Давид Лау: Дууны хөвч, хөвчийн мэдрэлжүүлэлт, ходоодны хүчил ихсэлтэй холбоотойгоор дууны өнгө өөрчлөгддөг

   Сингапур улсын Раффлес эмнэлгийн Чих Хамар Хоолойн мэс заслын эмч  Давид Лаутай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа ирж байгаа бөгөөд чих хамар хоолойн мэс заслын эмчээр 1995 оноос хойш ажиллаж буй туршлагатай эмч.

-Таны Монголд ирсэн зорилго тань юу вэ?

- Монгол  хүний  Чих хамар хоолойн /ЧХХ/ өвчлөлийн  тохиолдолтой танилцах, олон нийтэд зориулж лекц унших, мөн монгол эмч нартай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллахаар ирсэн. 

-Та  богино хугацаанд ирээд үзлэг хийж, шинжилгээний  хариу дээр нь үндэслэн зөвлөгөө өгсөн гэсэн.  Монгол болон Сингапур хүмүүсийн  хооронд өвчлөлийн ямар нэгэн ялгаа ажиглагдсан болов уу?

-Ерөнхийдөө  ЧХХ-н  үндсэн суурь асуудал, эмгэгийн хувьд  адилхан боловч Монголын эрс тэс ялангуяа хуурай агаартай холбоотойгоор хамар битүүрэх,  хүүхдэд халдварын гаралтай ЧХХ-н өвчлөл элбэг юм шиг санагдлаа. Мөн манай улсад  тэр бүр тааралдаад байдаггүй  үе мөчний үрэвсэл хэрх өвчний талаар ямар эмчилгээ байдаг талаар асууж байсан. 

-Ер нь чих хамар хоолойн өвчин нь хэр аюултай  вэ. Хүндрэл хэр их тохиолдох уу? 

-Өвчнийг эмчлэхгүй орхисон тохиолдолд хүндэрч аюултай үр дагаварт хүрч болно.   ЧХХ-н  ихэнх  үрэвсэл  тодорхой хэмжээгээр өөрөө аяндаа эдгэрэх боломжтой байдаг.  Харин дайвар хөндий, гүйлсэн булчирхайн  үрэвсэл нь эмчилгээ заавал шаарддаг, хавдар болж хүндрэх ч тохиолдол байдаг. 

-Чихний сонсгол буурсан эсвэл дүлийрсэн үед ямар эмчилгээ хийдэг вэ. Тодруулбал хамгийн орчин үеийн эмчилгээ?

-Сонсгол бууралт, дүлийрэлтийг үүсгэдэг олон шалтгаан бий.  Дүлийрэлтэд хүргэдэг зарим эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.  Архаг халдвараас болж  сонсгол буурдаг бөгөөд эрт үед нь цаг алдалгүй эмчилвэл дүлийрэлтэд хүрэхгүй.  Харин архагшаад хүндэрсэн үед мэс засал, эмчилгээ шаардлагатай болдог, цаашлаад идээлж  үрэвсэн дунд, дотор чихний идээг нээж гадагшлуулах, хэрэв сонсголын механизм гэмтсэн буюу хэнгэрэг цоорсон тохиолдолд   хэнгэрэг нөхөх мэс засал хийнэ.   Нас ахихтай холбоотой үүссэн сонсгол бууралтын үед сонсголын аппаратын тусламжтай сонсголыг сэргээх, сайжруулах боломжтой.   Сонсголын аппаратын  хувьд энгийнээс эхлээд дижитал гээд  олон сонголттой.  Аппаратыг чихний  дэлбэнгийн ард  эсвэл дотор талд нь суулгаж болно. 

  -Хэнгэрэг нөхөх мэс засал болгон амжилттай болдог уу, үр дүнгийн хувьд?

-Хэнгэрэг нөхөх мэс засал нь  ЧХХ-н энгийн мэс засалд тооцогддог.  Цоорхойн хэмжээнээс хамаараад  70-80 хувийн үр дүнтэй байдаг.  Хэрэв хэнгэрэгээс цааш дунд чих гэмтсэн тохиолдолд  хэнгэрэг нөхсөн ч сонсгол сайжрахгүй байж болно. 

-Хоолойн махны талаар асуух гэсэн юм.   Хоолойн махыг авах  нь сайн, бас муу гэх хоёр янзын яриа бий. Хоолойны махыг мөн дархлааны эрхтэн ч гэдэг?

-Хэрэв хоолойны мах буюу гүйлсэн булчирхайг авах заалт үүссэн бол авхуулах нь зөв. Жишээ нь,  гүйлсэн булчирхайн үрэвслээс болоод  дахилт бүхий чихний  үрэвсэл, буглаа үүсэх  эсвэл хэмжээ нь томроод унтах үед амьсгалд саад учрах ялангуяа амьсгал тасалдах  зовиур илэрч байвал авхуулах нь илүү дээр юм.  Гүйлсэн булчирхай нь дархлааны үүрэг гүйцэтгэдэг эрхтэн мөн  боловч түүнийг авлаа гээд дархлаа дутмагшил үүсэхгүй. Учир нь хүний бие дасан зохицох чадвартай.  Давуу тал болон  эрсдэлтэй талыг сайтар харьцуулж үзэх  нь зөв бөгөөд хэрэв зовиур бага, асуудал ноцтой биш бол мэдээж авхуулахгүй хадгалж үлдэх нь дээр шүү дээ. 

-Хоолой хөндүүрлэсэн, өвдсөн үед эмчид үзүүлэхгүй яваад байвал ямар муу үр дагавартай вэ?

-Хоолой хөндүүрлэж өвдөх нь олон шалтгаантай байж болно.  Ихэвчлэн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой энгийн вирусын халдвараас шалтгаалсан байдаг. Бидний  бие махбодь  тодорхой хэмжээнд өөрийгөө эдгээх чадвартай. Хэрэв хоолойн хөндүүр 2-3 хоногоос дээрдэхгүй, улам нэмэгдэх эсвэл өөр зовиур илэрсэн тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй.  Мөн мөөнгөнцрийн халдвар, агаарын бохирдол,  ходоодны хүчил ихсэх зэрэг нь  хоолой хөндүүрлэх шалтгаан болдог.  

-Танд үзүүлж зөвлөгөө авсан хүмүүсийн дотор яаралтай Сингапурт очиж эмчилгээ авах шаардлагатай хүн байв уу?

-ЧХХ-н эмгэгийн дотор яаралтай эмчилгээ хэрэгтэй цөөн хэдэн тохиолдол байдаг. Зөвлөгөө өгсөн хүмүүсээс зайлшгүй шаардлагатай хүн гараагүй.  Ихэвчлэн хорт хавдрын үед яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Гэхдээ яаралтай биш боловч цаг алдалгүй ойрын үед эмчлүүлэх хэрэгтэй тохиолдол цөөнгүй байсан.  

-Шүлсний булчирхайн эмгэгийн талаар та тодруулж өгөөч?

-Шүлсний булчирхайн эмгэг, түүн дотроо элбэг тохиодох гурван гол эмгэг бий. Нэгдүгээрт, шүлсний булчирхайн хавдар, хоёрдугаарт, шүлсний булчирхай томорч нүүрний мэдрэлд хэт ойртох, гуравдугаарт шүлсний булчирхай бөглөрөх. Бөглөрсөн үед халдвар орон үрэвсэж, идээлэх аюултай тул цаг алдалгүй  эмчлэх, идээлсэн үед мэс засал эмчилгээ хийдэг. 

-Хүний дууны өнгө яагаад өөрчлөгддөг юм бол?  Бамбай булчирхай авах мэс заслын дараа дууны өнгө өөрчлөгдсөн хүнтэй  тааралдаж байсан.

-Олон шалтгаанаас  болж  дууны өнгө өөрчлөгдөж болдог.  Жишээ нь, дууны хөвч, дууны хөвчийн мэдрэлжүүлэлт гэмтэх, хоол боловсруулах замын эмгэг, ялангуяа цээж гашуу  оргихтой холбоотой.   Бамбай булчирхайн мэс заслын дараа дууны  өнгө өөрчлөгдөх нь ихэвчлэн бамбайн ойролцоох мэдрэл гэмтсэнтэй холбоотой. Ийм үед сэргээх мэс засал хийх хэрэгтэй. 

-Сүүлийн үед манайд хамрын харшил  маш элбэг болж байна. Харшил дөнгөж эхлэж байгаа болон   харшилтай болоод  удаж байгаа,  олон жил хамар нь битүүрсэн хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?  

-Хамрын харшил ихэвчлэн тоос шорооноос үүдэлтэй байдаг.  Эмчилгээг  харшил эхэлж буй үед хамгийн энгийн аргаас эхэлнэ. Тухайн харшил үүсгэж байгаа зүйлээс аль болох хол байх, хамар битүүрэх үед даавартай хамрын цацлага хэрэглэж, эм уух.  Эмийн эмчилгээ  үр дүнгүй эсвэл удаан хугацаагаар эм хэрэглэх дургүй байгаа хүмүүст мэс засал эмчилгээ  санал болгодог. Хөөж зузаараад байгаа хамрын салстын хөвсгөр  эдийг  радио давтамжит долгионоор   түлж, жижигрүүлдэг мэс засал хийдэг. Уг мэс заслыг эмнэлэгт хэвтэлгүйгээр амбулаторид хийлгэх боломжтой.  Мөн хамрын хөвсгөр эдийг мэс заслаар авдаг. Үүнээс гадна харшил үүсгэгчийг нарийн тодорхойлсон үед дархлаа эмчилгээ хийдэг.

-Зарим хүн ядрахаараа их хурхирдаг.  Ер нь хурхирах  өвчин  үү?

-Жинхэнэ хурхирах нь өвчин биш  боловч хурхирах нь хажуу дахь хүндээ хэцүү байдаг.  Хурхирч байгаад амьсгал тасалдалт үүсвэл энэ нь эмгэг бөгөөд  хэрэв амьсгал тасалдсанаас цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч тодорхой хэмжээнд хүрэхэд  тархи, зүрх, уушгинд муугаар нөлөөлдөг.   Хурхиралт нь зөөлөн эдийн чичиргээнээс /фибраци/ үүсдэг. Их ядрах эсвэл архи уусан үед илүү хурхирдаг нь булчин сайн суларсанаас илүү их  чичиргээ үүсдэгтэй холбоотой. 

-Эрэгтэй хүнд төвөнх байхад эмэгтэй хүнд яагаад байдаггүй юм бэ?

-Энэ нь дууны хөвчийн хэлбэр дүрстэй холбоотой. Эрэгтэй эмэгтэй хүмүүст дууны хөвчөөс гадна биеийн олон ялгаатай хэсгүүд байдагтай адилхан.  Эрэгтэй хүний төвөнх нь дууны өнгийг илүү гүнзгий  баргил болгодог.

-Танд манай уншигчдад хандаж хэлэх зүйл байна уу?

-Монгол хүүхдийн дунд ЧХХ өвчлөл элбэг  юм шиг санагдсан. Үүнээс сэргийлэхийн тулд аль болох дулаан байх.  Ходоод, улаан хоолойн сөөргөөтэй холбоотой хоолой хөндүүрлэж өвдөж болдог тул хоол хүнсээ анхаарч тохируулж хэрэглэх, халуун ногоо, тослог ихтэй хоолноос зайлсхийх. Хоолны дэглэм бариад зовиур хэвээр байвал эмчид  хандах  хэрэгтэй. Түүнчлэн хамрын хөндийд хавдар үүсгэдэг Эбстэйн  Барр вирусын шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

Нар 202.179.20*** 2013 оны 10 сарын 09 22:19 Хариулах
Сайн байна уу.Миний хүү одоо 4 настай.2 нас гарантайгаасаа хоолой нь сөөсөн.Одоо уйлахаараа бүүр их сөөчих юм.Энэ талаар ямар эмчээс зөвөлгөө авах вэ.Зөвөлгөө өгнө үү.
Erko_shu@yahoo.com 182.160.43*** 2013 оны 08 сарын 03 13:04 Хариулах
Сайн байна уу.Уншаад маш их баярлала. Миний хоолой сөөж маш олон жил явсан. Хоолойны хөвчийн саажилттай. Монголд эмчилдэггүй гэдэг. Энэ Сингафураас ирсэн эмчид үзүүлмээр байна. Аль эмнэлэг дээр байгаа вэ? Холбоо барих боломж байна уу! Please.
Цээгий 182.160.43*** 2013 оны 08 сарын 03 12:58 Хариулах
Энэ мэдээллийг уншаад маш их баярлалаа. Миний хоолой сөөж маш олон жил явсан. Эмчид үзүүлэхэд хоолойны хөвчийн саажилттай байна. Монголд эмчилэх аргагүй гэсэн. Сингафур улсаас ирсэн энэ эмчид үзүүлмээр байна. Аль эмнэлэг дээр очих вэ? Хариу өгөөч please.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/