Төв аймгийн Аргалант сумын “Хусан баганат” хэмээх газар өвөлжиж буй мянгат малчин Б.Эрдэнэ-Очирынд зочлохоор дуучин Г.Эрдэнэтунгалаг амралтын өдрөөр зорьсон юм. Очих газар ойртох тусам хөдөөгийн амьдрал ямар байдгийг харах гэсэн хүсэл сэтгэлийг минь өөрийн эрхгүй догдлуулж байлаа. Талын салхи амталж, адууны үнэр ойрын хэдэн жилдээ үнэрлээгүй надад төлийн дуу цангинасан малчны хотонд дуучин бүсгүйтэй хамт амарч өнжинө гэдэг жирийн өдрүүдээс ч илүү сонирхолтой санагдаж байв. Биднийг аяны дөрөө мултлахад гэрийн эзэн их л урилгахнаар угтаж авлаа.
-Их хотын дуу чимээ, утаа униараас түр ч болов холдож, хөдөөгийн цэвэр агаарт, тэр дундаа малчин айлын хотонд амралтынхаа нэг өдрийг өнгөрүүлж байгаа чинь тун сайхан санагдаж байна.Хөдөөгийн эгэл жирийн амьдрал, ахуй таны сэтгэлийг ингэж татна гэж үнэхээр төсөөлсөнгүй?
-Юуны өмнө морилон ирж буй “Баясгалан” хэмээх усан луу жилийн амар мэндийг Монгол түмэндээ дэвшүүлье.Өвлийг өнтэй давж, хаврыг баяр жаргалтай угтан, элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Хөдөөгийн энгийн амьдрал дунд амралтынхаа нэг өдрийг юу ч бодохгүйгээр тайван өнгөрүүлж байгаа маань надад жирийн нэг өдрүүдээс ч илүү сонирхолтой сайхан санагдлаа. Увс нутгийн мянгат малчин Б.Эрдэнэ-Очир ахындаа зочилж, халуун дулаан яриа өрнүүлж суугаадаа баяртай байна. Монгол гэрийнхээ тооноор хөх тэнгэрээ харан, гал дээр даргилж буцалсан аагтай шаргал цай амталж суух хамгийн сайхан жаргал ч юм шиг. Хөдөөгийн амьдралд стресс байдаггүй. Монгол ёс заншил эндээс л жинхэнэ утгаараа харагддаг юм. Нүүдэлчдийн өв соёлыг өнөөг хүртэл уламжлан хадгалж ирсэн ард түмэн бол монголчууд шүү дээ.
-Адуу малд өвс, тэжээл өгөх, өтөг бууц цэвэрлэж, ундны ус бэлдэх, хонь үхрээ хотлуулна гээд хөдөөгийн ажил мундахгүй их. Гэтэл та энэ бүгдийг нэг их ажралгүй хийж байх чинь. Хэзээ ингэж сүрхий сураа вэ?
-Би хэдийгээр хотод өссөн ч гэлээ хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. Хүүхэд байхдаа зуны амралтаараа хоёр дүүгээ дагуулаад, хөдөө очиж, ээжийнхээ эгчийнд амардаг байлаа. Увс, Булган аймаг руу зун их явна. Мал хариулна гэдэг чинь наад зах нь орчин тойрноо ажих, цаг улирлын байдлыг мэдэх, байгаль дэлхийгээ хайрлах гээд хүнийг амьдралын гярхай ухаанд сургадаг. Малаа салхи шуургатай үед хааш нь бэлчээх, өвс тэжээлийг нь яаж тааруулах, төлийг нь хэрхэн бойжуулж өсгөх, сүү саалийг нь хэрхэн боловсруулж ашиглах вэ гээд хөдөөгийн малчдын өдөр тутмын амьдрал тун сонирхолтой. Яг одоо надад хүүхэд насны минь нандин дурсамжуудыг өөрийн эрхгүй санагдуулж байна.
-Сар шинийн гоёлоо хаана хийлгэсэн юм бэ. Охин та хоёрын дээл тун сайхан зохиж байна шүү?
-Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэж ерөөдөг дөө. Сар шинээр сайхан дээл урлуулж өмссөнөөс тэр жилийн өнгө харагддаг гэдэг. Цагаан сараар өмсөх гоёлоо “Монгол костюмс”-ийн уран гартай бүсгүйчүүдээр урлуулсан. Өнгөрсөн жил мөн л энэ төвийн үйлчдээр дээлээ зэхүүлж, “Түвшин баяртай яваарай” дууныхаа клипэд өмссөн. Надад дээлний маань өнгө их таалагдаж байгаа. Цэнхэр өнгө тэнгэр шиг цэлмэг, тал шиг уужуу байхыг бэлгэддэг гэж боддог.
-Таныг тайзан дээрээс дуулахыг чинь харж байсан болохоос биш монгол аж амьдралтай ийм ойр өссөн гэдгийг чинь огт мэдсэнгүй. Олон хүн таныг над шиг төсөөлдөг байх даа?
-Ёс заншлаа дээдэлнэ гэдэг Монгол хүний цусанд байдаг. Урлаг, тайз гэгээн зүйл болохоор хүмүүс намайг дуулж байгаагаар минь илүү хүндэлж хүлээж авдаг байх л даа. Түүнээс биш би бусдын л адил. Хүний хийж чаддаг бүхнийг хийж чадах ёстой гэж боддог.
-Цагаан сарын баяр таны хүсэн хүлээдэг баяруудын нэг мөн үү?
-Тийм ээ. Хүүхэд байхдаа хэнийх ямар бэлэг өгөх бол гээд шинэ жил, цагаан сарын баярыг хоног тоолон, тэсэн ядан хүлээдэг байлаа. Айл айлд зочилж бэлэг авна. Орой нь бэлэгнүүдээ гаргаж тоолно, хадгална. Цагаан сар бол уламжлалт ёс заншлаа дээдэлж, азай буурлууд, нялхас балчируудын алгыг тэнийлгэн баярлуулж, ураг төрлөө мэдэлцэн, хотол олноороо эе эвтэй амьдрахыг бэлгэдсэн хамгийн сайхан хүндэтгэлийн баяр. Монголчуудын айлчилсан зочдоо ерөөлөөр угтаж, үддэг хүндэтгэлийн бахархмаар ийм баяртай дүйцэх ёслол дэлхийд хаана ч байхгүй.
-Шинийн нэгний өглөө хэнийд эхэлж золгох вэ?
-Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргана. Аав ээждээ түрүүлж золгочихоод, дараа нь аавынхаа хамгийн том ах Хоролдоржийнд очиж золгоно доо. Шинийн нэгнээс шинийн гурван хүртэл ойр дотнынхоо төрөл садан болоод нагац, авгындаа золгохоор зорино. Тэр дундаа манай баядууд их ёсорхуу. Шинийн гурвандаа багтаж золгохгүй бол дурамжхан байдаг юм.
-Увс нутгийнхны сар шинийн идээ будаа нь хүртэл бусад нутгийнхнаас их өвөрмөц байх юм аа?
-Нутаг нутгийн ёс заншил, аливаа баяр ёслолыг тэмдэглэж буй хүндэтгэл нь ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг шүү дээ. Манай нутгийн сар шинийн тавгийн боов ихэнх нутгийн өргөн хэрэглэдэг ул боовноос өөр. Энгийн үгээр жишээлж хэлбэл шагшуурга шиг дуугардаг, идэхэд ч их амттай. Зуныхаа амралтаар хонь хариулдаг байхдаа энэ боовыг идэх гэж гэр рүүгээ их яардаг байж билээ.
-Та охиноо багаас нь монгол ахуй, соёлтой их ойр өсгөхийг хүсдэг бололтой. Хэлж байгаа үг, зааж буй үйлдэл, зэхсэн гоёлыг нь хараад ийм бодол төрлөө л дөө?
-Эцэг эх болно гэдэг үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага үүрч байна гэсэн үг. Энэ жил охин маань таван нас хүрч байна. Сар шинээр өмсөх гоёлыг нь өөрт нь зориулж эртнээс зэхсэн юм.
