Циркийн тайз заслаар мэргэшсэн уран зураач

2011-03-03 15:30:00

 Зураачдын урлан тэдний хоёр дахь гэр нь. Тэд тэнд л зоргоороо, санасан бүхнээ цаасан дээр буулгаснаар дахин давтагдашгүй, гайхалтай бүтээл төрүүлдэг. Яруу найрагчид тэмдэглэлийн дэвтэр, үзэг, оюун ухаанаараа “зэвсэглэдэг”-ийн адил зураачид ч бийр, муутуу цаастай найзална. Гэхдээ зураачийн “тэмдэглэлийн дэвтэр”, “үзэг” нь яруу найрагчийнхаас хамаагүй том болохоор цүнхлээд явж болдоггүй.

Тэгээд л урландаа ажиллаж, амьдардаг. Зураач Э.Цолмонбаттай уулзлаа. Тэрбээр “тэмдэглэлийн дэвтэр”-ийнхээ цүнх, өөрийнхөө гэр болсон урландаа биднийг хүлээн авсан юм. Монгол циркийн ерөнхий зураачаар 10 жил ажиллаж, тайз, хувцасны эскиз гаргахаас гадна уран зураг, монгол зургийн төрлөөр уран бүтээлээ туурвиж яваа түүний урланд хамтдаа “зочилъё”

-Таны урланд байгаа зургуудын ихэнх нь хатдын хөрөг байх юм.

-Үндэсний хувцастай хатад, морьд зурах дуртай. Гэхдээ бие даасан төрөл болж хөгжөөд буй байгалийн зургийг орхигдуулаад байдаг дутагдалтай. Одоо хөрөг л олон зурж байна.

-Уран зургаас гадна монгол зургийн төрлөөр уран бүтээл хийдэг гэсэн байх аа?

-Монголын үндэсний дүрслэх урлагийн чиглэл болсон монгол зургийн төрлөөр уран бүтээл хийдэг. Монгол зураг бурхны зургаас эхтэй. Эртний уламжлалаар бол монгол зураач нар зургийн бүх материалаа өөрөө бэлтгэдэг байсан юм билээ. Харин одоо бол бид даавуугаа л бэлдэж байна.

-Монгол зураг арга барилын хувьд уран зургаас ялгаатай байх.

-Тэгш хэмт хавтгайн зурах арга гэж тодорхойлдог юм. Харин уран зураг бол тэгш бус хэмт, гүний алслалтай байдаг. -Орчин үеийн зураач нар өөрийн гэсэн арга барил, хэв маягаар дагнан уран бүтээлээ хийдэг юм билээ.

Харин та аль алиныг нь хослуулаад байна уу даа?

-Ихэвчлэн хөрөг, монгол зураг зурдаг ч бүх төрлөөр хийж бүтээх хүсэлтэй. Хөрвөх чадвартай уран бүтээлч болохын тулд цаг хугацаа их зарцуулсан.

-Тэгээд л тайзны зургаар мэргэшихийн тулд циркт ажиллав уу?

-Би 2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг дүүргэсэн. Төгсөөд удаагүй байхдаа циркт зураачийн орон тоо байгааг сонсоод очиж бүртгүүлж, уран сайхны болон захиргааны зөвл өлийн хурлаар орж дагалдан зураач боллоо. Түүнээс хойш 2010 он хүртэл циркийн ерөнхий зураачаар ажиллаж, олон уран бүтээл туурвисан.

-Тайзны эскиз гаргахаас гадна хувцасны загвар зохиодог юм байна, тийм үү?

-Циркийн ерөнхий зураач тайзны эскиз, хувцас, жижиг хэрэгсэл, тоглолтын аппарат гээд бүх зүйлийн загвар зохиох үүрэгтэй. Гаргасан загварын дагуу дархан, мужаан, оёдолчид ажлаа хийнэ. Циркийн тоглолт, театр, чуулгынхаас тэс өөр. Найруулагчаас авсан хэдэн хуудас цаасыг бодит уран бүтээл болгох хүртэлх бүх ажилд оролцдог онцлогтой.

