Д.СЭРЭЭТЭР: ИД ҮЕИЙНХЭЭ БАРИЛДААНЫ БИЧЛЭГИЙГ ҮЗЭХЭД ХЭДЭН НАСААР ЗАЛУУЖИХ ШИГ САНАГДДАГ

Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш, доктор профессор Данзандаржаагийн Сэрээтэртэй хөөрөлдсөнөө толилуулъя.

-Caйн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Та одоогоор хаана ямар ажил эрхэлж байна даа?

-Миний хувьд гавьяаныхаа амралтад гараад байтал манай захиргаа илүү цагаар бөхийн хичээл заахын хажуугаар үндэсний бөхийн секц хичээллүүлээч гэж хүссэний дагуу МУБИС-ийн БТДС-даа багшилж байна даа.

-Багшлахын зэрэгцээ эрдмийн ажил хийж байна уу?

-Хүнтэй хамтарч ном гаргах санаатай байгаа. Энэ номд залуудаа бэлтгэл сургуулилтыг яаж хийж байснаа, олимп, тив, дэлхийн чанартай тэмцээнд гаргасан амжилтаа дэлгэрэнгүй бичих бодолтой байна.

-Таны бодлоор одоогийн хүүхэд залуус үндэсний бөхөөр хэр зэрэг хичээллэж байна?

-Намайг залуу байхад сургууль ч, бөх ч цөөхөн байсан. Одоо бол бөхийн сургууль клуб олшроод үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой залуус олон болж. Энэ нь МҮБХ сайхан ордонтой болж долоо хоног бүр бөх барилдуулж, бөхийг анхаарч буйтай холбоотой. Үндэсний бөхөөр хичээллэж арга мэхийг нь сайн сурвал гарын атгах чадал, хөлийн тэнцвэр, хурд, хүч, хараа, мэдрэмж сайжирдаг бөгөөд энэ бүхэн нийлж гэмээнэ сая бөх болдог. Монгол бөхөд бусад бөхийн төрөл шиг авсан оноогоо хамгаалаад байж болдоггүй, өвдөг тохой хүрэх төдийхөнд ялагддаг тул маш хариуцлагатай. Өөрөөр хэлбэл үндэсний бөхийн арга мэхийг сайн эзэмшвэл бусад бөхийн төрлөөр олимп, тив, дэлхийд амжилт үзүүлэхэд дөхөмтэй байдаг. Тэгээд би бөх хүний хувьд залуу үедээ заан сургаж байна.

-Үндэсний бөхөөр гадныхан том цол хүртэж чадах болов уу?

-Уйгагүй хичээллэвэл болно. Чөлөөт, жүдо, самбо, сүмотой адилхан л даа. Зодог шуудгийн барьцанд дасгаад, багаас нь хичээллүүлбэл боломжтой. Гэхдээ өвдөг, тохой газар хүрвэл ялагддаг гэдгийг гадныхан сайн ойлгохгүй талтай байдаг. Одоогоор дэлхий нийт манай бөхийг сонирхоогүй л байна. Уг нь гадныхан сонирхохоор уран мэхтэй барилдаан шүү дээ. Монгол туургатны бөхийн барилдаан уламжлал болж эхэлж л байна. Яваандаа дэлхий нийтэд түгвэл. Сүмог хоолой руу нь түлхэхээс өөр онцын мэхгүй байхад нь манай Батбаяр тэргүүтэй монгол бөхчүүд очоод л багаас хийж сурсан мэхээ барьцгүй хийгээд байхаар нь аргагүй “Мэхний их дэлгүүр” гэж нэрлэж байсан. Ухаандаа гар дээрээс дунгуйлдаад ч юм уу, хөлийг нь аваад, хонгодож дайраад, эсвэл хавсарч, сугадаж мушгиад л... олон угсраа мэхийг манайхан хийсээр байгаад сүмо одоо олон мэхтэй болсон харагддаг. Ер нь сүмо гар газар хүрвэл унасанд тооцдогоороо үндэсний бөхтэй төстэй.

-Дээр үед манайд чөлөөт бөх хөгжүүлэхээр ирсэн Зөвл өлтийн мэргэжилтэн багштайгаа та босоо барилдахаараа унагачихаад, хэвтээгээс бол тэр таны гар хөлийг мушгиад дийлдэхгүй байсан гэдэг. Энэ нь манай үндэсний бөхийн давуу талыг харуулж байна уу?