-Сар шинийн өдрүүдээр цэнхэр дэлгэцээр өөрийн тань амилуулсан “Түвшин баяртай яваарай” дуу эгшиглэдэг шүү дээ?
-Энэ дууны шүлгийг яруу найрагч Н.Батжаргал тэрлэж, аяыг нь ээж хийсэн. “Энержи ресурс” компанийн захирал Түвшинбаяр хэмээх бүсгүй Тэмүүлэн, Содмагнай, Баясаа гээд гэр бүлийнхнийхээ нэрийг оролцуулж зохиолгосон захиалгын дуу л даа. Гэхдээ энэ дуу зөвхөн тухайн хүнд зориулагдсан гэж хэлэхээргүй сайхан бүтээл болж чадсан. Дууны утга агуулга ерөөсөө өөдрөг амжилттай явахыг ерөөж бэлгэдсэн. Хүн бүхэн үр хүүхдээ эсэн мэнд, амар түвшин яваасай гэж ерөөдөг шүү дээ. Ээж дуучин П.Адарсүрэн гуайн дуулсан “Амар түвшин” дуутай ижилсүүлж зохиосон гэдэг. Би ч өөрөө охиноо бодож дуулсан болохоор хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан гэж боддог.
-Ойрд танаас шинэ бүтээл "төрөв" үү?
-Сүүлийн гурван жил шинэ бүтээл дорвитой хийсэнгүй. Гэхдээ зүгээр суугаагүй ээ. Хөгжмийн зохиолч Р.Билэгтийн “Тэнгэрлэг эрчүүд” дууг амилуулж, олны хүртээл болголоо. Удахгүй дүрсжүүлнэ. СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр дүүргэсэн болохоор хойшдоо мэргэжлийн өнгө аястай бүтээл хийх бодол бий. 2000, 2005, 2006 онд дуулах ур чадвараа дээшлүүлэх үүднээс олон улсын уралдаанд оролцож байсан. 2005 онд гранпри шагнал хүртсэн. Энэ шагнал надад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх урам зориг өгсөн
-Өөрийг тань дуучин Д.Болдтой хамтарч уран бүтээл хийн, рок попод хүч үзэхээр шийдсэн гэж сонин хэвлэлүүд бичиж байснаа тэгсгээд нам жим болсон. Энэ асуудал нээрээ юу болсон бэ?
-Залуу хүнийхээ хувьд уран бүтээлдээ эрэл хайгуул хийх дуртай. Энэ ч утгаараа дуучин Д.Болд, Quiza нартай уулзаж, санал бодлоо солилцож байсан. Аливаа зүйлд тохироо нь бүрдэх, бүрдэхгүй гэж байдаг даа. Тухайн үед нөхцөл нь хараахан бүрдээгүй байсан гэх үү дээ. Би нэг өнгө аясаар дуулж, бас нэг хэлбэр загварт баригдахыг хүсдэггүй. Энэ бүхэн өмнөхөөсөө илүү зүйл хийхийг хүсдэг зан чанартай маань холбоотой байх.
-Аяны жолоо залахаасаа өмнө өглөөгүүр ямар ажил амжуулав?
-Өглөө эрт боссон болохоор олон ажил амжууллаа. Охинтойгоо хамт үсчин орж, дараа нь нүүр будалтаа хийлгэсэн. Үдээс өмнө гоёлын дээл хувцсаа захиалж хийлгэсэн газраасаа очиж авлаа. Харин одоо хөдөө ирчихээд амралтынхаа нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлж сууна. Үнэнийг хэлэхэд би эндээс явмааргүй л байна. Миний сэтгэлийг хөдөөгийн тайван амьдрал, нам гүм орчин өөрийн эрхгүй татаад байх юм.
-Та морь унаж чаддаг уу?
-Өө чадалгүй яах вэ. Надад морь унаад салхи сөрж явахад би монгол хүн шүү гэх омогшил төрдөг. Монгол хүний найдвартай, үнэнч, бас хамгийн хайртай унаа бол адуу. Монголчуудын омогшдог бардам зан бол магадгүй хийморьлог хүлэг, босоо бичиг, судалж үл барагдах эх хэл, түүхтэй маань холбоотой биз ээ. Тэгээд ч адууг тэнгэрийн амьтан гэж ярьдаг даа. Унасан хүлгийнхээ зан ааш, хэлийг монголчуудаас илүү сайн мэддэг ард түмэн байхгүй дээ.
-Ойрын өдрүүдэд хэнтэй уулзаж, ямар яриа өрнүүлэв?
-Надад санал болгосон бүтээл болгоныг аваад байх сонирхол алга. Чанартай, даацтай бүтээл туурвихыг маш их хүсэж байгаа. Дуу хүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллөөрөө хүчтэй. Энэ ч утгаараа ухаарал, гэмшил, уярал төрүүлж байдаг. Одоогоор яруу найрагч Д.Урианхай гуайн шүлэг, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн ая “Хүүгээ өрөвдөөд уйлмаараа” дууг дуулах бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Энэ дууны үг амьдралын мөн чанарын тухай өгүүлсэн нь их таалагдсан шүү. Үг нь “…Алдаатай оноотой хоногоон бол Алмайлдаад ангайлдаад барна аа хө Адагтаа хоосон хорвоогоон бодвол Хүүгээ өрөвдөөд уйлмаараа” гэсэн шадтай. Үдлээд буцах хорвоод бидний эдэлж хэрэглэж буй зүйл эцэстээ бүгд хоосон шүү гэдгийг ухааруулсан өнгө аястай.
-Ээж байхын үүрэг хариуцлагыг мэдрэх болсон чинь сүүлийн үед уран бүтээлүүдээс чинь цухалзаад байх болсон байна шүү?
-Магадгүй ээ. Хүн болж төрсөн юм чинь амьдралд туулах зүйлийг үзэх л ёстой. Тавилан гэдэг бол хөдөлж болдоггүй үнэн, заяа бол хөтөлж болдог үнэн. Болох ёстой зүйл болохоороо болж байгааг тавилан гэж хэлнэ. Миний хувьд 30 насны босгыг хэдийнэ алхсан болохоор өөрийнхөө хэмжээнд амьдралын туршлага хуримтлуулсан. Үүнийхээ хэрээр ухаан сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж яваа. Уран бүтээлч болсны гавьяа, бахархах зүйл нь ч энэ л дээ. Нэлээн хэдэн жилийн өмнө гаргаж байсан дуунуудаа эргээд сонсож байхад гэнэн, томоогүй байж дээ гэх бодол төрдөг л юм. Зургаан жилийн өмнөх, одоогийн Эрдэнэтунгалаг хоёрт амьдралыг үзэх үзэл, аливаа зүйлд хандах хандлага, хүлээж авах ухамсар, ухааны цар хүрээ мэдээж ялгаатай болсон. Амьдралын хуулиар хүний ухаан, бодол өдрөөс өдөрт тэлэгдэж байдаг. Охиноо төрүүлж байхад аав маань “За охин минь ээж болно гэдэг чинь чиний эрх хасагдаж, үүрэг нэмэгдэнэ гэсэн үг. Аав ээждээ эрхэлдэг үе чинь үүгээр дуусгавар болж байна” гэсэн утгатай үг хэлж байсан. Охиноо өсч томрох тусам аавынхаа хэлсэн үгний үнэ цэнийг улам их мэдэрч байгаа.
-Гаваасүрэн гуай үргэлж үглээд байхгүй ч жинтэй үгээр ухаарал хайрладаг хүн шиг санагдсан?
-Аав их тайван, биднийг ер загнаж зэмлэдэггүй. Тамхи татаад суухаараа их юм боддог. Бодож бодож байгаад жинтэй үг хэлнэ. Тэр үг нь цохиод авснаас ч илүү. Бид аавынхаа харцнаас их эмээнэ шүү дээ.
-Аав, ээж, охин гуравт уран бүтээлийн халуун яриа өрнүүлээгүй өдөр тун ховор байх аа?
