үржих нөхцөл бий болгоод байгааг тус газрын хуучин дарга өнгөрсөн намар учирлаж байсан нь ортой аж. Яамныхан нэгдүгээр амаржих газрын бүхэл бүтэн нэг корпусыг эзэгнэсэн хувийн хэвшлийнхнийг ирэх сарын 20 гэхэд тэндээс гаргахаар болсон тухай ярив. Ингэж чадах болов уу даа. Тэд ярьдаг, шийдвэр гаргадаг, тэгсэн хэрнээ ажил хэрэг болгодоггүйн жишээг бид хангалттай мэднэ дээ.
Аль 2004 онд 4500 хүүхэд эх барьж байсан үеийн төсвөөрөө ажиллаж байгаа энэ Амаржих газрынхан урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр ажилладгаа бидэнд “ховлолоо”. Үүдийг нь барьж, даргыг нь халсан шийдвэр үр дүнтэй ажил бишийг харуулж, халдвар тээсэн хүүхдүүд сэхээн амьдруулах тасагт нэмэгдэн шилжсээр, өчигдөр ес болжээ.
Улаанбаатарын бу - сад Амаржих газруудад ч байдал нэгдүгээр төрөхөөс дээрдэх юмгүй. Хоёрдугаар амаржих газар баригдаад 50 жил болж байгаа. Дээврээс нь дусаал гоожиж дөнгөж амаржсан эх, үр байтугай энгийн хүн ч суухын аргагүй болсны дараа сая нэг их засварт оруулсан болсон. Анх 150 ортой ашиглалтад орсон энэ газрыг 90-ээд онд төрөлт багассан нэрээр 75 ортой болгож, боловсон хүчнийг хоёр дахин цөөлжээ. Өдгөө Дутуу нярайн зургаан ортой тасагт ганц сувилагч ажиллаж байх жишээтэй. Эндхийн хүүхэд төрүүлэх тасгийнх нь чанх дор жорлон ухсан байхад юун ариун цэвэр мэвэр ярихтай манатай.
ГИШҮҮД ЭЭ, 19 ТЭРБУМАА АМАРЖИХ ГАЗАРТ ӨГНӨ ҮҮ
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн “хөгшин” барилгыг энэ зун их засварт оруулах гэнэ. Угийн ачаалалтай байдаг тэдний хувьд ойрын өдрүүдэд зарим шөнө 40 хүртэл хүүхэд эх барьж авч байгаа гэсэн.
Нэг хэсэг төрөлт эрс багассан нь үнэн. Гэвч сүүлийн жилүүдэд овоо нэмэгдэж байгаад хүн бүхэн баярлаж суугаа. Монголчууд “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж бэлгэшээдэг, “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөдөг, ядаж 5.0 сая хүнтэй болчихвол улс орны хөгжил дэвшилд хэрэгтэйсэн гэж хүсэн хүлээдэг хүмүүс. Гэсэн хэрнээ эхчүүдээ сэтгэл амгалан амаржих тохитой газартай болгохыг бодолгүй, бодсон ч ажил хэрэг болголгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Өчнөөн жил дуншсан дөрөвдүгээр төрөхийг даруйхан барих нэн шаардлагатай болсныг саяын үйл явдал харууллаа. Шинэ Амаржих газрын зураг төслийг Улаан-Үдийн нэгэн компаниар гаргуулж, ЭМЯныхан мэргэжлийн талын бүхий л материалыг нь бэлэн болгочихсон байгаа аж. Газар нь олдохгүй ийш тийш шидэгдсээр Яармагийн орчимд баригдах болоод байгаа энэ Амаржих газрыг эргэн төлөгдөх нөхцөлтэй олон улсын тендер зарлан бариулах юм гэнэ. Амаржих газар барих мөнгө олдохгүй байна гэнэ ээ. Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг алга. Эргэн төлөгдөх нөхцөлтэй тендерээр ажил гүйцэтгэнэ гэгч юу болохыг бид мэднэ. Ичих булчирхай нь “эдгэчихээд” УИХ-ын улаан модон ширээ тохойлдож суугаа Д.ДамбаОчирын зэрэмдэглэсэн Улаанбаатар-Лүнгийн замын бэлээхэн жишээ хажууд байж байна шүү дээ. Маш олон болох Монголын ирээдүйн үрсэд нартыг угтах өргөөг нь барихдаа мөнгө харамлахаа, хагас сэтгэлээр хандахаа больё.
Уг нь шинэ Амаржих газар 19 тэрбумаар босчих юм гэсэн. Мөнгө нь шийдэгдээд ажил нь эхэлчихвэл энэ ондоо багтаад баригдах боломжтой гэж албаны хүн хэлж байна. Энэ оны төсөвт Амаржих газар барихад зориулж ердөө 760 сая төгрөг төсөвлөсөн нь “Ид гээд уутаа сэгсрэв” гэдэгтэй адил санагдахгүй байна гэж үү? Хэрвээ төсөвт хүндрэл учрах гээд байгаа бол бэлэн мөнгө хажууханд чинь байж байгаа юм биш үү? Нийслэлээс УИХ-д сонгогдсон 20 гишүүн бий. Тэдний мэдэлд 20 тэрбум төгрөг байгаа. Яагаав өнөө тойргийн мөнгө. Д.Энхбат гишүүн авахаас татгалзсан гэсэн. Тэгэхээр яг 19 тэрбум төгрөг байгаа гэсэн үг. Тэр мөнгөөр л дөрөвдүгээр амаржих газрыг барьчихъя. Угаасаа та бүхэн үерийн далан дээгүүр гүүр барих, зөвшөөрөлгүй газар буусан айлуудад цахилгаан татаж өгөх, тавиад маргааш нь хуулрах засмал зам барих гэх мэт санал худалдаж авах үргүй үйл ажиллагаанд мөнгөө зарцуулчихдаг шүү дээ. Нийлээд ганц сайхан орчин үеийн Амаржих газар байгуулчих юм бол Улаанбаатарынхан 20-ууланг чинь дахиад сонгож ч магадгүй. Тиймээс “Гишүүд ээ, 19 тэрбумаа Амаржих газарт өгнө үү” хэмээн уриалж байна. Ламбаа сайдад хандаж хэлэх ганц үг байгааг эцэст нь танд хаяглая. Гахайн ханиад, эрүүл мэндийн даатгал, эмч нарын сахилга хариуцлага энэ тэр яахав ээ, цагаа болохоор шийдэгдэж таарна. Нярайн халдварын сургаар таныг огцруулах тухай журмын нөхөд чинь хошуу амаа билүүдэж явна гэсэн. Бид харин таныг огцруулахын эсрэг байна. Та шинэ Амаржих газар л бариулчих. Үүний төлөө УИХ дээр суулт ч хамаагүй зарла. Ард түмэн чинь таныг дэмжинэ. Таны хувьд олон түмэнд насан туршдаа үнэлэгдэх, хүндлэгдэх ажил чинь энэ болно. Ламбаа гишүүний санаачилсан хууль гэхээсээ Ламбаа сайдын бариулсан Амаржих газар гэвэл илүү тод, хүндэтгэлтэй, бахархалтай сонсогдоно шүү дээ.
Танд нэрээ мөнхлөх сайхан боломж байна.

Уншигчдын сэтгэгдэл