-Ер нь босоо барилдааныг дэлхий нийтээрээ сонирхож байна. Хэвтээгээс нухаад байх үзэгчдэд төдийлэн сонирхолтой бус, босоогоос бол хөлд орох, давхар хамах гэсэн нисэлттэй мэхтэй, уран гоё, үзүүштэй барилдаан гардаг. Үүнийг сайхан даацтай хийдэг бөхчүүд ч гарч ирж байна. Хэвтээд ч уран сайхан мэх бий л дээ. Гэвч тэр болгоныг хийдэггүй, хийлгэдэггүй, хийж чаддаггүй. Босоогоос бол мэхээ хийж чадаж л байвал өрсөлдөгч дорхноо тэнцвэр алдаж, нисэлттэй барилдаан гардаг. Үүгээрээ үндэсний бөх давуу талтай юм. Миний хувьд орос багшаа босоогоос унагаагаад араас нь хөл гараар хослуулан хийх мэхийг мэддэггүй байсан. Сүүлд Болгарт чөлөөт бөхийн сургалтад явсан хэд сайхан сураад ирсэн л дээ. Зөвлөлтөөс ирсэн Вишневсков багш бидэнд заагаад манайхан аль ч байрлалд ялгаагүй сайхан барилддаг болсон. Ер нь олон улсын чөлөөт бөхийн холбооны дүрэм өөрчлөгдөж, босоогоос хэн сайн барилдсан нь ялдаг болчихлоо. Дэвжээн дээр барилдаж буй хоёр бөхийг хэвтээд нэг их нухуулахгүй байгаа биз дээ. Ингэхээр манай бөхтэй ойртож байгаа биз. Манай бөхчүүд зогсолт сайтай. Баянмөнх, Мөнхбат, Ойдов аварга, Дүвчин заан нар хөлөө алд чихаад ерөөсөө тоодоггүй, хөл алдахаас айдаггүй шүү дээ. Бид бүр хөлөө өгч байгаад унагадаг, оноо авдаг байсан. Түвшинбаяр аварга үндэсний бөхийн хурдыг ашиглан өмсдөг мэхээрээ аварга болонгуут түүнийг нь хорьчихлоо. Сая Лондоны олимпод ч гэсэн бэртсэн л болохоос биш сайн барилдлаа. Энэ бол монголчууд ямар дайчин барилддагийг харуулж байна. Ноднин Мөнхбат ямар сайхан уран мэх хийж барилдаж түрүүллээ. Энэ жил түрүүлсэн Бүрэнтөгсийн хувьд бүх учраагаа нэг мэхээр давсан. Яах вэ, гурвын даваа хүртэл жаахан бэргэсэн байх. Тэгээд Мөнхбат аваргыг мордож орхиод тэр мэхээрээ давсаар байгаад түрүүлчихлээ. Даваа болгонд үзэгчдийг удаан чилээлгүй барилдсан. Харин тэнц үүхэн бөхчүүдийн хувьд удахаас өөр арга байхгүй. Дээр үед зарим бөхчүүд жилдээ ганц ирж барилддаг байсан. Харин одоо бөхийн сургуулиуд олширч, долоо хоногт 2-3 удаа таарч барилдан, нэгнийхээ барилдааныг сайн мэддэг болсон учраас барилдаан удааширдаг. Үүнийг шуурхайлахын тулд бөхийн холбооноос хугацаа заагаад, хаялцахгүй бол барьц сонгуулчихдаг. Энэ барьц сонголт ганцхан монгол бөхөд биш, чөлөөтөд хүртэл байна. Цаг дууслаа л бол шодож, хөлийг нь авахуулаад шийдэж байна. Үндэсний бөхөд анх нэг хөлийг нь авахуулдаг болгохоор ярьж байсан ч өрөөсөн хөлөө авахуулсан хүн яаж тогтох юм бэ? гээд одооны шахааны барьцыг сонгуулахаар хуульчилсан. Ер нь барьц сонгуулахад хөл авахыг оруулж болно. Ингэвэл манайхан хөлөө авахуулчихаад тогтож чадна. Саяхан л шахааны барьцыг шүүмжлээд байсан. Одоо бол бөхчүүд шахааны барьцанд тэр бүр унахаа больчихлоо. Барьцыг нь тавиулж тогтож чаддаг болсон. Энэ бол хөгжиж буйн нэг хэлбэр. Ер нь үндэсний бө- хөөр хэзээ тэгж улс, аймгийн цолтой 256 бөх барилдаж байлаа. Саяхан тал нь цэрэг барилддаг байсан. Гэтэл одоо Гиннесийн номд орох барилдаанд л гэхэд 6096 бөх ядах юмгүй цуглараад барилдсан. Хөдөө орон нутагт бөх их хөгжиж байна. Аймаг болгон бөхийн танхимтай болсон байгаа нь бөхийн холбооны удирдлагын ажилтай салшгүй холбоотой. Яах вэ, тэдэнд болохгүй байгаа юм ч байна, болж буй юм ч бишгүй л байна. Бид болж буйг нь дэмжиж болохгүй байгааг нь хэлээд явах нь зөв.

-Та 1968 оны Мехикогийн олимп болон 1970 оны Канадын Эдмонтоны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Одоо “Би ингэчихсэн бол амжилтаа арай ахиулах байж дээ” гэж бодогддог уу?

-Бодогдохоор барахгүй, одоо хүртэл гомдож явдаг. Дүрэм яагаад тийм байсан юм бол? Одооны дүрмээр барилдсан бол баараггүй түрүүлэх байсан. Би ДАШТ-д нэг ч ялагдалгүй VI байранд орж байсан. Тэр үед ямар ч байсан 6-7 оноо авчихдаг байсан. 1971 оны ДАШТ-д ялсаар явтал халаасны зургаан оноо дуусч би хасагдсан. Гэтэл надад ялагдсан нөхдүүд алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Тэгэхээр харамсалгүй яах вэ. Бидний үед таван минутаар хоёр үе, нийтдээ арван минут барилддаг байсан. Дараа нь гурван минутаар гурван үе, нийтдээ есөн минут барилддаг болсон. Тэгэхэд эхний хоёр үе барилдаад сүүлийн гурван минутад нь сүг болтлоо эцэж ядардаг байсан. Мөн оноо аваад гадаа хаячихад тохой, хөл нь гарчихлаа гээд оноо өгдөггүй байсан. Гэтэл одоо хөлийг нь аваад сүмо шиг тойргоос түлхээд гаргахад л оноо өгч байна. Хэвтээгээр ерөөсөө барилдуулахаа больж.Өмнө нь тойргоос гарвал торгуулаад хэвтээгээс барилддаг байсан. Миний ялагдалгүй VI байранд ордог барилдаан дүрмийн маш олон гажуудлыг нээж өгсөн. Одооны тамирчид ийм сайхан дүрмээр барилдаж чадахгүй эцэж ядраад байгаа нь хачин санагддаг. Бэлтгэлээ сайн хийвэл эцэхгүй байж болно. Нийтдээ гурван үе барилдлаа гэхэд зургаахан минут, бүр сайн барилдвал дөрөвхөн минут барилдана. Энэ мэтчилэн олон сайхан боломж дүрэмд буй болсон болохлоор өөрийн эрхгүй залуухан байсан ч болоосой, миний үед ийм сайхан дүрэм байхгүй яав даа гэж бодогддог.

-Тэр барилдаанаас болж FILA дүрмээ эргэцүүлж өөрчлөхөд хүргэсэн гэж үзэж болох уу?

-Тийм. Тэр орой нь л холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Намайг сэтгэл гонсгор сууж байхад Цэрэндагва багш ирээд “Чи дэлхийн бөхийн холбооны дүрмийг өөрчилчихлөө шүү дээ” гээд баяр хүргэж байсан. Үнэндээ надад юуных нь баяр байх билээ дээ. Түүхээс авч үзвэл дүрэм өөрчилсөн хүнд арай өөрөөр хан даж болох талтай юм билээ. Тухайн үед олон улсын тэмцээнд 1-36 оноо авч барилддаг, цэвэр ялалт гэж байгаагүй. Гэтэл одоо ганц оноо авч, түүнийгээ хамгаалаад дэлхийн аварга болж л байна. Тухайн үед одооны дүрмээр барилд сан бол босоогоос ганцхан ухасхийж дайрч гурван оноогоор унагаад, эргүүлээд өрсөлдөгчдөө нэг нэгээр хоёр оноо өгөөд л 3:2-оор ялчих байж. Тэр үед ийм тактикаар барилдах боломжгүй байсан. Эхний хоёр үед оноогоор илүү болсон ч маш их цуцсан хүнд тэр нь нөлөөлөлдөггүй байсан.

-Олимп, ДАШТ-ээс медаль аваад, төрийнхөө далбааг мандуулж байхад юу бодогддог вэ?

-Би хүмүүс шиг тэгж уйлж байгааг үй ээ. Шагналын тавцан дээр зогсож байхад “Эх орон, ард түмэн, аав ижий, багш нарынхаа итгэлийг алдсангүй. Монгол гэж ийм төрийн дуулалтай, тийм далбаатай ард түмэн байдаг юм. Үүнийг дэлхий дахинд харуулж чадлаа даа” гэж бодож зогсдог байсан.

-Мехикогийн олимп, Эдмонтоны ДАШТ, Улаанбаатарт бол сон Азийн АШТ-ий үеэр авсан таны ид залуу, ирлэсэн тонгорог шиг явсан үеийн тань бичлэг УГЗ Уртнасан гуайн хальсанд үлдсэн байдаг. Түүнийгээ үзнэ биз?

-Өө, үзэлгүй яахав. Залуудаа сайхан хөдөлмөрлөөд, сайн явах ч сайхан юм даа гэж бодогддог. Сая олимпийн үеэр их л гарч байна лээ. Залуу насныхаа барилдааны бичлэгийг үзэхээр хэдэн насаар залуужих шиг болдог юм. Саяхан засгаас олимп, дэлхийн медальтанд тэтгэлэг олгож байхаар боллоо. Төр, түмний буянд сайн явж байна аа.

-Наадмаар цэнгэлдэх рүү оро ход мөн сайхан байдаг байх даа?

-Залуу байхад ч “Хаяж ч, унаж ч явдаг юм” гээд тоодоггүй байж. Харин одоо наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ зүлэг ногоон дэвжээн дээгүүр алхлахдаа хотгор гүдгэрээр нь баримжаалаад “Энд би начин цол авч билээ”, “Тэнд би хальтраад уначихаж билээ”, “Энэ дэвжээ надад хишиг буянаа хайрласан даа” гээд л хуучны дурсамж тодроод байдаг юм байна. Мөн бага залуудаа барилдаж бэлтгэл сургууль хийж явсан заал танхим, төрж өссөн нутаг усандаа очоод харж байхад сайхан байдаг.

-Харин тив, дэлхийн дэвжээ гэвэл?

-Болгарт Дан Коловын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл бүгдийг нь авлаа. Сайхан нутгийн үр өгөөж юм даа. Түүнчлэн ЗХУ-ын дэвжээ надад ээлтэй байсан. Тбилисийн тэмцээнд гурван удаа оролцоод бүгдэд нь түрүүлж байсан. Мөн Мехикогийн олимп, Канадын ДАШТ-ий дэвжээ ч надад буян хишгээ хайрласан.

-Зарим бөхөд олон жилийн амжилтаар цолыг нөхөн олгодог. Жишээлбэл, завсаргүй тав үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэд арслан цол олгосон. Ахмад бөх хүний хувьд энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Арслан цол гэдэг ч тийм амар эд биш шүү дээ. Улсын наадмын үзүүр түрүүнд таван удаа таарч барилдахдаа хоёр Эрдэнэ ард түмнээ хуураагүй. Хэрэв БатЭрдэнэ байгаагүй бол Мөнх-Эрдэнэ тав дараалан түрүүлэх байсан. Миний хувьд Мөнх-Эрдэнийг бүр аваргын дайтай бөх гэж бодож явдаг. Ийм тохиолдол дэлхийд ч байдаг л даа. Дэлхийн тав, олимпийн хошой аварга Оросын домогт бөх Медведев, Болгарын Осман Брулаев хоёрыг хэлж болох юм. Тэрбээр аваргын төлөө Медведевт дандаа ялагдаж, мөнгөн медаль дээр буудаг байсан. Хожим Медведевийг зодог тайлахад “Надад өөр өрсөлдөгч байхгүй” гээд мөн бөхөө орхисон түүхтэй. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёр ч ард түмнээ хуураагүй. Олон жил унахдаа унаж, хаяхдаа хаяж явсан алдарт аваргууд.

-Дээхнэ Б.Гантогтох гарьдтай ярилцаж байхад “Би улсын наадамд гурав үзүүрлэсэн хүн. Надад арслан цол өгчихөд болохоор л байгаа юм” гэж ярьж байсан...

-Б.Гантогтохын хувьд бол арслангийн буурьтай, тэр цолоо хадгалаад сайн аваад явчих хэмжээний сайн бөх. Мөн Цэрэнпунцаг байна. Асар их бяртай, мөн л арслангийн дайны бөх. Миний хувьд гурван удаа заан болох боломж гарсан юм. Эхний удаад нь Дамдин аваргад, дараа нь Мөнхбат аваргад өвдөг шороодоод гурав дахид нь, Мөнгөн арслан Адъяатөмөр хоёрын будлиантай асуудлаас болоод би барилдах хүнгүй зогсож байтал “Мөнгөнтэй барилд” гэж тулгадаг байгаа. Барилдахгүй гээд зогсож байтал Мөнгөн намайг тахимдаж унагаад яваад өгсөн. “Намайг Дамдин аварга амлаж байхад юу гэж Мөнгөнтэй барилдах вэ” гэж маргалдаад эцэст нь хохироод хоцорч байсан удаатай.

-Тухайн үед Дамдин аварга ид үедээ байсан уу?

-Аваргын хувьд нас жаахан ахисан байсан.

-Залуудаа хөлсөө урсгаж чад вал ам авах хэмжээний өндөр цолонд хүрч, тэр хэрээр монгол бөхийн буян хишгийг хүртэх болно л гэсэн жаягтай юм аа даа?

-Яг л тэр байхгүй юу. Тэр дээд цолыг залуудаа авчихвал, олон жил сайн барилдана.

-Монгол бөхөд арал, чац хэр чухал вэ?

-Ер нь бөх, морь хоёр жижигддэгг үй гэж манай хууччуул ярьдаг даа. Талийгаач улсын начин Даваадорж байна. Мөн одоо Хөвсгөлийн Мөнхбат, Ховдын Пүрэвсайхан начин байна. Эд бол нуруу нам ч, цол аваад л улам зузаараад байна. Дамдин аварга ч тийм том байгаагүй. Маш бяртай, хоёр гар нь дийлддэггүй, учраа бөх рүүгээ хоёр гурав дайраад л хаячихдаг. Том биетэйгээрээ болдоггүйн жишээ гэвэл Оргилболд байна.

-Таны үед доод цолтнууд нь сайн бэлтгэл хийгээд хийгээд аваргуудаа хаядаггүй байсан юм биш үү?

-Дархан аваргууд үнэхээр харьшгүй хүчтэй, мундаг байж. Бид хэрэндээ бэлтгээд л бардаггүй байлаа шүү дээ.

-Ерээд оны эхээр улсын цолтой бөх аймгийн цолтонд өвдөг шорооддоггүй байсан. Харин одоо аймгийн цолтнууд арслан, заануудыг ч хазайлгах болж?

-Тэгэхээр бөхийн боловсруу лалт дутуу байна. Сураар бол элдүүр нь гүйцэд ханаагүй гэсэн үг. Дээхэн үед элдүүр нь бүрэн ханасан хойноо л цол авдаг байсан болохоор доод цолтондоо яаж унахав дээ. Арс лан Бадамсэрээжид, Эрдэнэ-Очир, Дагвасүрэн, Сосорбарам, Мижиддорж нарын малгайн залааг харахад маш олон удаа долоо давж шөвгөрч байсан хүчит арслан гэдэг харагддаг.

-Олон аваргуудтай гар зөрүүлж байсны хувиар асуухад дархан аварга цолтонтой барилдах их өөр биз?

-Тэгэлгүй яахав. Аваргууд чинь нарийн тооцоотой барилдана. Хүчийг нь хариулж барилдахгүй л бол дийлдэхгүй. Ж.Мөнхбат аварга Зундуй зааныг хоёр хүчтэй дугтрахад хамрын хоёр нүхнээс нь цус асгарч байсан. Тэгэхээр ямархуу бяртай байсан нь харагдаж байгаа юм.

-Үндэсний бөхөд зан харилцаа муутай, жудаггүй залуусыг том цолтой сайн бөх амлаж унагаагаад цол ахиулдаггүй байсан гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Тэгэлгүй яахав, муухай ааштай бөх яаж ч сайн бэлтгэл хийж, хянамгай барилдаад, дээгүүр том цолд хүрч чадахгүй. Түүнийг гурван сайн бөх амлалаа гэж бодоход хоёрыг нь өвдөг шороо дуулаад, гурав дахьтай барилдах ямар ч тамиргүй болоод л унана шүү дээ.

-Залуусын хувьд хоёр Мөнхийн барилдааныг үзэж байгаагүй. Миний бодлоор бие бялдар, арал чац, бяр хүч тэнцүү учир тэр хоёрын барилдаан тэдний хооронд цэвэр ухааны тулаан болдог байсан байх даа гэж санагддаг.

-Чухам тийм шүү. Тэр хоёрын хүч тэн цүү. Баянмөнх аваргын хувьд бол арай чацархуу, Мөнхбат аварга болохоор, зузаан хав дөрвөлжин биетэй, тэр хоёрын толгойд шатрын нүүдэл шиг л юм явж байдаг учир, тэр өдөр хэн одтой, хэн хүч, тэнхээ илүү нь давдаг байсан юм.

-Бөх хүнд мэдрэмж чухал. Ер нь учраа бөх тань юу хийх гээд байгаа нь мэдрэгдэнэ биз?

-Ялангуяа хүч тэнцүүхэн бөхчүүдийн хувьд мэдрэмж маш чухал. Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, А.Сүхбат, Б.Ганбат нарыг хоёр хоёроороо таарчихаад нь “Хэн нь хаях бол доо” гэж өмнөөс нь халширмаар байдаг сан. Тэд ч хоорондоо таарахаараа халгацгаагаад л.

-Сайн барилдахад удам заавал шаардлагатай юу?

-Нэг их бөхийн удамгүй сайхан барилдаж буй залуучууд байдаг. Гэхдээ ихэнх том цолтнууд удам дагасан байдаг юм. Нэг үед тасарлаа гэхэд, дараагийн үед нь гараад ирдэг.

-Тамирчин хүнд од хийморь, онгод орох гэж үнэхээр байдаг юм уу?

-Энэ зурхайтай холбоотой. Хүн долоон хоногийн нэг өдөр муу, нэг өдөр сайн, бусад өдөр нь тэгш байдаг байна. Үүнийг япончууд маш сайн тооцоолж хэрэгжүүлж байна. Ухаандаа 2012 оны наймдугаар сарын тэдний өдөр, тэр бөхийн хувьд амжилт гаргаж болох өдөр байна гэж урьдаар тооцоолж, тамирчнаа сонгох жишээтэй. Үүнийг монголчууд мэддэг байж хэрэглэдэггүй, шашин гэж үгүйсгэдэг. Хүнд ажил нь бүтэмжтэй, мандан бадардаг нэг өдөр, хийморь нь уландаа хүртэл доошилдог нөгөө өдөр гэж байдаг байна. Тэгэхээр од хийморь гэж зайлшгүй байдаг.

-Үндэсний бөхөөр дээд цолонд хүрч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээчихээд мөнгөөр цол наймаалцаж үзэгчдээ хуурч байна. Энэ талаарх таны бодол?

-Энэ нь одоогийн нийгэмтэй хол боотой. Төр засагт үүнийг зохицуулах бодлого алга, бөхчүүд гэлтгүй бүгд л дээр дооргүй мөнгө бодож байна. Цөм орон байр, унаа машинаараа өрсөлдөөд л. Түрүүлсэн морийг хоёр зуун саяын жийпээр байлсан хэрнээ бичсэн номоо хэвлүүлэх гэсэн зохиолчид мөнгө олдохгүй байна. Харин бидний үед мөнгөний шуналтай бөх байсангүй. Сайхан барилдаж ард түмнээ баясгая, тэр мөнгө төгрөг ямар хамаатай юм бэ? гэж боддог байж.

-Та том хүү Д.Амгаабазарыгаа яагаад барилдуулаагүй юм бэ. Хүү тань өөрөө сонирхохгүй байсан юм уу?

-Уг нь өөрөө багадаа сонирхож байсан юм. Би хөлд нь жаахан тамир сууг гээд хөл бөм бөг рүү оруулсан. Гэтэл багш нь волейбол руу оруулчихсан. Тэгэхээр нь, “За миний хүү хоёр жил үүгээрээ хичээллээд, эргээд бөх рүүгээ орно шүү” гэтэл “За” л гэж байсан юм. Уг нь миний хүү сүрхий мэхтэй. Тэгээд би Дамдин аваргын секцэнд орууллаа. Даанч дугуйлан нь тогтмол хичээллэхгүй тасалдаад, нөгөө хүүхдүүд нь тарж гүйлдээд, манай хүү ч эргээд волейболдоо орчихсон юм. Ээж нь залуудаа волейбол тоглож байсан нь нөлөөлсөн юм болов уу. Хөлбөмбөгөөр эхэлж хичээллэсэн болохлоороо хөлийн тамир сайтай болчихсон. Гар бөмбөгөөр хаанаас л бол хаанаас бөмбөг татаад оруулчихна. Бүр Спортын төв ордны хашлаган дээр гүйж гараад л бөмбөгийг татаад оруулчихна. Үүгээрээ яах вэ, чамгүй сайн амжилт гаргаж, ОУХМ боллоо. Уг нь чөлөөт бөхөөр их сайн барилдаж байсан. Ер нь хүүхдийг өөрийнх нь дурлаж сонирхсон юмаар явуулах нь зүйтэй гэж би боддог. Түүнээс биш сонирхолгүй юманд нь албадаж оруулбал хэзээ ч амжилт гаргахгүй ээ.

-Таны ач зээ нараас бөх сонирхож буй хүүхэд байна уу?

-Амгаагийн хоёр хүү бий. Том нь оюутан. Нэг их бөх сонирхохгүй байна. Бага нь жаахан, бага ангийн сурагч. Харин Америкт магистрантурт сурч байгаа нэг хүү бий. Тэр маань шатар, ширээний теннис хоёрт сайн. Ялангуяа шатраар бол томчуудтай л үзнэ шүү дээ. Сургуулиа төгсөөд ирэхээр нь шатраар тууштай хичээллүүлье гэж бодож байгаа.

-Чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааны талаар саналаа хуваалцаач?

-Холбооны удирдлагын ажил буруу байна. Уг нь хэдэн жилийн өмнө овоо сайхан болж байснаа, буцаад тарчихлаа. Энэ спортод хэтэрхий олон дасгалжуулагч байна. Тэр олон клубт хичээллэж байгаа сайн сайн хүүхдүүдийг нэгтгэж чаддаг ерөнхий дасгалжуулагч хэрэгтэй. Түүний доор хүчний, мэхний, сэтгэлзүйн гэх мэт олон төрлийн дасгалжуулагч байж болно. Харин ерөнхий дасгалжуулагч хүн 21 аймгаас ирж буй хүүхдүүдийн дундаас, шударгаар хамгийн сайнуудыг нь тодруулж, ОУТ-д явуулж байж амжилт гаргана. Хэрвээ танил тал найз нөхдийн байдлаар асуудалд хандвал хэзээ ч урагшлахгүй. Саяын олимпод Насанбурмаагийн авсан эрхээр Батцэцэгийг явуулсан нь зөв болсон. Тэгэхдээ тэр том наадмын эрхийг авсан Насанбурмааг адилхан шагнаж урамшуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол залуу хүүхэд гомдож, цаашдын амжилтад муугаар нөлөөлж болно. Сая ерөнхийлөгчийн зарлигаар олимпоос хүрэл медаль авсан хүнд насан туршид нь хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Тамирчин хүний урмыг бодох нь маш чухал. Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар чөлөөтийн шигшээгийнхний бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг үнэхээр сайхан хангаж өгсөн. Гэтэл бөхчүүд маань олигтой амжилт гаргасангүй.

-Одоогийн шигшээ багийн тамирчид Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга, З.Ойдов гуай, Ч.Дамдиншарав гуай болон тан дээр ирж зөвлөгөө авдаг уу?

-Үгүй ээ, ерөөсөө ирдэггүй. “Хөгшин зөнө- гөөс юугаа асуух вэ” гэж боддог байлгүй. -Та одоогийн хүүхэд залуусын ихээхэн сэтгэл дундуур явдаг юм аа даа? -Одоогийн залууст ичих нүүр гэж үнэн дээ алга. Уг нь ахмад хүний дэргэд ярих, ярихгүй юм гэж байдаг. Зурагт, радио үзэж суухад сонин сонин юм сонсогдох болж. Төрийн түшээд нь ордондоо зодолдох жишээтэй. Тэрийг нь харсан нэгдүгээр ангийн хүүхэд ангийнхаа даргыг барьж аваад цохино шүү дээ. Өнөөдөр нэг нэгэндээ тусалдаг хүн алга болж, бидний үед саахалт айлынхаа адууг хураагаад, алдуурсан морийг нь хөтлөөд ирдэг, настай өвгөн манайд хонолоо гэхэд л орой морийг нь аргамжаад, өглөө авчирч эмээллээд өгдөг байсан. Тэглээ гээд мөнгө төгрөг өгдөггүй, авдаггүй, их л сайндаа “Тэдний хүү тусархуу сайн хүү байна лээ” гэж ярьдаг байсан.

-Хилийн чанадад явж байхад хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн улс аль нь вэ?

-Болгар их сайхан орон санагдсан. Агаар, ус, чихэр жимс сайтай. Хүн ардынх нь зан харилцаа ч таатай. Орос зарим газартаа дажгүй, заримдаа таагүй санагдсан. Өнгөцхөн ороод гарч байгаа хүнд Америк дэндүү сайхан, харин удахаар их гүрний дээрэнгүй үзэл нь мэдрэгдээд хэцүү, Турк, Иран, Афганистан хатуу ёс журам, шашинтай болохоор нэг их удаад байхааргүй. Канад, Швед орон бол таатай. Япон анх очиж буй хүнд аятайхан боловч бас ч нэг их дүүрэн биш ээ. Хятадыг бол бид бүгдээрээ мэдэх хойно. Энэтхэг бас л хэцүү. Сайхан газраа сайхан,”Үүн шиг жаргал хаа байх вэ” гэмээр. Азербайжан, Аргентин их л үймээнтэй газар байсан даа тэр үед. Румын, Унгарт их хэцүү, нэг л юм болбол сүржигнээд л. Ер нь Болгар л нам гүм сайхан санагдаж байсан.

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

П.БАТ-ЭРДЭНЭ

мидлро 112.72.9.68 2014 оны 05 сарын 16 18:46 Хариулах
Вишневсков багш биш ээ, Гостинищков гэдэг юм аа
Амараа 69.136.5.61 2012 оны 12 сарын 22 12:38 Хариулах
багш шируун сураар ороолгоноо
tamiraa 103.10.21.219 2012 оны 12 сарын 19 12:38 Хариулах
saihan mongol er hun dee
ooo 202.55.191.35 2012 оны 12 сарын 18 12:47 Хариулах
uookkkkooooooooooo
ZOLO 82.25.91.160 2012 оны 12 сарын 18 05:28 Хариулах
Axdaa az jargal xysey. Zoloo Anglias
Burgedee 76.94.131.141 2012 оны 12 сарын 18 00:59 Хариулах
Nogoon Sereeter guai ch boh tailbarlahdaa ch sain da yag l barildaaniig ni heleed baidag yum. Tand az jargal husiye
çî÷èí 122.201.18*** 2012 оны 12 сарын 18 00:31 Хариулах
Í.Ýíõáàÿð.Ìîíãîë÷óóä ýâòýé áàéõäàà õ¿÷òýé.׺뺺òèéíõºí õýð¿¿ëèéí áóçàð áîë÷èõñîí õ¿ì¿¿ñ.Õàð áàÿíìºíõººñ ýõòýé þì äàà.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/
My name is

Аваргуудын лигийн финал, 2010 оны Европа лигийн шигшээ тулаануудыг шүүж

Дэлгэрэнгүй