-Саяхан аавдаа ээж, охин хоёрын харилцан дуулах дууны шүлэг тэрлээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Уран бүтээлд ярьдаг, сонсдог, дуулдаг дуу гэж бий. Хамгийн гол нь охинтойгоо харилцан дуулах дуу маань хүмүүст ухаарал хайрласан, хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг өгч чадахаар байгаасай.
-Ээжээсээ магтаал, шүүмжлэлийн алийг нь илүү сонсдог вэ?
-Өө аль алийг нь сонсоно. Ээж маань охин бид хоёрт “Хатан үр минь” дуу зохиож өгсөн. Ямарваа бүтээлд хөглөх онгод гэж байдаг. Ээжийнхээ онгодыг оруулахын тулд ааш занг нь аятайхан байлгаж байгаад сайхан дуу хийлгэнэ дээ (инээв)
-Энэ сайхан дуунууд чинь тэгээд хэзээ олны сонорыг мялаах юм бэ?
-Надад нэг том дутагдал байдаг. Аливаа дууг дуулахдаа их бодож цаг хугацаа алддаг. Амилуулсан дуунууд маань тэр ч хэрээрээ удаан амьдардаг юм болов уу. Урт настай бүтээл гаргахын тулд удаан бодох ёстой гэж би боддог л доо. Чанаргүй олон бүтээлтэй байснаас чанартай ганцхан дуутай цомог гаргаж яагаад болохгүй гэж.
-Ойрын жилүүдэд юу амжуулахаар төлөвлөсөн бэ?
-Энэ жил сонгодог урлагийн чиглэлээр мэргэжлийн дуулаачийн хувьд чансаа ахиулах бодолтой байгаа. Энэ ч утгаараа СУИС-ийн магистрантурт суралцан, Найдалмаа багшийнхаа удирдлага дор хичээллэж байна. 30 хувь нь бичвэр, 70 хувь нь сонгодог хэлбэрийн тоглолттой. Сонгодог хэлбэрийн тоглолтоо олонд мэдрэгдэхүйц хийж, дипломоо хамгаална. Энэ жил ОХУ-д М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан болно. Энэ уралдаан насны хувьд миний оролцох хамгийн сүүлчийн шанс. Уралдаанд оролцохоор бэлдээд эхэлчихсэн. Өөрийнхөө хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлж, шагналтай ирнэ гэсэн зорилго тавьсан. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн улсын уралдаанд Хоролмаад тоглохоор бүртгүүлсэн. Хоролмаа бол дуучны ур чадвар, жүжиглэлтийг их шаарддаг өвөрмөц дүр шүү дээ.
-Найз нөхдийнхөө нөхөрлөлийн тухай сонирхуулж яриач?
-Он цагийн шалгуурт тунаж үлдсэн нөхөр л жинхэнэ найз байдаг. Үнэнч найз бол зовж баярлах, гутарч гуних, баярлаж жаргах бүх л агшинд хамт байж, сэтгэлийн дэм өгч чаддаг. Би гарын таван хуруунд багтахаар цөөн найзтай. Найзууд маань миний зан араншинг сайн мэднэ. Миний хувьд бодсоноо шууд хэлээд найзуудаа гомдоочихсон тал байдаг л юм. Харин найзууд маань гомдсоноо ил гаргаад байдаггүй. Гомдсоныг нь би өөрөө мэдэрдэг болохоор дараа нь уучлал гуйдаг.
-Эмэгтэй хүнийхээ хувьд та зоримог алхам хийж, шийдвэр гаргадаг хүн шиг санагдсан?
-Би хүүхэд байхаасаа ийм л зантай байсан. Одоо ч хэвээрээ, хойшдоо өөрчлөгдөхгүй биз. Надад амьдралаас, хүмүүсээс, найз нөхдөөсөө суралцсан зүйл их бий. Тиймдээ ч хүний сайн талыг түрүүлж олж харахыг хичээдэг.
-Амьдрал танд яг одоо ямар бодол төрүүлж байна вэ?
-Амьдрал бол амьдарч буй агшин, хором бүртээ аз жаргалыг мэдрэх мэдрэмж. Харин жаргал бол алдаж болохгүй боломж. Хэрвээ алдвал эргэж олдохгүй.
-Та хайр дурлалтай дахин учирсан уу?
-Би сайхан хайртай учирсан. Түүнийхээ хүчээр амьдралдаа дахин шинэ хуудас нээж чадсан, эрч хүчтэй ч амьдарч байгаа. “Тэнгэрлэг эрчүүд” дуугаа амилуулахдаа сайхан хайраа бодож дуулсан.
-Охиныхоо аавд зориулж та “Хайрлаарай” дуугаа дуулсан гэдэг. Тэр хүн сэтгэлийн тань орон зайд одоо байдаг уу?
-Сэтгэлийн минь орон зайд одоо байхгүй ээ.
-Удахгүй мартын наймны баяр болно. Охиноо яаж баярлуулах вэ?
-Жил бүрийн мартын наймны баяраар би тоглолтод заавал дуулж байдаг. Аав маань бидэнд зориулж гоё хоол хийж дайлдаг. Хоолоо хийчихээд, ширээ засчихсан угтдаг юм. Үнэнийг хэлэхэд тоглолтоос аавынхаа хийсэн хоолыг идэх гэж гэр рүүгээ яардаг шүү. Өнгөрсөн жилийн мартын наймны баяраар хайртай хүний маань өгсөн бэлэг надад их таалагдсан.
-Аавынхаа хоол хийх эрдмээс хэр суралцаж байна?
-Суралцаж байгаа. Гэхдээ аавын хийснийг яаж гүйцэх вэ. Би нэг сайн найзынхаараа зочлох дуртай. Найз маань сайхан амттай хоол хийдэг болохоор надад хоолны талаар зааж зөвлөдөг. Найзынхаа зааж өгсөн хоолоор гэрийнхнийгээ дайлж, кок үнэлгээ авна шүү дээ.
-Таны хийх дуртай хоол…
-Тахианы мөчийг битүү жигнэж шарах дуртай. Цагаан загасыг битүү чанагчинд чанаж, шөл гаргаад өндөгтэй идэх ямар гоё амттай гээч. Би хоолны сэтгүүл цуглуулах дуртай. Дуртай хоолоо хийгээд гэрийнхнийгээ дайлах нэг бодлын кайфтай санагддаг. Нэг найз маань хүний сэтгэлээсээ хийсэн хоол амттай байдаг юм. Хийсэн хоолных нь амтнаас тэр хүн ямар сэтгэлтэй вэ гэдгийг шинжиж болно гээд хэлж байсан. Энэ ортой үг шүү.
-Хэлэх дуртай үг…
-“Цаг хугацаа бүгдийг харуулна”. Аливаа зүйлийн үнэнийг харуулах гол шалгуур бол цаг хугацаа. Найз нөхөрлөлд ч ялгаагүй. Нөхөрлөл эхэлсэндээ бус найзалж яваад яаж дууссандаа л байгаа юм. Цаг хугацааны туршид хүн хэрхэн өөрчлөгдөн хувирахыг таашгүй. Юм бүхэн хувирч өөрчлөгддөг. Гэхдээ тэр дундаас сэтгэл л үлддэг юм даа.
-Цаг хугацаа урагшилсаар. Хөгширнө гэхээс эмээж байна уу, та?
-Үгүй ээ. Өтөлнө гэдэг чинь байгалийн жам. Харагдах дүр төрхийн хувьд хөгширч болно, харин сэтгэл, сэтгэлгээний хувьд үргэлж өөдрөг залуугаараа амьдарна аа.
-Найзуудтайгаа хааяа наргиж цэнгэх зав гаргадаг уу. Олны танил хүмүүст жирийн нэгэн шиг дураараа наргих нэг бодлын хэцүү санагддаг байх аа?