-Циркийн аппарат хэрэгслийн загвар гаргахын тулд хэмжээ, харьцааг нарийн баримтлах хэрэгтэй болдог байх. Учир нь тэр бүхний цаана хүний амь нас бий.

-Мэдээж. Илбийн хайрцаг байлаа гэхэд үзэгчдэд түүнийг аль болох жижиг харагдуулахын тулд өнгөний сонголтдоо анхаарна. Түүнчлэн илбийн нууцыг задруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна.

-Тэгэхээр циркийн бүх нууцыг мэддэг хүн байх нь.

-Циркийн барилгаас эхлээд тэр дотор байгаа бүх зүйлийн хэмжээ, хязгаарыг нарийн мэдэж байж л ажлаа хийнэ шүү дээ. Монголын циркийн барилга их онцлогтой. Тоглолтын манеж, бэлтгэлийн танхим гээд циркийн сөөм бүр нь энэ урлагт зориулагдсан байдаг. Түүнээс гадна циркийн зураач ажлаа хийхдээ хүний амь насыг давхар хариуцдаг. Тиймээс аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэлийн загвар гаргах хэрэгтэй. Тухайлбал, уран нугараачдын хувцсыг тэдний уян хатан байдалд нийцүүлэн сунадаг материалаар хийдэг. Илүү дутуу навсархай, унжлага хийж болохгүй. Маш нимгэн материалаар дүрслэлээ илэрхийлэх хэрэгтэй. Материалын сонголт болон өнгө будгаар тэр жүжигчнийг гал, ус, салхи болгон хувиргах үүрэг зураачид ногддог.

-Нэг хэсэг цирк үздэг хүнгүй болсон. Тэр үед уран бүтээлч та бүхэнд хэцүү байсан байх даа?

-Гэхдээ 2001 онд циркийн үйл ажиллагаа жигд явж байсан шүү. Шинээр жүжигчин бэлтгэх, үзүүлбэр дэглэх, гадаадын уралдаан тэмцээн, аялан тоглолтод оролцох гээд хэвийн ажиллаж байсан. Цаг үе өөрчл өгдөж, үзэгчдэд шоу тоглолтоос эхлээд олон сонголт бий болж циркт ирэх нь цөөрсөн учраас тэгж санагдаж болох юм. Гаднын циркчдийн тоглолт ирэхэд үзэгчид танхим дүүрэн л цугладаг байсан.

-2010 оноос хойш циркт зураач байх шаардлагагүй болов уу, эсвэл та бие даасан уран бүтээлээ хийе гээд энэ ажлыг орхив уу?

-Үнэнийг нь л хэлье. 2010 оны долдугаар сард “АСА”-гийнхан дархан мужаан, оёдолчин, зураач нярав, нягтлангаа халсан. Тайзаа түрээсэлж, шоу тоглолт хийхийн тулд гэрэлтүүлэгч, дууны инженерийг л үлдээсэн байх. Би ч гэсэн 10-аад жил хамт ажилласан найз нөхдөө ажлаасаа гарангуут нь энд байх хүсэлг үй болсон. Манайхан бие даан уран бүтээлээ хийгээд, хааяа надаар хувцасны загвар гаргуулаад явж байна.

-Циркийн зураачаар ажиллаж байхдаа уран зургаа зурсаар байв уу?

-Тийм ээ. Энэ л миний аз. Зөвхөн циркийн тайзны зураач хийгээд явсан бол би яах байсан билээ. Театрын зарим зураач ажилдаа бүх цагаа зориулж явсаар ажилгүй болохоороо яах учраа мэддэгг үй. Хамгийн хүнд нөхцөлд, ачаалалтай ажиллачихаад, маш бага цалин авдаг хүмүүс бол театрын зураач.

Би циркт ажиллаж байхдаа ч зурсаар байлаа. Ажил ихтэй учраас гадаад, дотоодын уралдаан тэмцээнд тэр бүр оролцож чаддаггүй ч 2004 онд Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдсан “Монгол эмэгтэйн дүр төрх” үзэсгэлэнд оролцож, тэр жилдээ хоёр бүтээл маань оны шилдэг бүтээлд багтаж байлаа.

-Энэ зургийн гол дүр нь бодит харагдаж байгаа ч орчин нь хийсвэр юм шиг ээ. Түүнээс гадна зүүлт чимэглэлийг нь товойлгож гаргасан нь ямар учиртай юм бол?

-Бодит дүрийг хийсвэр орчинтой холбож байгаа л оролдлого.

-Мөн монгол бичигтэй цаасан дээр хөрөг зурсан байна.

-Монгол бичиг, монгол эмэгтэйн хувцас хэрэглэл гээд үндэсний онцлог шингэсэн бүхнээ нэг хавтгайд багтаах гэж оролдсон юм. Зургийн дэвсгэр дээр Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” зохиолыг бийрээр бичсэн байгаа.

-Таны зургуудыг олны танил, алдартай хүмүүс худалдан авч байсан уу?

-Асашёорюү аваргын хувийн цуглуулгад миний хоёр уран зураг, найман монгол зураг бий. Аварга миний нэг бүтээлийг худалдаж аваад Японы NHK телевизийн ерөнхий захиралд бэлэглэж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа нэг зураг худалдан авч байсан юм байна. Харин хэнд дурсгасныг нь мэдэхг үй байтал саяхан тэр зураг “Голомт” банкны захиралд байдаг тухай дуулсан. Түүнээс гадна Францын “Өлзий” арт галерейд хэд хэдэн бүтээл бий. Би нэг жилийн турш Ленинградын зургийн зах зээлийг монгол зургаараа барьж байлаа. Энэ бол зураач хүний хувьд том амжилт. Угаасаа урлаг, загварын ертөнц байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин би жилийн хугацаанд өөрийнхөө таван ч монгол зургийг Санкт-Петербургийн нэг музейд худалдсан.

-Та бас номын зураг зурдаг гэсэн үү?

-Би 2005 онд БНСУ-д болсон номын зураач нарын уулзалт, үзэсгэлэнд оролцож байсан. Тухай үед Х.Чилаажав ахын “Тэнгэрийн цаад руу нисэж яваа шувууд”, “Уянгын говь”, зохиолч яруу найрагч Ц.Буянзаяагийн “Цаг хугацааны далавч”, Л.Моломжамцын “Дөрвөн улирлын мемори”, Довдонгийн “Амьдралын зураг” зэрэг яруу найргийн номын зураг чимэглэл хийж байсан юм.

-Одоо ямар зураг зурж байна вэ?

-Тайваньд болох аялал жуулчлалын экспод зориулж эдгээр зургийг зурж байна. Энэ зураг “Монгол цирк” нэртэй. Циркийн төрөл бүрийн тоглолтыг монгол зургийн аргаар нэг хавтгайд багтаасан. Манай циркийнхэн нэгнийгээ гавьяат болбол яг ийм зураг зуруулж бэлэглэдэг уламжлал тогтчихсон юм аа. Энэ зургийг олон удаа зурж байгаа ч үргэлж өөрчлөлт хийж, шинэчилдэг. Э.Цолмонбатын гэргий Өнөржаргал ч гэсэн зураач, уран барималч. Тэд хамтдаа уран бүтээлээ туурвиж, гэгээлэг сайхан бүхнийг үзэгчдэд түгээхээр зорьж яваа нь энэ.

Ж.Солонго


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
kobe 182.160.35*** 2014 оны 02 сарын 09 21:32 Хариулах
realist gdgiin naad ursgalaa mdhuu naad zuraach chn olon torloor tuurwidag
Зочин 182.160.3.97 2011 оны 03 сарын 03 17:20 Хариулах
Baidag l neg realist zuraachuu??? naadah chin mgld orgildoo hurtsen toroldoo... Harin modern geheer setgej chaddaggui sarantsatsralt enhjin monhjin gd bnadaa hoorhii
Зочин 182.160.3.97 2011 оны 03 сарын 03 16:47 Хариулах
Baidag l neg realist zuraachuu??? naadah chin mgld orgildoo hurtsen toroldoo... Harin modern geheer setgej chaddaggui sarantsatsralt enhjin monhjin gd bnadaa hoorhii

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »