О.СУНДУЙ: БҮХ ХҮН НЭГ Л ЦЭГТ ХҮРНЭ, ТИЙМЭЭС ЯАРАХ ХЭРЭГГҮЙ

“Долоон хожгор, нэг можгор” хүүхдийн дуурь, “Агь хүү Сиддхартагийн аялал” жүжиг, “Зуслангийн чөтгөр” хүүхдийн кино, “Мэхт мэхэндээ”, “Уруул нь урт хушуу болсон нь”, “Мөөлөө гөөлөө хоёр”, “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Аймаар том нохой”, “Оймс залгидаг мангас”, “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин”, “Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү”, “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхдэд зориулсан номоор нь багачуудын сайн таних МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч О.Сундуйтай ярилцлаа. Тэрбээр одоо Соёл урлагийн хорооны Хэл, утга соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй.

-Хүүхдэд зориулсан зохиол бичиж эхэлсэн тухайгаа яриач?

-Би Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн. Хадаг, сүү бариад “Та миний багш болооч” гэж хүнтэй уулзаж явсангүй. Монголын болон дэлхийн утга зохиолын үе үеийн сод туурвилууд надад багшилсан. Зав чөлөө л гарвал ном уншдаг байв. Сумынхаа бага, дунд сургуулийг дүүргээд 1976 онд Багшийн сургуульд элсэж бага ангийн багш болсон.

1983 онд сургуулиа төгсөөд нутагтаа дөрвөн жил бага ангийн багшаар ажилласан. Шавь нараа харж, тэдний яриа хөөрөөг сонссоор байгаад хүүхдийн зохиол руу халтирчихсан шүү. Хүүхдийн ертөнц их гэгээн, өхөөрдмөөр шүү дээ. Хүүхдийн ярьж хэлж, бодож хүсэж байгааг сайн ажиглавал тэр чигээрээ уран сэтгэмжийн ертөнц.

Бага ангийн багшаар ажиллаж байхдаа хүүхдүүдээр үлгэр, оньсого зохиолгоно. Өөрөө зохионо. Тэр дундаас олон ч бүтээлийн санаа олж авсан даа. Түүнээс өмнө яруу найрагч болно гэж бодоод мөр, толгой холбоод явдаг хүү байлаа.

-Хүүхдийн зохиол бичлээ гээд яруу найраг оролдохоо болиогүй биз дээ?

-Би чинь 1982 онд яруу найргийн номын эхээ бэлдэж байлаа шүү дээ. 30 жилийн өмнө “Навчсын шивнээ” гэдэг сүрхий нэр өгч, оруулах шүлгүүдээ ангилж, ялгаад бэлд чихсэн ч хэвлүүлж амжааг үй. 1987 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийн оюутан болохдоо яруу найргийн болон хүүхдэд зориулсан шүл гийн нэг, нэг номтой ирж байлаа. Хотод ирээд хүмүүст уншуултал хүүхдэд зориулсан ном маань түрүүлээд хэвлэгдчихэж билээ. Түүнээс хойш яруу найргийн номоо хойш тавьж явсаар сая хэвлүүллээ. Намайг номоо хэвлүүлж амжихгүй явахад зарим шүлэг маань “Монголын уран зохиолын дээжис”, “Уран зохиолын товчоон” зэрэг цоморлигт хэвлэгдсэн байна билээ.

-1982 онд яруу найргийн номоо бэлэн болгосон хүн найргийн анхны номоо одоо л өлгийдөж байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Цаг хугацаа өнгөрөх тусам зохиолчийн үзэл бодол өөрчлөгддөг ч юм уу, тухайн цаг үед бичсэн шүлэг хэсэг хугацааны дараа өөрт таалагдахаа болих тохиолдол байна. Бэлдсэн номоо хэсэг хугацааны дараа сөхөж харахад нэг шүлэг нь гологдоно. Тэгсээр 200-гаад шүлэгнээс дөрөв, тавхан шүлэгтэй үлдэж ч магадгүй. Тэгэхээр яг тэр цаг хугацаандаа, өөрт таалагдаж байгаа дээр нь зохиол бүтээлээ хэвлүүлээд явах нь зөв юм билээ. Би их алгуурхан, удаан урагшилдаг хүн шиг байгаа юм. Яаж ч явсан бүх хүн нэг л цэгт хүрнэ. Тэгэхээр учир зүггүй яарч тэвдэж гүйх хэрэггүй юм шиг санагддаг. Замдаа таарсан зүйлийг үзэж сонирхоод, тайван, тааваараа явахад буруу зүйл байхгүй. Тэртэй тэргүй нэг л цэгт очно шүү дээ.

-Таны нэрээр “овоглосон” дуунууд байдгийг санаж байна?

-Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар, С.Батболд, Л.Галмандах, Б.Ганчимэг, Г.Цэвээн, Г.Сэр-Од нартай хамтарч хүүхдийн болон зохиолын нэлээд хэдэн дуу хийсэн.

“Үүрээр тормойх цэцгийн шүүдэр

Хяруутан мөнгөрөх уяхан хорвоо

Үүлэн нүүдэл сэтгэл жиндээд

Ижийдээ очмоор намрын өглөө”

гэсэн үгтэй “Хайрын хорвоо” дуу маань 1995 онд үзэгчдийн таашаал хүртсэн шилдэг дуугаар шалгарч байлаа.

-Хүүхдэд зориулсан анхны ном тань “Мэхт мэхэндээ” бил үү?

-Тийм. 1994 онд хүүхдэд зориулсан өгүүллэгийн “Мэхт мэхэндээ”, “Уруул нь урт хошуу болсон нь” гэдэг хоёр номоо хэвлүүлж байлаа. Үүнээс хойш багачуудад зориулан 20 гаруй ном бичиж, хэвлүүлжээ.

-Сүүлийн жилүүдэд төрийн албанд ажиллаад, хүүхдүүдэд зохиол бичиж өгөх цаг зав хомс байна уу даа?

-Соёл, урлагийн салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлэх, соёлын болон авьяас билгийн үнэлэмжийг ахиулах, хүн амын оюуны, ахуйн, хэрэглээний соёлын түвшинг дээшлүүлэх, Монголын уламжлалт соёл, язгуур урлагийн залгамж холбоог бэхжүүлэх, орчин үеийн Монголын соёл, урлагийг дэлхийн хэмжээнд хүр гэж хөгжүүлэх зорилготой Соёл урлагийн хороо хэмээх байгууллага байгуулагдаад гурван жил болж байгаа. Би энд хоёр жил ажиллаж байна. Зохиол бүтээл туурвина гэдэг хүний сэтгэл зүрхний асуудал. Цаг зав ихтэйн хэрээр бүтээлийн чанар чансаа өсөх нь юу л бол. Зав багатай гээд юу ч бодохгүй, сэтгэхгүй байна гэж үгүй. Өмнөх үеийн зохиолчид ч төрийн ажлын хажуугаар л зохиол бүтээлээ туурвиж байсан биз дээ. Би багачуудад зориулсан зохиол бүтээлээ бичиж байгаа. Энэ жил Батболд, Балжинням нарын хөгжмийн зохиолчидтой хамтарч нэлээд хэдэн дуу хийсэн. Орчин үеийн үлгэр гэдэг төрлөөр ихэвчлэн бичиж байна.

-Хүүхдэд зориулсан шинэ, чансаатай уран бүтээл цөөн төрж байгаа талаар аав, ээж нар гомдоллодог. Энд ямар шалтгаан байгаа гэж та боддог вэ?

-Үнэхээр ч хүүхдийн зохиол дагнан бичиж байгаа хүн цөөн байна. Хүүхдэд зориулсан зохиол гэхээр хөнгөн хийсвэр хандсан, ингэс тэгсхийгээд биччихсэн мэт санагддаг. Хүүхдийн зохиолд өөрийн гэсэн онцлог бий шүү дээ. Тэр зохиолоор бяцхан уншигчид, үзэгчид, ирээдүйн иргэд амалж байгаа учраас, эх хэлээ тэр зохиол бүтээлээр дамжуулж мэдэрч байгаа учраас хэл найруулга сайтай байх ёстой. Мөн хүүхдэд зориулсан зохиол үйл явдлаар үзэгч уншигчдаа хөтөлдөг, тэр үйл явдлаараа санаагаа илэрхийлдэг, сонирхол татахуйц байх ёстой. Хүүхдүүд аливаа зүйлийг сонирхох, анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь богинохон. Энэ онцлогийг бүтээлдээ шингээгээгүй асуудал байна. Зохиолчид шинэ бүтээл туурвихаасаа илүү хуучин зохиолоо дахин хэвлэж харагдах юм. Цаг үе гэдэг өөрийн араншинтай. Нэг үе ном зохиол хойш тавигдаж байсан. Одоо бол монгол үндэстэн оюун сэтгэлгээний хувьд сэргэж байна. Аажимдаа утга зохиол, урлаг соёлд шинэ өнгө аяс бүхий залуус, олон сайхан бүтээл түрж орж ирнэ байх.

УРАН БҮТЭЭЛИЙН ШАГНАЛ

1993 он. “Долоон хожгор, нэг можгор” дуурь Г.Сэр-Одын нэрэмжит шагнал

1999 он. Хүүхдэд зориулсан бүтээлийн улсын анхдугаар уралдаанд “Шүлгүүд” болон “Алтан зоос” бүжгийн цомнол дэд байр

2001 он. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай” ном “Алтан өд” шагнал 2002 он. “Аймаар том нохой” шүлгийн ном МЗЭ-ийн шагнал

2004 он. “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” хамгийн олон уншигчтай ном 2007 он. “Зочин” ном “Алтан өд” шагнал

2008 он. Монголын зохиолчдын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойгоор “ Нисдэг хулгана Чинүүхэй” зохиолоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэв.

2009 он. “Хүүхэлдэйн чинээ ээж” ном “Алтан өд” шагнал

БСШУЯ-наас О.Сундуйн “Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү”, “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Нисдэг хулгана Чинүүхэй”, “Зочин”, “Учиртай бэлэг” бүтээлийг нь шилдэг номоор шалгаруулж, улсын санд хадгалахаар болжээ.

 Х.УЯНГА


СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/