-Би ямар ч үед өөрийнхөөрөө байх дуртай. Найз л бол найз шүү дээ. Олны танил гээд нөхдөө хүндэтгэхгүй байж болохгүй. Найзуудаа дуудсан үед нь зав гаргаад очдог. Тэднийхээ яриа хөөрөөнөөс гоё мэдрэмж авах надад ч таатай санагддаг. Хүнд яаж харагдах нь гол бус харин хэрхэн харах нь чухал.
-Өглөө гэрээсээ өрнийн зурхай харчихаад гардаг уу?
-Би нэг зүйлд хөдөлшгүй итгэдэг. Хүн байгалийн амьтан учраас өөрийн төрсөн он сар, өдөр, ордоосоо шалтгаалан, нар сар, од гаригсын байрлал, зохилдлого таталцлын хуулиар зан араншин ямар байх нь хамаарч байдаг. Жил бүр өрнийн зурлагын ном худалдаж авдаг. Түүнээс биш өдөр бүр зурхай хараад, ажил үйлс маань ямар байх бол гэж бодоод байдаггүй.
-Өөрийг тань охины ордонд төрсөн гэж сонссон гэж юм байна?
-Тийм ээ. Ордны маань онцлогийг өгүүлсэн ихэнх зүйл таардаг шүү.
-Номын дэлгүүрээр орох зав гарч байна уу?
- Саяхан дүү маань яруу найрагч Л.Өлзийтөгсийн хэвлүүлсэн “Төсөөллийн өрөөнд” нэртэй ном худалдаж авсан байна лээ. Түүний ном үнэхээр их таалагдсан. Удахгүй хэд хоногоос худалдаж авах бодол бий.
-Яруу найраг сонирхдог биз дээ?
-Яруу найргийн ном уншиж байхдаа би чив чимээгүй орчинд утсаа салгаад уншдаг. Таалагдсан шүлгийнхээ утга агуулгыг нь задалж ойлгох гэж дахин дахин нягталж уншдаг. Сүүлийн үед Л.Өлзийтөгсийн бүтээл таалагдах болсон. Хоёр жилийн өмнө АСА циркт “Болор цом” наадам үзсэн. Тэр жилийн найргийн наадмын түрүүг Ховд нутгийн яруу найрагч Б.Эрдэнэбаатар хүртэж байсан. Наадамд сойсон бүтээлүүдээс Болорцэрэнгийн “Охиндоо” шүлэг их таалагдсан. Номын дэлгүүрүүдээр ороход хүнд ухаарал хайрласан бүтээл ховор байх юм. Харин “Хүн амжилтанд яаж хүрэх вэ”, “Баяжих ухаан”, “Мөнгөтэй болох арга” гэсэн хэлбэрийн төдий ном их хэвлэгдэх болжээ. Би долдугаар ангид байхдаа Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” зохиолыг олж унших гэж нэлээдгүй эрсэн. Хүсэж, сонирхож уншсан болохоор тэр үү одоо ч санаанаас гардаггүй юм.
-Амралтын өдөр телевизээр ямар нэвтрүүлэг сонирхож үздэг вэ?
-Танин мэдэхүйн нэвтрүүлэг, амьтны ертөнц, АХА сонирхож үздэг. Хүүхэд байхдаа “Центавр” нэвтрүүлгийг алгасахгүй үздэг байлаа. Энэ нэвтрүүлгээс мэдээлэл их авдаг байсан шүү.
-Жолоо бариад хэр удаж байна?
-Өө удаж байна. Хотоос зайдуу гарсан үедээ салхи татуулна шүү дээ.
-Таны хөлөглөж байгаа машин ямар маркийнх вэ?
-“Ниссан” маркийн Япон автомашин.
-“Баясгалан” хэмээх усан луу жилээ угтан авч, учран золгож буй Монгол түмэндээ ерөөлийн сайхан үг хайрлахгүй юу?
-Морилон ирж буй луу жилдээ хотол олноороо эе эвтэй, идээ ундаагаар элбэг дэлбэг, эрүүл саруул, баяр хөөртэй сар шинэдээ сайхан шинэлээрэй. Халуун сэтгэл, халуун итгэлээр уран бүтээлийг минь өлгийдөж авдаг уншигч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү.
Г.БАТЦЭЦЭГ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: